NBA-д нэгэн аравныг эзэгнэсэн “Хариулт” зодог тайллаа

Хуучирсан мэдээ: 2013.11.16-нд нийтлэгдсэн

NBA-д нэгэн аравныг эзэгнэсэн “Хариулт” зодог тайллаа

NBA-гийн сүүлийн 20 жилийн түүхэнд нэрээ үлдээсэн шилдэг сагсан бөмбөгч Аллен Айверсон өөрийнх нь амьдралын утга учир болсон сагсан бөмбөгөөсөө албан ёсоор зодог тайллаа. Түүний зодог тайлах ёслол өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 31-нд “Филадельфи Сиксерс” “Майами Хит” багийн тоглолтын үеэр болж, олон мянган шүтэн бишрэгчид нь хүндэтгэл үзүүллээ. “Филадельфи” багийн удирдлага түүний гурав дугаарыг ирэх оны гуравдугаар сарын 1-нд “Wells Fargo Center”-т мөнхлөхөөр болсон юм.
1990-ээд оны дунд үеэс NBA-д супер од мэндэлсэн нь АНУ-ын Виржиниа мужийн Хэмптон хотоос гаралтай Аллен Айверсон байв. Тэрбээр 1975 оны зургадугаар сарын 7-нд төрсөн. Түүний ээж Анн Айверсон хүүгээ 15 настайдаа төрүүлжээ. Айверсон таван настайдаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж, Хэмптоны “Bethel” дунд сургуулийг дүүргэж, улмаар 1994 онд NBA-гийн шилдэг төвийн тоглогч Патрик Юунг, Алонзо Моурнинг, Дикембе Мутомбо нарыг бэлтгэн гаргасан “Жоржтаун”-ы их сургуульд элссэн. Их сургуульд гурван жил хүчин зүтгэхдээ багийн гол тархи болж чадсан. Ялангуяа сагсан бөмбөгийн дэлхийн хамгийн шилдэг лигт элсэхийн өмнөх жил NCAA-гийн бүх гол шагналыг хамсан бөгөөд тухайн улиралд 22.8 оноо дундчилжээ. Айверсон 1996 оны хавар NBA-д элсэх болсноо зарлалаа. Тухайн жилийн драфтыг NBA-гийн түүхэн дэх хамгийн шилдэг драфтуудын нэг хэмээн сагсан бөмбөгийн тоймчид үздэг. 1996 онд ирээдүйн NBA-гийн супер одууд болох Коби Брайант, Стив Нэш, Рэй Аллен Стефан Марбери, Энтони Уолкер, Жермэйн О`Нил, Бен Уоллес, Маркус Кэмби, Шариф Абдул Рахим нарын шилдэг тоглогчид драфтаас NBA-д хөл тавьсан юм. Нью-Жерси мужийн Ист-Ратерфорд хотод драфтын сугалаанд өмнөх улиралд нь 18 ялж, 64 удаа хожигдож, багийнхаа анти рекордыг тогтоосон “Филадельфи Сиксерс” багийн удирдлага тэргүүн сонголтоор “Жоржтаун”-ы их сургуулийн 183 см өндөртэй хамгаалагч Айверсонг ямар ч эргэлзээгээр авсан юм. Түүний хувьд NBA-д тоглосон эхний улиралдаа нэг тоглолтод дунджаар 23.5 оноо авч, 4.1 удаа самбараас бөмбөг авч, 7.5 дамжуулалт өгчээ. Тэр улиралд баг нь 22-60 гэсэн тааруухан амжилтыг үзүүлсэн ч Айверсон NBA-гийн шилдэг шинэ тоглогчийн шагналыг өрсөлдөгчгүйгээр гардсан юм. Үүнээс хойш тэрбээр сагсан бөмбөг сонирхогчдод гайхамшигтай тоглолтоор бэлэг барьсаар ирсэн бөгөөд гурав дахь жилдээ буюу 1998-1999 оны улиралд 26.8 оноо цуглуулж, ҮСБХ-ны онооны лидерээр тодров. 1999 оны зун багийн удирдлага нь түүнтэй долоон жилийн 70 сая ам.долларын шинэ гэрээ үзэглэлээ. Энэхүү гэрээ нь тухайн үед тун үнэтэй гэрээ болж байв. Дараа жил нь Айверсон ба түүний нөхдийн амжилт илт өсч, 49-33 гэсэн амжилттай улирлыг үдэж, алдарт Чарльз Барклигийн үеэс хойш анх удаа плей-оффын бараа харсан юм. Баг нь 2000 оны плей-оффын эхний шатанд “Шарлотт Хорнетс”-ийг 3:1-ээр буулган авсан ч дараагийн даваанд байрлал бүртээ шилдэг бүрэлдэхүүнтэй байсан “Индиана Пейсерс”-т 2:4-оор хожигдлоо.

Дараа жил нь түүний амьдралын хамгийн мартагдашгүй улирал болсон. Айверсон тухайн улиралд “Бүх оддын тоглолт”-ын MVP-гээр тодорч, улирлын мэргэн бууч (31.1 оноо) болсноос гадна NBA-гийн хамгийн нэр хүндтэй шагнал “Үнэ цэнэтэй тоглогч”-оор шалгаран бүх гол шагналыг хамсан.

Баг нь улирлын тоглолтыг 56 ялалт, 26 хожигдолтой дуусгаж, түүхэн амжилтаа тогтоолоо. “Дорнод” бүсийн улирлын аварга “Филадельфи” плей-оффын эхний шатанд өмнөх жил нь тэднийг гомдоосон “Индиана”-г 3:1-ээр дараа нь “Нисдэг Канад” хочит Винс Картераар ахлуулсан “Торонто Рэпторз”-ын 4:3-аар бүсийн аваргын төлөө Рэй Аллен, Сэм Кассель, Глен Робинсон нарын гурвалттай “Милуоки Бакс”-ыг мөн 4:3-аар буулган авснаар “Дорнод”-ын аварга болсон. Харин Ларри О`Брайений цомын төлөө өмнөх улирлын аварга “Лос-Анжелес Лейкерс”-т 1:4-өөр хожигдлоо. Айверсон ба түүний нөхөд аваргын төлөөх цувралын эхний тоглолтод “Нуурнууд”-ыг “Стэплес центер”-т нь 107:101-ээр ялалт байгуулсан ч удаах дөрвөн тулаанд хүчирхэг “Лейкерс”-т хожигдсон юм. Тэрбээр тийм ч хүчтэй биш бүрэлдэхүүнтэй “Филадельфи”-г бэртлээ үл хайхран ганцаараа чирсээр NBA-гийн аваргын төлөө өрсөлдүүлсэн юм. Үүнээс хойш NBA-гийн тоймчид, мэргэжилтнүүд түүнийг насан туршид дагаж явах учиртай “Хариулт” хочийг хайрласан юм.

Тэрбээр 2001-2002 оны улиралд мөн онооны лидер болсон бөгөөд баг нь 43-39 гэсэн амжилттай улирлыг дуусгалаа. Тэд плей-оффт зургадугаар байраар шалгарсан ч эхний шатанд “Бостон Селтикс”-т 2:3-аар хожигджээ. “Филадельфи”-гийн хамгаалалтын ноён нуруу болсон “Ноён цоож” хочит төвийн тоглогч Дикембе Мутомбо тэр жилийн зун “Нью-Жерси Нетс”-ийг зорьсоноор амжилт буурч эхэлсэн.

Харин 2003-2006 оноос хойш Айверсоны баг плей-оффт тогтмол шалгардаг ч эхний шатнаас мултардаг боллоо. Зөвхөн түүний хувийн тоглолтын ачаар “Филадельфи” плей-оффт шалгардаг байсан нь нууц биш. Тэгээд ч 2003 онд ерөнхий дасгалжуулагч Ларри Браун багаа орхисноор тэдний амжилт уруудах бас нэгэн том шалтгаан болсон.

2006 оны арванхоёрдугаар сарын 19-нд “Филадельфи” багийн удирдлага тун эрсдэлтэй алхам хийж, түүнийг “Өрнөд”-ийн “Денвер Наггетс”-т өгч, хариуд нь Андре Миллер, Жо Смит, 2007 оны драфтын эхний сонголтын эрхийг авсан юм.

Үүнээс ердөө дөр­вөн хоногийн дараа Айверсон харих болоо­гүйгээ харуулан шинэ багийн төлөө анхны тоглолтоо хийж, “Сакраменто Кингз”-ийн эсрэг 22 оноо авч, 10 дамжуулалт өглөө. “Шижир алтнууд”-ын “шинэ од” Кармело Энтонитой тун аюултай хослолыг бий болгосон ч мөн л плей-оффын эхний шатнаас хэтэрдэггүй байв. Харин 2008 оны арваннэгдүгээр сарын 3-нд “Детройт Пистонс” “Денвер Наггетс”-ийн багийн хооронд нэгэн супер солилцоо болж, Айверсонг “Муу залуус” авч, хариуд нь Чонси Биллапс, Антонио Макдайэс нарыг Колорадо хотын багийг зорилоо. Энэ солилцоо “Денвер”-т ашигтай туссан бол “Детройт”-ын хамгийн муу солилцоо болсон юм. Түүний хувьд ч энд ирснээр амжилт уруудаж, урьдын шилдэг тоглолтоо үзүүлэхээ больсон. “Бүлүүрүүд”-д жил гаран хугацаа тоглоод “Мемфис Гриззлис”-тэй гэрээ байгуулж, ердөө гурван тоглолтод оролцож төрхөмдөө буцчээ. Хуучин багт нь энэ үед түүний туслалцаа хэрэггүй болсон байлаа. Нэгэнт “Филадельфи”-д багтах зайгүй болсон тэрбээр өөрийн хүсэлтээр багаа орхихоор шийдсэн. Хэсэг гэртээ хийх юмгүй суусан Айверсонд NBA-гийн багууд санал тавихаа байгаад байсан хүнд үед Туркийн “Бешикташ” баг түүнд өөрийгөө дахин нээх боломж олгож, хоёр жилийн дөрвөн сая ам.долларын гэрээ байгуулав. “Хариулт”-ыг элсүүлсэн Туркийн багийн нэр хүнд ч буурал тивд өссөн. Гэсэн ч “Сурсан юмыг сураар боож болохгүй” гэгчийн үлгэрээр түүний Стамбул дахь тансаг амьдрал хоёр сарын настай байж, тэрбээр өөрийн хүсэлтээр гэрээгээ цуцаллаа. Гэхдээ Айверсонд энэ шийдвэрийг гаргахад шагайны бэртэл нь нөлөөлсөн юм. Гэртээ ирсэн 35 настай түүний ур чадварт NBA-гийн багууд аль хэдийнээ итгэхээ больж, санал тавихаа больсон юм. Харин энэ хооронд тэрбээр мөрийтэй тоглоомонд донтож, өрөндөө баригдаж, өөрийн эзэмшлийн машин, байшингаа зарсан. Түүнчлэн 20-иод жил хамтдаа амьдарсан таван хүүхдийнх нь эх Тавана Айверсон түүнээс салах шийдвэрээ шүүхэд өгчээ. Нэгэнт урьдын шилдэг тоглолтоо үзүүлэх боломжгүй болсон “Хариулт” өнгөрсөн долоо хоногт сагсан бөм­бөгөө­сөө албан ёсоор зодог тайллаа.

Б.БАТ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж