АНУ, Хятадын дарга нарыг хол хаяжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.16-нд нийтлэгдсэн

АНУ, Хятадын дарга нарыг хол хаяжээ

Ард түмэн ядуу болохоороо баячуудыг УИХ-д сонгоод байна уу аль эсвэл улс төрийн намууд бизнесмэнүүдэд үүд хаалгаа дэлгэж, хөөрхийсийг сонголтгүй болгоод байна уу. Хүмүүсээс энэ талаар асуувал ихэнх нь “Аль аль нь л байгаа” гэж хариулах байх.

Тэгвэл mining.com цахим хуудсанд гарсан нэгэн мэдээлэл энэ асуултын хариултыг бараг л өгчих шиг болов. Улс оронд баян хоосны ялгаа их, дундаж давхаргынхан бага байх тусмаа улстөрчдийн хөрөнгө их байдаг юм байна. Энэ зарчим тухайн улс оронд тогтож буй улс төрийн байгууллаас хамаардаггүй ажээ.

АНУ-ын Конгрессийн 450, Сенатын 100 гишүүний дундаж орлого өнгөрсөн жил 440 000 ам.доллар байжээ. Энэ нь дундаж амьдралтай америк гэр бүлийн орлогоос даруй зургаа дахин их гэсэн үг аж.

Сенат, Конгрессийн хамгийн баян 50 гишүүний банкны хадгаламжийг нийлүүлэхэд тэрбум 600 сая ам.доллар болж байжээ. Энэ бол маш их тоо, гэхдээ Азийн зарим орныг бодвол задгай мөнгө л гэсэн үг. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын хамгийн баян 50 гишүүний хөрөнгө нийлээд 94 тэрбум 700 сая ам.доллар болж байна гэнэ.

Хятадын улстөрчдийн хөрөнгийг бүртгэдэг /манай­хаар ХОМ бололтой/ Hurun Rich List жагсаалтад ийм мэдээлэл орсон байсан гэж бичсэн байв. Гэхдээ хууль сахиулагчдын хөрөнгийн хэм­жээ­гээрээ зохиогчийг хамгийн их гайхуулсан улс нь Монгол Улс болж таарчээ.

Манай хууль сахиулагчид 2007 оноос өмнө бол орлогоо нуун дарагдуулж болдог, өөрөөр хэлбэл тэрбумтан гишүүд элэгдсэн костюм өмсч, эксел унаад туугаад байхад ард түмэн үнэмшээд л “хөөрхий минь, шударга юм” гэдэг байв.

Харин тэр жил АТГ байгуулагдаж, хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг болсноос хойш гишүүд нэг ёсондоо ил гарч ирсэн гэж хэлж болно. Манай улсын удирдагч дарга нарын хөрөнгө АНУ, Хятадын хууль тогтоогчдын хөрөнгийн энд хүрэхгүй ч хоёр үзүүлэлтээрээ тэднийг хол хаяжээ.

Нэгдүгээрт, манай дарга нарын хөрөнгийн өсөлт улсын эдийн засгийн өсөлтөөс хэд дахин хурдацтайгаар нэмэгдсэн байна. Хоёрдугаарт, манай дарга нар 786 сая буюу улсынхаа ДНБ-ий 7.6 хувьтай тэнцэх хөрөнгө эзэмшдэг нь өөр ямар ч улсад байхгүй үзүүлэлт гэнэ.

Хэрвээ АНУ-ын дарга нар тэдэн шиг баяжья гэвэл 15 триллион, 700 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байх шаардлагатай болж байгаа юм.  
 
97 тэрбумын хөрөнгөтэй хя­тадын хамгийн баян 50 даргын хөрөнгө улсынхаа ДНБ-ий 1.1 хувийг хянаж байна гэхээр манай дарга нар ямархан баян нөхдүүд болох нь харагдана.

Баячуудын хөрөнгийн өсөлт цаашид ийм маягаар ДНБ-ий өсөлтөөс хурдан яваад байвал 10-20 жилийн дараа гэхэд Монгол Улс эрх баригчдын ярьж сэнхрүүлээд байдаг шиг “чинээлэг дундаж давхарга” гэж байхгүй, эзэн боол гэсэн хоёрхон ангид хуваагдах магадлал тун ч тодхон харагдаж байна даа.

Х.БАТСАЙХАН

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж