Хөвсгөл аймагт өндөр хүчдэлийн шугам унаж гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймагт өндөр хүчдэлийн шугам унаж гэмтжээ

Өнгөрсөн шөнийн хувьд Увс, Баян Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Төв, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгаар цас, бороо оржээ. Салхины хурд секундэд 18-28 метр хүрч,  зарим үед Увсын Өмнөговь, Завхан сум, Баянхонгор аймгийн Эхийн гол орчмоор түр зуур 34 м/сек хүрсэн байна. Хөвсгөл аймагт өнөөдрийн 02:00 цагийн орчимд өндөр хүчдэлийн шугам унаж гэмтснээс Цэцэрлэг, Чанмань-Өндөр сумдад цахилгаангүй болоод байгаа талаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дээд ахмад н.Даваасүрэн мэдээллээ. Өнөөдрөөс тус өндөр хүсдэлийн шугамыг засварлахаар газар дээр нь орон нутгийн ажилтнууд ажиллаж байгаа гэнэ. Мөн өнгөрсөн шөнийн салхи, шуурганы үеэр Булган аймгийн Сайхан сумын Соёлын төвийн барилгын дээвэр, 10 айлын эсгий гэр, Баян-Агт суманд мөн нэг айлын эсгий гэр нурсан талаар аймгийн Онцгой байдлын хэлтэст мэдээлэл ирүүлээд байна. Малын бэлчээрлэлт хүндэрсэн, зүй бус хорогдол одоогоор гараагүй байгаа аж. Харин өнөөдөр Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Говьсүмбэр, Хэнтийн нутгаар  хүчтэй цасан шуурга шуурч, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр зарим үед секундэд 28 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж