Говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойн хүрээнд Дорноговь аймгийн Даланжаргалан, Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Мандах, Сайхандулаан зэрэг сумдын нутаг дахь дурсгалт газраар 2000 гаруй км урт замд соёл-эрдэм шинжилгээний аялал хийсэн байна.
“Сувдан Сондор – 8” үзэсгэлэн, ““Дорноговь: түүх соёл, байгаль экологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд орон нутгаас Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга С.Бөххүү, аймгийн соёл спорт аялал жуулчлалын газрын дарга Н.Ганбаатар, аймгийн Музей сургалт судалгааны төвийн захирал Г.Цагаандэрэм, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын соёл, боловсрол хариуцсан улсын байцаагч Б.Эрдэнэцэцэг, аймгийн музейн сан хөмрөгч Г.Сарангэрэл, аймгийн музейн соёлын өвийн бүртгэл мэдээллийн санч Л.Отгонжаргал, аймгийн музейн сэргээн засварлагч Г.Гантулга нарын өргөн бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирж оролцлоо. Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийг эмхэтгэн ном болгон хэвлүүлсэн бөгөөд аялалын өдрийн тэмдэглэл, онцлох дурсгалт газруудын товч мэдээлэл-танилцуулга болон гэрэл зургууд багтсан байна.
"Сувдан Сондор-8" аялалыг Монголын Соёл Яруу Найргийн Академи, Лувсанданзанравжаа Академи санаачилан зохион байгуулж, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, Соёл, Спорт, Аялал жуулчлалын Яамны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газар, Нью Жуулчин Турс ХХК дэмжин оролцсон юм. Мөн Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын үндэсний олон нийтийн Радио, “Өнөөдөр” сонин, news.mn агентлаг зэрэг байгуллагууд мэдээллийн түншлэгчээр хамтран ажиллав.
“Сувдан Сондор-8” соёл, эрдэм шинжилгээний аялалд Монголын Соёл Яруу Найргийн Академийн ерөнхийлөгч, зохиолч Г.Мэнд-Ооёо, Лувсанданзанравжаа Академийн ерөнхийлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн, доктор З.Алтангэрэл, НҮБ-ийн био ёс зүйн шинжээч, системийн онол судлаач, доктор, профессор Б.Болдсайхан, Биологийн ухааны доктор, профессор Ц.Жамсран, нэрт судлаач, соёлын гавьяат зүтгэлтэн, профессор Г.Гонгоржав, ШУА-ийн Палентологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Майнбаяр, археологич, докторант Б.Бадрах, Дорноговь аймгийн музейн сургалт судалгааны төвийн захирал, судлаач Г.Цагаандэрэм, зураач Н.Санчир нарын зэрэг 20 гаруй эрдэмтэн судлаач, уран бүтээлчид болон орон нутгийн мэргэжилтэнүүдийн хамтарсан баг ажиллаж, 200 гаруй цагийн дүрс бичлэг, дуу бичлэг, 2000 гаруй гэрэл зургаар судалгаа шинжилгээний сан хөмрөгөө арвижуулжээ.
Аялалын замдаа судалгаа шинжилгээний ач холбогдолтой ил олдворын дээжийг зохих журмын дагуу баримтжуулан авсанаа үзэсгэлэнд дэлгэн үзүүлж буй бөгөөд тэдгээрийг Дорноговь аймгийн музей сургалт судалгааны төвд шилжүүлсэн байна.
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Бүрдэнэ элснээс Данзанравжаа хутагтын дияан бясалгалын бүтээлээ дүвлэж байсны ул мөр болох тахилын 13 чулуу бүхий байгууламжийг аялалын багийнхан олж анхны тигээр нь сэргээсэн байна. Энэ бол “Сувдан сондор – 8” аялалын эрхэм нандин олз ажээ.
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Баянтээг багийн төвийн ойролцоо Суварган цохио хэмээх уулын цуварсан хадархаг хэсэгт эртний тахилга тайлгын соёлтой холбоотой, судалгааны онцгой ач холбогдолтой асар том талбай бүхий цогцолбор байгааг олсон бөгөөд уг дурсгалт газарт археологийн иж бүрэн судалгааны баг ажиллуулахын хамт яаралтай хамгаалалтанд авах шаардлагатай байгааг холбогдох байгууллагуудад уламжилсан байна.




