Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтын нэгдүгээрт Ираны Ахваз хот, хоёрдугаарт Монголын нийслэл Улаанбаатар бичигдсэн байна. Энэ нь Улаанбаатарын агаарын бохирдолтой тэмцэх төсөл хөтөлбөрүүд хэр үр дүнтэй байгаагийн нэг үзүүлэлт болох биз. Жил бүр улсын төсөвт утаатай тэмцэх нэрээр тэрбум, тэрбум төгрөгийг суулгаж ирсэн. Орон сууцжуулах хөтөлбөрийг төрөөс олон удаа бодлогоор дэмжиж ирлээ. Гэсэн ч Улаанбаатарын утаа буурах нь битгий хэл дэлхийн дахинд түгшүүрийн харанга дэлдэх хэмжээнд очоод буй нь төрөөс хэрэгжүүлж байгаа утаатай тэмцэх бодлого хатгах ёстой гол цэгээ онохгүй байгаа хэрэг. Энэ цэгийг онохын тулд Засгийн газар алсын хараатай, холын бодлогоор ажиллах ёстой юм.
Шинэчлэлийн Засгийн газар жилийн найман хувийн хүүтэй зээл гаргаснаас хойш таван сар өнгөрчээ. Албан мэдээнд дурдсанаар орон сууцны ипотекийн зээлийг гаргахаас өмнө зээлтэй байсан 16652 иргэний асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнд, Монголбанк 468.5 тэрбум төгрөгийг зарцуулсан аж. Харин найман хувийн хүүтэй зээлд шинээр 10 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд арилжааны банкуудаар дамжуулан 617.1 тэрбум төгрөгийг олгожээ. Тэгвэл жилийн найман хувийн зээлээр орон сууц худалдан авсан дээрх 10 мянган хүний хэд нь гэр хорооллынх байсан бэ гэдэг судалгаа одоогоор алга. Гэхдээ арилжааны банкуудаас тавьж байгаа босгоор бол жилийн найман хувийн хүүтэй зээлээр бага, дунд орлоготой иргэд байр худалдаж авах бараг боломжгүй. Өнөөдөр хэрэгжиж байгаа ипотекийн зээлийн гол онцлог нь зорилтот төвшнийхөнд зориулагдаагүйд оршиж буй болохоор тэр. Журманд ч ингээд ил тод заагаад өгчихсөн. Угаасаа урьдчилгаа 30 хувийг иргэдийн ихэнх нь давж чадахгүй, энэ хөтөлбөр эдийн засгийн боломжит бүлэглэлд, үл хөдлөх хөрөнгийн наймаачдад зориулагдсан гэдэг нь эхнээсээ тодорхой байсан шүү дээ. Энэ зээлийг гарснаас хойш харин ч хуучин орон сууцны үнэ 50 хувиар, шинэ орон сууцны үнэ 24 хувиар өсч байртай болохоор мөнгөө хурааж байсан хүмүүсийн мөрөөдлийг улам ч бүдгэрүүлчихсэн. Арай гэж 30 хувиа энэ тэндээс зээлж, эцэг эх, ах дүүсээсээ зулгаагаад бүрдүүллээ гэхэд энэ мөнгөө яаж олсноо банкныханд нотлох ёстой болж. Хулгай хийж худлаа хэлж олоогүй гэдгээ нотлохгүй бол найман хувийн зээл авах найдвар тасарна. Үүнээс болж зээл авч чадахгүйд хүрээд байгаа ч иргэд шүүмжилж буй юм. Энэ мэт хатуу шалгуур тавиад байхаар яаж гэр хорооллынхон байртай болж, яндангийн тоо цөөрч, утаа униар нь багасах билээ дээ. Уг нь Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын тэлэлтийг багасгаж, бага, дунд орлоготой иргэдээ байртай болохыг бодлогоор дэмжих юм шүү дээ. Гэтэл Засгийн газар нүүрсний ченжийн ажил хийхээр Улаанбаатарын утаа буурна саналтгүй юм. Гэр хорооллынхонд хямдхан нүүрс бодлогоор шахаж байгаа нь өнөө маргаашийн амьдралд нь дэм болж буйг үгүйсгэхгүй. Хямдхан нүүрсний хүчээр дулаахан онд орж байгаадаа төр засагтаа баярлах хүмүүс байгаа л байх. Гэхдээ энэ бодлогоор хэр хол явах вэ. Хоёр гурван жилийн дараагаас Улаанбаатарт эрүүл уушигтай хүн үлдэхгүй нь бололтой. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэдэг үг бий. Өнөөдрийн хувьд нүүрс тараагаад байж болно л доо. Харамсалтай нь үүнээс болж Монголын хоёр сая 700 мянган иргэний тал хагас нь амьдарч байгаа Улаанбаатарын агаар дэлхийд “ SOS” зарлах хэмжээнд оччихоод байна.
Тэгэхээр Засгийн газарт агаарын бохирдолтой тэмцэх чин хүсэл байна уу гэж асуумаар байна. Орон сууцны үнийг тогтворжуулах, орлогоор нь иргэдээ ялгаварлахгүйгээр, зорилтот төвшнийхөнд зориулагдсан зээл гаргаж байж л Улаанбаатарт нүүрлэсэн агаарын болон хөрсний асуудлыг шийдвэрлэх юм. Тэгэхгүйгээр өмнө нь гурван байртай байсан нөхөр зургаан байртай болохыг Засгийн газар бодлогоор дэмжих учиргүй. Баячуудад зориулж гаргасан хямдралтай зээлнээс болоод байрны үнэ суга өсч, бага, дунд орлоготой иргэд чирэгдээд байна. Тиймээс баяртайгаар хөөрөгдөж байгаа найман хувийг зээлийг бүр зогсоочих хэрэгтэй. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг харахад баячуудад байр, борчуудад нүүрс л оногдож байх шиг ээ.