”Ав-Атар”-ууд аваргын төлөө тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

”Ав-Атар”-ууд аваргын төлөө тоглоно

Дээд лигийн ширүүхэн тог­лолтууд өнгөрсөн өдрүүдэд Спортын төв ордон (СТО)-ы А зааланд боллоо. Тухайлбал, Плей-Оффын гурав дахь өдрийн тоглолтыг онцолмоор байна. Тоглолт уржигдар орой болсон юм. Энэ өдөр “Mill house” компанийн “Ав-Атар” баг Хасбанкны “Хүлэгүүд”-тэй өрсөлдсөн. Мөн  “Энержи ресурс” ХХК-ийн  “Харцага”, МУИС болон “Бридж констракшн”-ы “Баянзүрх Буллс” багийнхан халз тоглосон билээ. Дээд лигийн тоглолтууд сүү­лийн үед олны анхаарлыг нэлээд татах болсон. Тийм байгаагүйсэн бол тоглолтын үеэр СТО-ы ойролцоо машин тавих газаргүй болж, туслах замууд түгжрэлд орохгүй байх байлаа. “Харцага”-ууд “Буллс”-ын эсрэг тоглолтын II үе ид өрнөж байх зуур СТО-ы төв хаалган дээр тоглолт үзэхээр ирсэн залуус орж чадахгүй бухимдацгааж байв. Танхим руу явах хонгилд шалаар нэг ус алджээ. Хамгаалагчийн чанга дуу, тоглолт үзэхээр ирээд орж чадахгүй байгаа залуусын хараалын үг хадна. “Ашгүй нэг юм нэвтэрч чад­лаа” гэтэл тоглолт болж буй тан­химыг гаднаас нь цоожилжээ. Гар­гахгүй, оруулахгүй байгаа хаалганы ойролцоо зогссоор байтал тоглолтын II үе дуусчихлаа. “Харцага!” “Харцага!” хэмээн хөгжөөн дэмжигчид шуугил­даж байна. Харин дотогш орох гэ­сэн хүсэл цоожтой хаалгыг нээс­ний дараа нэлээд унтарсныг энд дурьд­маар байна. Учир нь хаалгаар ороход өөдөөс бүгчим агаар төөнөж, гадуур хувцастайгаа ганц минут ч зогсч чадахгүйд хүрэв. Үзэгчдийн суудал дүүрч, талбай руу хүмүүс шахаж сууц­гаажээ. Суудалгүй хоцорсон залуус “Ийм байх нь тодорхой байхад шинэ ордондоо тэмцээнээ хийчихэд яадаг байна аа” хэмээн үглэцгээж байлаа. Энэ талаар зарим хүнээс тодруулбал, “Бид байхгүйн бус байхын зовлонтой учраад байгаа” хэмээн хэлж байна билээ. Буянт-Ухаагийн дэнж дээрх спорт цогцолборт саяхан Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээн болох байжээ. Гэтэл 5000 хүний суудалтай ордныг дүүргэх боломжгүй гэдэг шалтгаанаар агаар­жуулалт муу, цөөн суудалтай уг ордонд тэмцээн болсон. Энэ удаагийн лигийн тэмцээн ч мөн ийм шалтгаанаар үзэгчдээ бүгчимдүүлэв. Шийдвэрлэх шигшээ тоглолтууд мөн л энэ танхимд  болно.

Легионер "нисэлт"-ээр эхэлж, дууссан тоглолт

Тоглолтын хувьд үзүүштэй байлаа. Шар өмсгөлтэй “Харцага”-ууд энэ өдөр одтой байв. Гуравдугаар үед тооны харьцааг “Буллс”-чууд нэлээд ойртуулсан.  СТО-ы хажууханд МУИС байрлдагаас ч тэр үү, угийн ийм үү бүү мэд. Ямар ч байсан “Буллс”-чууд хөгжөөн дэмжигч сайтай байв. Энэ тоглолтын ялагч нь аваргын цом руу дөхөх боломжтой байсан. Гэхдээ энэ өдөр их спорт “Харцага”-уудыг ивээжээ.  Тоглолтын эхнээс л тэд “бух”-нуудыг тэргүүлсээр  байсан аж. Тоглолтын IV үед онооны харьцаа 86х83 болж “Буллс”-ын хөгжөөн дэмжигчдийг өндөлзүүлж байсан ч шар өмсгөлтнүүд оноогоо барих тактик боловсруулснаар хожил тэднийх болсон.

“Энержи ресурс” ХХК-ийн “Харцага”, МУИС, “Бридж конст­ракш”-ны “Баянзүрх Буллс” багуудын тоглолт өндөрлөж, “Бухнууд”-ыг дэмжигчид бухимдсандаа ордныг орхивол суух суудалтай болно гэж бид бие биенээ тайвшруулж байв. Бүтэн цагийн турш бүгчим, орчинд зогсоогоороо тоглолт үзсэн хүмүүс үүнээс өөр юу хүсэх билээ. Гэтэл тэгсэнгүй, “Ав-Атар” болон “Хүлэгүүд”-ийн тоглолтыг үзэх гэсэн үзэгчид улам нэмэгдэж, тайлбай руу түрэн шахалдаж байв. Нээрэн энд лигийн гурван удаагийн аварга “Хүлэгүүд”, сагсан бөмбөгийн эх орноос ирцгээсэн легионеруудын бүрэлдэхүүнтэй “Ав-Атар” баг тог­лох гэж байгаа юм чинь.

Тоглолтын эхний таван минутад  “Ав-Атар” багийн легионерүүд уран тоглолт үзүүлж, цагариган дээр довтолсон. 15 дугаартай К.Жефри энэ тоглолтын үеэр амжилттай довтолгоог хамгийн олон удаа хийсэн юм. Тэрбээр энэ тоглолтод багтаа 38 оноо авчрав. Түүний араас багийн гишүүн Ш.Сэдбазар, О.Сэргэлэн нар 13, 10 оноог  тус тус авсан.  Харин “Хүлэгүүд”-ээс О.Ууганбаяр, Н.Золжаргал нар тус бүр 15 оноо, М.Отгонмөнх нар 13 оноо авч амжилт үзүүлсэн. “Хүлэгүүд”-ийн багийн дасгалжуулагч энэ өдөр нэлээд бухимдаж, шүүгчээс хэд хэдэн удаа сануулга авсан. Тэрбээр тоглолт эхлэхэд “Ав-Атар”-ын америкчуудын эсрэг хойд хөршөөс ирсэн төвийн тоглогч А.Сепелевийг гаргасан ч тэрбээр ганцхан оноог багтаа авчирснаар сэлгээний суудалд шилжсэн билээ.

Танхимын шалан дээр үзэгчид сууж, талбай руу шахсан нь тоглогчдод бага зэрэг хүндрэлтэй байсан болов уу. Эгнэж суусан хүмүүсийг хөлөө татахыг талбайн шүүгчид байнга шаардаж байлаа. Тоглолт мэргэжлийн түвшинд байсан ч үзэгчид тийм байж чадсангүй. Дээр нь завсарлагаан дундуур гарч ирсэн хөгжөөн дэмжигч охидын бүжиг зарим талаар таалагдаагүйг нуух юун. Хөдөлгөөнтэй хөөрхөн охид байсан ч бүжигтээ тохироогүй унжгар хув­цас өмссөн байсан. Эндээс яагаад ч юм үзэгчдийг хүндлэхгүй байгаа нь харагдаж, дээр нь “Хөдөлгөөнөө цэгцэлчихгүй яав даа” хэмээн үглэж суусан үзэгчид олон байв.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж