
Эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр шоронд хоригдож буй Украйны сөрөг хүчний тэргүүн Юлия Тимошенког суллах асуудлаар парламентийн санал хураалт хойшлогджээ. Украйны албаныхны мэдээлснээр, Тимошенкогийн асуудлаар парламентийн хуралдаан ирэх 19-ны өдөр болохоор хойшилсон байна. Харин шинэ тов нь Вилниусын чуулга уулзалтаас өмнө Тимошенког суллуулахыг эрмэлзэж буй Европын холбооныхны хувьд хэтэрхий оройтсон шийдвэр болох гэнэ. Учир Европын холбооны Гадаад хэргийн сайд нар ирэх даваа гаригт Украйнтай байгуулахаар тохиролцсон гэрээ, хэлцэлийн асуудлаар уулзах юм. Европын холбооны зүгээс идэвхитэй шаардаж, элдэв болзол тавьсны үр дүнд Украйны парламент Юлия Тимошенког суллах, эсэхийг гишүүдийн санал хураалтаар шийдвэрлэхээр төлөвлөсөн аж. Европын холбооны албаныхан Тимошенког суллах асуудлыг Украйны парламентад хэлэлцүүлэх алхамд хүрэхийн тулд тус улстай томоохон худалдаа наймааны гэрээ хэлцэл байгуулахаар ятгасан билээ. Үүнтэй зэрэгцэн Тимошенког гадаадад эмчлүүлэхийг зөвшөөрсөн хуулийн төсөл ч саатсан гэнэ. Тимошенко хуулийн хүрээнд Германд эмчилгээ хийлгэхээр төлөвлөж байжээ.
Харин Тимошенког тойрсон дээрх нааштай алхамууд гэнэт тасалдсан нь өмнө өнгөрсөн амралтын өдрүүдээр Украйны Ерөнхийлөгч Виктор Янукович ОХУ-д нууц айлчлалтай байж гэнэ. Учир нь Украйн нь ОХУ-аас ихээхэн хамааралтай, нөлөөлөлд нь оршдог аж.
Юлия Тимошенко нь өнгөрсөн 2011 онд Украйны Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ОХУ-тай байгалийн хий нийлүүлэлтийн гэрээ хийхдээ эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт долоон жил шоронд хорих ял сонсоод буй юм.
Б.АНХТУЯА