Чөлөөтийнхөн “Алтан гран при”-д барилдана

Хуучирсан мэдээ: 2013.11.14-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн “Алтан гран при”-д барилдана

Азербайжаны нийслэл Баку хотод Г.Алиевийн дурсгалд зориулсан “Алтан гран при” тэмцээн болох гэж байна. Энэ сарын 22-нд эхлэх уг тэмцээн “Сархадчи” цогцолборт болох юм. Уламжлал ёсоор гурван төрлөөр зургаа дахь удаагаа болох тэмцээнд 35 орны 300 гаруй бөх уригджээ. Ялангуяа энэ жилийн ДАШТ, мөн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн, “гран при” цувралд медаль хүртсэн тамирчдыг нэр зааж урьсан юм. Тэгвэл энэхүү урилгыг ДАШТ-ээс таван медаль хүртэж багаараа хоёрдугаар байр эзэлсэн эмэгтэйчүүдийн шигшээ багт ирүүлэв. Түрүүлсэн тамирчин 10 мянган ам.доллар хүртэх мөнгөн медалийг 5000 “ногоон” дагалдана. Харин хүрэл медалийн эзэн 2000 доллартай гэртээ харих юм. Энэхүү тэмцээнд оролцох багийг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж ахална. Бүрэлдэхүүнд 48 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, 51 кг-д залуучуудын дэлхийн аварга Э.Даваачимэг, дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяа, 55 кг-д С.Бямбацэрэн, 59 кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт Т.Мөнхтуяа, 63 кг-д дэлхийн аваргын алт, мөнгө, олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Батцэцэг, 67 кг-д дэлхийн аваргын гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг, 72 кг-д дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, дэлхийн аваргын хүрэл медальт Б.Одончимэг нар багтлаа. Тамирчдыг Б.Батбаяр, З.Дүвчин нар удирдана. Үүнээс гадна эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир “Алтан Гран при”-д зодоглох ажээ.

Дэлхийн шилдгүүд хуран чуулсан энэхүү тэмцээнээс өнгөрсөн жил гавьяат тамирчин О.Бурмаа хүрэл медаль хүртсэн юм. Монголын баг тамирчид энэ сарын 20-нд Азербайжаны зүг хүлгийн жолоо зална.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж