
Хоёр орны Батлан хамгаалах яамдын зөвлөлдөх уулзалтаар дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, түүний цаашдын төлвийн талаар харилцан санал солилцож хэлэлцэв. Зөвлөлдөх уулзалтын үед талууд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг сонирхол, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан шинэ агуулга хэлбэрээр баяжин өргөжин, эрчимтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа харилцан илэрхийлэв. Түүнчлэн цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, цэргийн аж үйлдвэрийн салбар, цэргийн сургалт, судалгаа, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцох зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр харилцан тохиролцов.
Мөн энэ өдөр БНПУ-ын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Роберт Купецки Монгол Улсын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатарт БНПУ-ын Зэвсэгт хүчний 1-р зэрэглэлийн Алтан медаль гардуулж, БНПУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Иракт алба хаасан Монгол Улсын Зэвсэгт хүчний зарим цэргийн алба хаагчдыг “Иракийн од” медалиар шагнасныг гардуулан өгсөн юм.
БНПУ-ын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Роберт Купецки албан ёсны айлчлалынхаа хүрээнд Батлан хамгаалах их сургуульд зочлон “БНПУ-ын Зэвсэгт хүчний шинэчлэл, батлан хамгаалах бодлого” сэдвээр лекц уншиж, Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвтэй танилцах ажээ.
Европын холбоо болон НАТО-гийн нөлөө бүхий гишүүн, хүчирхэг Зэвсэгт хүчинтэй БНПУ-тай манай улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзсээр ирсэн билээ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын батлан хамгаалах салбарын харилцаа 1970-1990-ээд оны хооронд Варшавын гэрээний орнуудын харилцааны хүрээнд амжилттай хөгжиж байгаад хэсэг хугацаанд зогсонги байдалтай болсон. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг 2003 оноос Иракт энхийг сахиулах ажиллагаанд оролцож Польшийн цэргийн командлалын удирдлагад үүрэг гүйцэтгэх болсноор харилцаа сэргэж, өндөр хэмжээний айлчлалуудыг харилцан солилцох, цэргийн албан хаагчдыг сургах зэрэг хэлбэрээр эрчимжин хөгжиж байгаа билээ. Энэхүү харилцаа , хамтын ажиллагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ оны 1 дүгээр сард БНПУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурснаар улам гүнзгийрэн хөгжих эрх зүйн үндэс тавигдсан юм гэж БХЯ-наас мэдээллээ.