“Багадсан дээл”-тэй шүүх засаглал

Хуучирсан мэдээ: 2013.11.14-нд нийтлэгдсэн

“Багадсан дээл”-тэй шүүх засаглал

    Төсвийн хэлэлцүүлэг үргэлжилсээр. Заасан хугацаандаа амжиж батлахгүй бол УИХ бүрэн эрхээ алдах учир хэлэлцүүлгийг “гялалзуулсаар”. Баруун солгойгүй тараана, бид мөнгө олж ирнэ гэж байсан “гэрийн эзэн” хэсэг хугацаанд энэ бодолтойгоо явсны эцэст яагаад ч чадахгүйгээ мэдээд хуваарилсанаа эргүүлэн авахаар ийш тийш харж сууна. Ингээд давхарласан хувцастайнхыг нь мулт татаж, бас өөр нэгэнд “чамд өнгөрсөн жил хувцас авч өгсөн, энэ жилдээ хуучин хувцастайгаа яв” гэнэ, хэлтэй амтайхан нэгний хэдэн давхар хувцсыг харснаа “За даа, хэрүүл шуугиан дэгдээгээд гай болно” гээд гар хүрэлгүй орхино.

    Цааш ийш тийш харснаа “Уг нь чамд энэ жил хөвөнтэй дээл өгнө гэсэн. Гэхдээ бидэнд мөнгө бага байгаа тул дан дээл өгье. Хэдийгээр чи өсч том болж байгаа ч өнгөрсөн жилийнхээс чинь бага хэмжээтэйг л өгөхөөс өөр арга алга” гэнэ. Ийнхүү дээлээ хэмжээнээс багадуулж, зузаанаас хасуулсан нь хэн бэ гэвэл, шүүх засаглал.  

Ерөнхийлөгч ч, Ерөнхий сайдаас ч, УИХ-ын даргаас ч өнгөрсөн хугацаанд хийсэн шинэчлэлийн ажлаа онцлооч гэвэл хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогыг онцолно. Угаасаа ч онцолж байгаа. Шударга ёс, авлигагүй нийгмийг бий болгох үндэс нь шүүх засаглал бөгөөд энэ чиглэлээр өнгөрсөн хугацаанд хуулиудыг багц багцаар нь гаргаж чадсан юм. Олон жилийн ажил, олон ч эсэргүүцлийг давж байж хуульчлагдсан бодлого. Гэтэл шинэчлэх хэрэгтэй, хууль зүйн салбарыг бодлогын хувьд өөрчлөх ёстой гэж байсан эрх баригчид төсөв дээр нь “шоглочихлоо”.

Хамгийн товчоор хэлбэл, Үндсэн хуульд заасан “Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана" гэх заалтыг “нэг нүдээрээ ч харах”-ыг хүссэнгүй.

Уг нь шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах зорилготой, шүүх эрх мэдэл нь төсвийнхөө хувьд гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлээс хамааралтай биш байхын тулд батлагдсан Монгол улсын Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуулинд заасан "Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Улсын Их Хуралд шууд өргөн мэдүүлнэ" гэх заалт ямар ч ач холбогдолгүй болж хувирав.

Санавал, шүүх нь төсвөө өөрөө тогтоож, тануулалгүй батлуулах зарчим нь өнөөх гурван эрх мэдлийг холилдуулахгүй байх, шүүх эрх мэдлийн байгууллагыг хараат бусаар авч үлдэх стратегийн ач холбогдолтой 

Төсвийн тооцоог хасч танах байх, “14 дугуй авна гэвэл 4 дугуй өгнө шүү” гэж хөөсрүүлэн бичдэггүй нь лавтай. Тэр тусмаа шүүхийн төсөв. Тоо бүрийн ард хуулийн хэрэгжилт, цифр бүрийн ард хэвийн ажиллах нөхцөлийн баталгаа бий. 

Гэтэл бүх шатны шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын төсвийг нийт 238,2 тэрбум төгрөгөөр өргөн барьсан атал бараг дөрөвний гурвыг нь шуудхан хасчихлаа. Тодруулбал, анх оруулж ирснийг нь Хууль зүйн байнгын хороогоор хасалт хийсний дараа Төсвийн байнгын хороо дахин хассаар үйл ажиллагааны төсвийг 65,1 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын төсвийг бүр 100 хувь хасчихсан аж. Өөрөөр хэлбэл, хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогод “эдийн засгийн хориг” гэж ойлгомоор шийд гаргалаа.

Шүүгчдийн цалингийн сан, орон тоог нэмэгдүүлж чадахгүй болох тул урдынхаас ч илүү ачаалалтай, ажилласан жилээс нь шалтгаалах цалингийн нэмэгдэл нь шийдэгдээгүй,  амь нас эрүүл мэндийн даатгал баталгааг нь хангах хуулийн заалт хэрэгжих боломжгүй боллоо. Тэтгэвэрт гарах шүүгчдэд олгох тэтгэмжийн зардлаас эхлээд олон олон баталгаа бүрхэг болов.

Шүүгч, шүүхийн халдашгүй байдлыг хангах тоног төхөөрөмж, дохиоллын систем битгий хэл эвлэрүүлэн зуучлагч бий болгож шүүхэд ажиллуулах, иргэдийн төлөөлөгчийг авчирч суулгах зардалгүй болов.

Бусад яам, агентлагийн хөрөнгө оруулалтын төсвийг 20 хүртэл хувиар бууруулсан хэрнээ юуны учир шүүхийн хөрөнгө оруулалтыг бүхэлд нь авчихав гэдэг хариултгүй үлдлээ.

100 хувь хасагдсан хөрөнгө оруулалтын төсөвгүйгээс шүүх нь түрээсийнхээ байрандаа хэвээр, “Шүүх өөрийн байртай байна” гэх заалт зөвхөн хуулиндаа үлдэж шинээр байгуулагдах шүүхүүд зориулалтын бус хаа нэгэн газарт шингэж таарах нь.

Юун иргэдийн төлөөлөгчийн оролцоо, юун эвлэрүүлэн зуучлал, ямар юмных нь тойргийн шүүхийн тогтолцоо. Өмнө нь бид шинэчиллээ гээд яриад байсан шүүхийн шинэчлэлийг хөрсөн дээр буулгах боломж нь хаачив.

“Мужаан хүн хэдий ядарсан ч багажаа зарж иддэггүй” гэх үг бий. Мужаандаа багажийг нь авч өгөөгүй юм байж яаж ажил хий гэж хэлэх вэ. Мужаанд багаж, шүүгчид “алх” хэрэгтэй.

Хууль тогтоогчид минь шүүх засаглалд ингэж “багадсан дээл” өгөх байсан юм бол хууль, шүүхийн шинэчлэл хийсэн гэж дахиж ярих, багц хуулиудыг яах гэж баталсан юм бэ. “Хараат бус шүүх, чөлөөт худалдаа хоёрыг тогтоочихвол бусад нь аяндаа түүнд захирагддаг” гэх Адам Смитийн үг бий. Ямартаа ч хууль тогтоогчид маань энэ хэвээр хандах юм бол хараат бус шүүхтэй болох нь гэх урам хугарах нь бололтой. 

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж