-Монгол Улс ногоон хөгжилд тэмүүлж буй. Сүүлийн жилүүдэд улам ч эрчимтэй яригдаж, ажиллаж байна. Үр дүн хэр байна вэ?
-Байгаль, ан амьтан, гол, уул усаа хамгаалах үүргээ Монгол Улс аль ч цагт төрийн өмч гэсэн нэрийн дор “биелүүлж” ирсэн. Монгол Улсын хөгжлийн хандлага ногоон. Ногоон эдийн засаг, ногоон техник, технологи, ахуй, амьдралын хэв маяг ногоон, үйл ажиллагаа хүртэл байгальд ээлтэй, ногоон байхаар төлөвлөж байна. Тийм ч учраас яамныхаа нэрийг хүртэл Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болгож өөрчиллөө. Үүний хүрээнд нэлээд асуудал цэгцэндээ орж, алхмууд тавигдсаар байна. Гэхдээ дан ганц ногоон зорилт тавьж, чиглэлүүдийг ногоон болгохыг зорьсноороо хөгжил ирдэггүйг өнгөрсөн жилүүдэд бид харлаа. Юу дутаад байна вэ гэвэл төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа. Энэ салбарт хос морь хэрэгтэй байна. Тэр нь хувийн хэвшлийнхний хүчийг төрд сэлбэн Монгол орны үзэсгэлэнт байгаль, ан амьтан, ургамал, гол, нуурууд гээд хөгжүүлж болох бүхнийг хамгаалан хөгжүүлж, үржүүлж, шийдвэрлэх. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшилд үүд хаалгаа цэлийтэл нээх цаг нь болсон.
-Монголын үзэсгэлэнт газрууд дархан цаазат, төрийн өмчит байдаг. Энэ нь хувийн хэвшлийг энэ салбарт хүч нэмэхэд эрх зүйн талаасаа нэлээд асуудал болох байх. Хувийн хэвшлийнхнийг үүнд оролцуулах нь ямар ашигтай вэ?
-Монголын төр, хойч ирээдүйд ашигтай. Мөн хувийн хэвшлийн салбарт ч ашигтай. Гэхдээ хамгийн чухал нь бидний үр хүүхэд, ирээдүй хойч үед онгон дагшин байгаль, цэвэр тунгалаг ус, ан амьтад, эрүүл өвс, ургамал хэрэгтэй. Монгол Улс бүгдийг төрийн мэдлийн хэмээх нэр дор хамгаалж ирснийг би дээр дурдсан. Гэхдээ Монголын төр иргэд, хувийн хэвшлийнхэндээ үл итгэх байдлаар хандаж ирсэн. Энэ үзэл төрийг ганцаардахад хүргэж, үйл ажиллагаа нь үр дүнтэй байхад сөрөг нөлөө үзүүлж ирсэн гэхэд хилсдэхгүй. Ийм замаар, төр бүгдийг өөрөө хийх гэсэн оролдлогоор цаашаа хол явах боломжгүй болж байна. Тиймээс байгаль орчны бүх асуудлыг иргэн, хувийн хэвшил, төр хамтарч шийдвэрлэх, гүйцэтгэхээс өөр аргагүй. Үүний тулд төр засгаас хувийн хэвшилд бизнесийн таатай орчин бий болгож, санхүүжилт, хөнгөлөлтэй зээл, татварын бодлогоор дэмжих, хууль, эрх зүйн орчныг таатай болгох зэрэг дэмжлэг үзүүлэх нь зүйтэй. Ингэснээр өдгөө өнгө төрх нь бүдгэрсэн үзэсгэлэнт байгаль, тоо толгой нь цөөрсөн ан амьтан, ширгэж, алга болсон гол горхиудыг хувийн хэвшлийнхэн өөд нь зөв голдиролд нь оруулах юм. Энэ бол төрийн үүрэг. Хувийн хэвшил ашиг орлого олно л биз, харин Монголын төрд эцсийн эцэст цэвэр ариун байгаль орчин, уул ус, ургамал, ан амьтантайгаа үлдэх нь чухал.
-Танай яамнаас хувийн хэвшлийг байгаль, ан амьтан хамгаалалд татан оролцуулсан ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ?
-Бид хувийн хэвшлийнхэнд энэ салбарын ачаанаас үүрэлцэх, хариуцлага хүлээх, хамтарч ажиллах боломжийг нээх болно. Үүний тулд “Ногоон хөгжлийн төлөөх түншлэл” үндэсний форумыг энэ 11 дүгээр сарын 27-нд төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Энэ бол хувийн хэвшлийнхнийг энэ салбарт татан оролцуулах эхний алхам. Үүнийг зохион байгуулахын тулд бид өөрсдөө шинэчлэгдэж, хувийн хэвшлийнхэнтэй ажиллах бэлтгэлтэй байх ёстой. Ийм үүднээс өнгөрсөн хавраас хойш нэлээд ажлыг зохион байгуулж байна. Хамгийн нэгдүгээрт бид бидний иргэдэд үзүүлж буй үйлчилгээнд хүнд суртал, авлига хээл хахууль, ажил урагшлахад юу тушаа болж байна вэ гэдгийг хөндлөнгийн шинжээчдээр судлуулж, дүнгээ гаргууллаа. Манай яамнаас 19 төрлийн тусгай зөвшөөрөл олгодог. Түүнийг 1153 мэргэжлийн байгууллага авдаг бөгөөд энэ салбарт 6000 гаруй албан хаагч ажиллаж байна. Түүнчлэн 1061 нөхөрлөлд 21 мянган ажилтан ажиллаж байна. Энэ салбарын хаана нь “өвчин эмгэг” байна вэ, хурдан эдгээхийн тулд ямар арга хэмжээ авах вэ зэрэг асуудлыг форумын үеэр хэлэлцэнэ.
Түүнчлэн амьтан, ургамалын мэргэжлийн байгууллагууд, тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагууд, газрын хэвлийн нөхөн сэргээлтийн эрх бүхий мэргэжилтнүүд, байгаль орчны үнэлгээ, ээлтэй техник, технологи, ойн мэргэжлийн, усны мэргэжлийн гэсэн долоон салбар чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж дууслаа. Өөрөөр хэлбэл, байгаль орчны салбарт ямар ямар асуудал байна вэ, үүнийг шийдвэрлэхэд хувийн хэвшлээс ямар тулалцаа шаардагдах вэ, тэднийг үр дүнтэй ажиллахад бид хэрхэн туслах вэ, төр, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаанд юу саад болж байна вэ зэрэг асуудлуудыг салбар бүрт нь урьдчилан хэлэлцсэн гэсэн үг. Харин нэгдсэн форумаар энэ бүгдийг шийдвэрлэх, цаашдын ажиллагааны зам, чиглэлийг тодорхойлох юм.
-Хувийн хэвшилтэй төр хамтарснаар амжилтад хүрч байгаа салбар манайд бий. Бас хүссэн үр дүнд хүрэхгүй байх хандлага ч байгаа. Төр, хувийн хэвшлийг хольж, аль ч үгүй болголоо гэж зэмлэх нэгэн ч байна. Чухам яг ямар хэлбэрээр хамтрах вэ гэдэг нь сонин байна.
-Мал аж ахуйн салбарыг л жишээ татахад хангалттай. Хувийн хэвшлийг татан оролцуулснаар хэдхэн жилийн дотор 25 саяаас хэтэрдэггүй байсан малын тоо толгой 40 саяд хүрлээ. Газар тариалан, барилгын салбарууд хувийн хэвшлийн хүчээр хөл дээрээ зогслоо шүү дээ. Тэгвэл байгаль орчинд хувийн хэвшил хөрөнгө оруулж болохгүй юу? Би нэг жишээ ярья. Монголд 1960-аад онд сүүлчийн зэрлэг тахь үзэгдсэн буюу байгальдаа устсан байдаг. Гэтэл үүнээс бүр өмнө буюу 1889—1904 оны хооронд Ф. Э. Фальц-Фейна гэдэг европын нэгэн баян эр хувийн зоопаркдаа зориулж (өнөөгийн Аскании-Нова ДЦГ), Монголоос 12 тахь аваачаагүй байсан бол тахь дэлхийн амьтны аймгийн жагсаалтаас үүрд арчигдах байлаа. Тэр хөрөнгөлөг эрхэмд зоопарк байгуулах эрхийг олгоогүй байсан бол, Монголоос тахь авахыг зөвшөөрөөгүй бол, өнөөдөр Монголдоо тахиа дахин нутагшуулах ч үгүй, харин бид тахийг үүрд мартчихсан байх байлаа. Энэ бол хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын ач гавьяа.
Өдгөө Монголд улсын тусгай хамгаалалттай 99 газар байна. Гуравны нэг орчмыг нь хамгаалалтын захиргаатай болгон тэдгээрт зориулж улсаас жил бүр 6-7 тэрбум төгрөг зарцуулж байгаа ч үйл ажиллагаанд нь мөчиг тачиг хүрч байна. Үлдсэн 23 –ийг санхүүжүүлнэ гэвэл, хангалттай төсөв зардал өгнө гэвэл улсын сан хөмрөг хүрэлцэхгүй. Тэгвэл эдгээр газруудын заримыг хувийн хэвшилд менежментийн эрхийг нь шилжүүлж, хөрөнгө оруулаад ашиг хүртээд явах боломжийг яагаад олгож болохгүй гэж.
Манай салбарт энэ асуудлаар сайн туршлага бий. Энэ бол Хустайн жишээ. Зөвхөн нэг ТББ-д эрх шилжүүлэхэд л улсын ямар ч тусгай хамгаалалттай газарт гараагүй амжилтанд хүрсэн. Тусгай хамгаалалттай нутгийн тухайд аялал жуулчлал эрхэлдэг хувийн хэвшилд менежментийг хариуцуулах боломжтой. Төрийн ачаа ч хөнгөрнө, хувийн хэвшилд ашигтай байх болно.
-Төр үүрэг өгч, бодлогоор дэмжинэ. Харин хувийн хэвшил байгаль орчныг, ан амьтан, ургамал усыг хамгаална, сэргээнэ, үржүүлнэ гэсэн үг. Үүнд гэхдээ шалгуур, хариуцлагын маш өндөр механизм хэрэгтэй байх?
-Төрийн хамгаалалтад нэрээр унтарч, доройтож байгаа газруудыг бид сэргээх, хамгаалах, зохистой хөгжүүлэх хэрэгтэй. Төрийн менежмент, хөрөнгөөр үүнийг хийнэ гэдэг маш их цаг хугацаа шаардагдах ажил. Тийм л учраас хувийн хэвшлийн дүрэлзэж байгаа, хийх гээд өндийсөн ч гарыг нь хүргэхгүй байгаа одоогийн байдлыг өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ бүх зүйл төрийн хяналтан дор, хуулийн дагуу байна. Хувийн хэвшил тодорхой хариуцсан үүргийнхээ дагуу байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ байгалиасаа ашиг хүртдэг байх ёстой. Харин төрөөс эрх, үүргийг нь тодорхой зааж өгч, зохицуулдаг, зохистой ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьдаг, ан амьтан, ургамал өсөж, үржиж байгааг үзэж, шалгадаг, төлөвлөгөө, биелэлт нийлдэг зэрэг хяналтын тогтолцоог маш нарийн дэг журамтайгаар бий болгох хэрэгтэй. Энэ талаар форум дээр ярилцаж, нэлээдгүй зүйлийг цэгцлэхээр төлөвлөж байна.
Бидний нэн тэргүүүнд ярих, санаа тавих, хүч нэмэх ёстой хэд хэдэн асуудал байна. Нийт газар нутгийн найман хувьтай тэнцэх ойн 76 хувь нь хөгширчихөөд байна. Жилийн жилд ойжуулалт хорогдлоосоо бага байдаг.
-Ногоон хэрэм гэх мэт төслүүд сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллаж байгаа биз дээ. Харин ч нэг үеэ бодоход гайгүй болж байгаа гэж яригдаж байгаа шүү дээ?
-Газар дээр нь очоод үзэхэд л мэдэгдэнэ. Солонгосчуудын тарьсан мод ургаад байдаг, монголчуудынх ургадаггүй. Эргээд хэн ч арчилдаггүй. Нэг үеэ бодоход мод тарих тухай ярьдаг болсон. Гэхдээ энэ нь одоогийн нөхцөл байдлыг сайжруулах хэмжээнд хүртэлх асуудал биш юм. Харин үүний гарц нь нөгөө л хувийн хэвшил, иргэд. Хувийн хэвшлийнхэн, иргэдэд мод тарих боломжийг хангаж өгөөд, хэсэг хугацааны дараа модны бойжилт гүйцэхээр нь төр худалдаад авчихаж яагаад болохгүй гэж. Түүнчлэн Монголын нийт газар нутгийн 40 хувь усаар гачигдаж байна. Говийн бүсэд ундны шаардлага хангасан ил ус үндсэндээ алга. Гэтэл говьд уул уурхайн баялаг хаа сайгүй нээгдчихлээ. Тэднийг усаар яаж хангах вэ. Монголын төр хангаж чадах уу. Ялангуяа үйлдвэрлэлийн усаар хэрхэн хангах вэ. Мөн л энэ тохиолдолд хувийн хэвшилд итгэл хүлээлгэн хамтран ажиллах хэрэгтэй. Усгүй газрыг усжуулж, өвс, ургамалгүй газрыг ногооруулах хэмжээнд хүрсэн.
-Үүний тулд ногоон хөгжилд чиглэсэн маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй болох байх. Үүнийг яаж босгох вэ?
-Одоо байгаль орчны салбарт хөрөнгө оруулалт татах цаг нь болсон. Эхний ээлжинд төрөөс татвар, хөнгөлөлттэй зээл, хууль, эрх зүйн орчныг нь таатай болгох хэрэгтэй. Мөн өөр боломжуудыг харах, хайх хэрэгтэй. Форумын үеэр хувийн хэвшлийнхэн өөрсдөд нь хэрэгтэй нөхцлүүдээ дэлгэх байх. Энэ нөхцөлд аяндаа хөл дээрээ босоод ирнэ. Бид ч Үндэсний форумын үеэр тодорхой зарим зүйлийг нийтэд зарлахаар бэлтгэж байна. Тухайлбал, байгальд ээлтэй техник технологи нэвтрүүлбэл төрөөс ингэж дэмжлэг үзүүлнэ, хууль эрх зүйн орчноо ингэж өөрчлөнө, төрийн үйлчилгээндээ хүнд суртал, зөвшөөрөл лицензийн шат дамжлагаа ингэж цөөрүүлнэ, ийм төсөл хөтөлбөрийг концессийн жагсаалтанд оруулья, ийм ийм чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлье гэх байдлаар төслөө танилцуулья гэж төлөвлөж байгаа. Харин хувийн хэвшлийнхэн маань энэхүү форумд идэвхитэй оролцож санал бодлоо чөлөөтэй гаргаж нэг мөр шийдэлд хүрэх хэрэгтэй байна. Энэ нь хувийн хэвшлийг ч өөд нь татна, төрийн ажлыг ч цэгцэлж, урагшуулна. Магадгүй төр хариуцаж байгаа нэрээр хэн бүхэнд хаалттай, хориотой байж, тэр хэрээр устаж мөхөж байгаа зүйлсийг сэргээнэ. Энэ бол бидний эхлүүлэх, хийх ёстой ажил. “Ногоон хөгжлийн төлөөх түншлэл” нэртэй энэхүү форумаар бид хөгжлийн галт тэргээ хөдөлгөнө, тэгэхдээ үүндээ хувийн хэвшлийнхэнтэйгээ хамт суугаад хөдлөнө гэж найдаж байна даа.
Ярилцсанд баярлалаа.