Билл Кондон
“WikiLeaks бидэнд хэрхэн нөлөөлөв, мэдээлэл түгээлтэд ямар хувьсгал гаргав гэдгийг бид хэдэн арван жилийн дараа ойлгоно. Үйл явдал дөнгөж өрнөж эхэлж байна. Тиймээс энэ киноны зорилго нь энэ сэдвийн төгсгөл биш, харин ч эсрэгээр, мэдээлэл олж авах эрхийг хөндөхийг зорьсон” хэмээн “Тав дахь засаглал” (The Fifth Estate) киноны найруулагч “Оскар”-ын шагналтан Билл Кондон /”Бурхад ба мангасууд” киногоороо Оскар хүртсэн/ хэвлэлд өгсөн ярицлагадаа хэлжээ. “Тав дахь засаглал” бол WikiLeak сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийн тухай өгүүлсэн кино юм.
Киног Ассанжийн тухай бичсэн хоёр баримтат номоос сэдэвлэн бүтээжээ. Эхнийх нь Ассанжийн хамтран зүтгэгч байсан, германы харъяат Даниэль Домшайт Бергийн “WikiLeaks-ийн дотор: Жулиан Ассанж ба дэлхийн хамгийн аюултай веб сайттай хамт байсан миний амьдрал /Inside WikiLeaks: My Time With Julian Assange at the World"s Most Dangerous Website/ ба Их Британийн The Guardian сонины сэтгүүлчид болох Дэвид Ли, Люка Хардинг нарын хамтран бичсэн "WikiLeaks" гэсэн хоёр номд түшиглэн Жошо Сингер кино зохиолыг бичжээ.
WikiLeaks-ийг үндэслэгч Австралийн харъяат Жулиан Ассанж (түүний дүрд жүжигчин Бенедикт Камбербэтч тоглосон) ба түүний хамтран зүтгэгч Домшайт-Берг (түүний дүрийг Даниэль Брюль бүтээсэн) хамтран дэлхийд хүчирхэгт тооцогдог ертөнцийн бодит байдлыг илчлэн харуулах зорилгоор интернэтэд өөрийн талбар бий болгоод, нууц мэдээлэл эзэмшигчдийг нууц нэрээр энэхүү тэдний сайтад материалаа нийтлүүлэх боломжийг олгож байгаагаар кино эхэлнэ. Засгийн газруудын нууц баримтууд, томоохон корпорациудын гэмт хэргийг олны хүртээл болгож эхэлснээр WikiLeaks удалгүй уламжлалт хэвлэл мэдээллээс илүүтэй дуулиант мэдээллийг нийтлэх боллоо.
АНУ-ын дипломат баримт бичиг, цэрэг, тагнуулын нууц мэдээлэл гарч эхэлсэн цагаас Ассанж, Берг нарын хооронд ардчилсан чөлөөт нийгэмд нууцыг хадгалах үнэ цэн ямар байх, мөн нийтэлж олон нийтэд ил болгосны үнэ цэн ямар байх вэ гэсэн хамгийн чухал асуудлаар санал зөрөлдөөн үүсдэг.
Найруулагч Билл Кондон киногоо үйл явдлын өрнөлтэй хийсэн. Мөн кинонд компьютерийн дэлгэц, гар, хатуу диск гэх мэт орчин үеийн электрон хэрэгслүүдийн дүрс ихтэй. Гэхдээ найруулагч киноны гол баатрууд, тэдний хоорондын зөрчилдөөнд гол анхаарлаа хандуулжээ.
Их Британийн жүжигчин Бенедикт Камбербэтч Жулиан Ассанжийн сонирхолтой хувилбарыг бүтээв. Их Британи дахь Эквадорын Элчин сайдын яаманд “хоригдоод” буй Ассанже үнэндээ ямар хүн бэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Их Британи түүнийг Шведэд шилжүүлж өгнө гэсний дараа Эквадор улс төрийн орогнолыг Ассанжид өгсөн юм. Шведэд түүнийг хүчингийн хэрэгт холбогдуулаад байгаа. Харин энэ хэрэгт гомдол гаргасан хоёр эмэгтэй Ассанжетай ямар нэг шахалт дарамтгүйгээр бэлгийн харилцаанд орсон гэдгээ мэдэгдээд байгаа. АНУ-ын засаг захиргаа түүнийг шүүхээр мөрдөн мөшгөх эрмэлзэлтэй.
Гэхдээ “Тав дахь засаглал” кинонд гол баатрын амьдралын энэ хэсгийг огт харуулаагүй. Кино олон нийтийн мэдээллийн сүлжээ хэмээх шинэ үзэгдэл, гол баатруудын, магадгүй шинэ анархистуудын дэлхийг өөрчлөх гэсний төлөө төлөхөд бэлэн төлөөсийг харуулах зорилгоор бүтээсэн.
Сонирхолтой нь энэ үйл явцаас Берг номоо бичээд хожсон бол харин Ассанже хохирогч нь болж байна. Гэхдээ тэр өөрийгөө хохирогч гэдэггүй.
Гэхдээ “Тав дахь засаглал” бол түүхэн баримтат кино биш драм байгаа гэдгийг ойлгох ёстой. “Энэ бол баримтат кино биш, тэгж ч сэтгэгдээгүй. WikiLeaks-ийн тухай хэд хэдэн баримтат кино бий. Энэ тоо өснө гэдэгт эргэлзэх зүйлгүй. WikiLeaks-ийн дэлхийд өдөөсөн зарим чухал асуудлын судалгааг хийхийг бид зорьсон. Манай үеийн сэтгэл татсан баатруудтай сэтгэл хөөрлийн аян хамтдаа хийх боломжийг үзэгчдэд өгч байгаа юм. Ирээдүйд энэ түүхийн өөр хувилбар гарч ирнэ. Энэ нь энэ түүхийг улам ч сонирхолтой болгоно“ гэж Билл Кондон өгүүлэв.
Эдүгээ Ассанже болон түүний портал нь улс төрийн ил тод байдал ба аюулгүй байдлын хоорондын зааг нийгэмд ямар байх вэ гэсэн маргааны төвд байсаар байна. Тэр заагийг хэн тогтоож өгөх вэ?
WikiLeaks үүсгэн байгуулагч Ассанжедаа хэд хэдэн нэгр хүндтэй шагналыг авчирсан юм. Кени дэх дураараа авирлагч, алуурчдыг илчилсэнийх нь төлөө Amnesty International байгууллага өөрийн шагналаа Ассанжед 2009 онд өгсөн. Time сэтгүүл 2011 онд түүнийг дэлхийн нөлөө бүхий 100 хүний тоонд оруулж байлаа.
“Тав дахь засаглал” кино ОХУ-ын кинотеатруудад өнгөрсөн аравдугаар сарын 24-нөөс гарч эхэлж байгаатай холбогдуулан Холливудын Гадаад хэвлэлийн холбоо Ассанжийн хувьд ховорхон боломж болох оросын сэтгүүлчидтэй хийх видео уулзалтыг зохион байгуулж өгчээ. Ассанже нэг цаг 15 минутын турш сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
Ассанжийн сэтгүүлчдэд өгсөн зарим хариултаас доор сийрүүлвэл,
– …. Жефферсоны хэзээ нэгэн цагт бахархалтайгаар ярьж байсан Төрийн хариуцлагын асуудлыг хэвлэл мэдээлэл хяналтдаа авах цаг болсон. Барак Обама мөрдөн мөшгөлтөө тагнуулчидтай тэмцэх шалтгаар хийж байна. Обамагийн засаглалын үед мөрдөн мөшгөгдөж байгаа хүмүүсийн тоо 1917 оноос хойш АНУ-ын аль ч Ерөнхийлөгчийн үед байгаагүйгээр өссөн. Сүүлийн удаа би 2010 онд АНУ-д очсон. Тэр үед би дахиж АНУ руу очиж чадахгүй гэдгээ мэдээгүй. Миний олон америк найз ч мэдээгүй. АНУ улс төрийн орогнол олдог биш, харин улс төрийн цагаачлал хийдэг газар болсон байна. Үүний нэг нь Эдуард Сноуден. Энэ юуг харуулна вэ? АНУ-ын улс төрд юу болж байна вэ? Элитүүдийг хянах үүрэгтэй ч өөрсдөө тэдний нөлөөнд нь автсан АНУ-ын хэвлэл мэдээлэлд юу болж байна вэ? Миний бодлоор АНУ-ын хэвлэл мэдээлэл барууны ертөнцөд үүсээд нөхцөл байдлын хариуцлагыг хуваалцах ёстой. Зөвхөн хэвлэл мэдээлэл ч биш манай дэлхийг өөр нүдээр харуулах зорилгоор янз бүрийн киног санхүүжүүлж байгаа хүмүүс ч бас хариуцлага үүрэх ёстой. Тэд үйл явдлыг эргүүлэхийн тулд, хүмүүсийн оюун санаанд нөлөөлөхийн тулд соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
-Хийсэн зүйлдээ би харамсдаг уу гэж үү. Өндөр эрсдэлтэй холбоотой ямар ч үйлдэл хийсэн бид хатуу шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Үр дагавар нь хаашаа ч эргэж болно. Гэхдээ би үүнээс өөр зам сонгохгүй байсан. Хэрэв бидэнд тэрбумын хөрөнгө, 10 мянган хүн байсан бол бид ийм хувийн хамгаалалтын арга хэмжээ авахгүй байсан. Гэхдээ нэгэнт нөхцөл байдал ийм учраас цөөн тооны итгэлтэй хүмүүсдээ найддаг. Миний гаргасан бүх чухал шийдвэр зөв байсан…
-АНУ-д хуулийн хаанчлал задран унаж байгаа нь хэн ч өөрийгөө аюулгүй байдалд байна гэж гэж үзэх аргагүйд хүргэж байна гэсэн үг юм. Яг одоогийн байдлаар америкийн ард түмэн огт хянадаггүй хэсэг бүлэг хүний гарт АНУ аажмаар шилжиж байна.
-Түүх намайг хэрхэн шүүх нь надад сонирхолтой биш. Би өнөөдөр чухал хэрэгтэй зүйл хийх хүсэлтэй. Түүхийг өөр өөрөөр бүтээдэг. Өнгөрсний талаар байж болох бүх худал үгээр түүх бүтдэг гэж би боддог.
Бодит үйл явдалд үндэслэсэн киноны орлогын жагсаалт /сүүлийн 20 жилийн байдлаар/
1. “Дархлагсад”, Франц.
Төсөв: €9,5 сая ($12,9 сая)
Ашиг: $444,1 сая
2. "Эрин Брокович", АНУ
Төсөв: $51 сая
Ашиг: $256,2 сая
$172,9 сая, КАК- 1,88 пункт.
3. "Олон нийтийн сүлжээ", АНУ
Төсөв: $40 сая
Ашиг: $224,9 сая
4. “Боломж үгүй”, АНУ
Төсөв: $45 сая
Ашиг: $198 сая
5. “Хар харцаганы уналт”, АНУ
Төсөв: $92 сая
Ашиг: Ашиг: $172,9 сая
“Тав дахь засаглал” кино 30 сая ам.доллараар бүтжээ.