ГХ-ны сайд уран олборлох гэрээ байгуулаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

ГХ-ны сайд уран олборлох гэрээ байгуулаагүй гэв

Монгол Улс Бүгд найрамдах Франц улстай аль тэртээ 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш энэ онд анх удаа Гадаад харилцааны сайдын төвшинд манай оронд айлчлал хийсэн нь хоёр талын харилцааг шинэ төвшинд гаргасан үйл явдал болсон юм.

Дэлхийд тэргүүлэгч нөлөө бүхий гүрнүүдтэйхарилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь эдийн засгийн хөгжлөө түргэтгэх, ардчилсан нийгмийн байгууламж, үнэт зүйлээ бэхжүүлэх гээд олон талын ач холбогдолтой. Тийм ч учраас бодлогын энэхүү чиглэлээ “гуравдагч хөршийн бодлого” хэмээн тодорхойлж, хууль эрх зүйн болон төрийн баримт бичигтээ тусгасан байдаг. Францын гадаад хэргийн сайд Лоран Фабиусын Монголд хийсэн айлчлалын агуулга, үр дүн ч бас дээрх бодлогын хүрээнд амжилттай болж өнгөрсөн. Харин дотоод дахь улс төрийн тэмцлээс үүдэн зарим эх сурвалж энэхүү айлчлалын үр дүнг гуйвуулах, буруу зөрүү ойлголт олон нийтэд түгээж эхэллээ. Тодруулбал, Монгол Улсын засгийн газар, тэр дундаа Гадаад харилцааны сайд Л.Болд дээрх айлчлалын үеэр уран олборлох гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан гэх мэдээллийг нэр бүхий улс төрийн нам, бүлэглэлийн зүгээс цацаж, үүнийг эрс эсэргүүцэж буй байр сууриа илэрхийлсэн юм.

Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайдын зөвлөх А.Батпүрэвээс тодруулахад “Айлчлалын үеэр хоёр талаас албан ёсоор гарын үсэг зурсан гэрээ, хэлэлцээрүүдийн талаар тухайн үед ил тод мэдээлж байсан. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд “Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай” хоёр талын хэлэлцээрт л гарын үсэг зурсан” гэв.

Мөн айлчлалын хүрээндхөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монголын талаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга гарын үсэг зурсан бол Боловсрол, Шинжлэх ухааны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд хоорондын Санамж бичиг байгуулж, Монголын Нотариатчдын танхим Францын Нотариатын Дээд зөвлөлийн хоорондын гэрээг хоёр тал үзэглэжээ.

Харин зориудаар мушгин тайлбарлаж буй асуудлын хувьд гэвэл цөмийн эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс 1997 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж буй Францын “Арева” компанитай Монголын төрийн өмчит “МонАтом” хамтарсан компани байгуулах тухай гэрээг тус компаниудын хооронд байгуулсан байна. Ингэхдээ хамтын ажиллагаа нь “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-той нийцэж байх ёстойг манай тал мэдэгдсэн гэдгийг Гадаад харилцааны сайдын зөвлөх онцоллоо.

Монгол Улс Франц Улстай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны төвшинг ахиулах, манай улс дахь Францын эдийн засгийн сонирхол, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримталжлыг цаашид хөхиүлэн дэмжиж, францын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа аж. Тус улсын Гадаад хэргийн сайдын анхны айлчлал дээрх бодлогын илэрхийлэл болж, зорьсон үр дүнд хүрсэн гэж  Засгийн газар үзэж байгаа юм байна.

З.ОРГИЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж