Оффисийн зориулалттай 72 давхар “4 World Trade Center” цамхгийн өндөр нь 298 метр бөгөөд 214 мянган квардрат.метр талбайг хамарчээ. Барилгын ажил нь 2008 онд эхэлсэн тус барилгын зураг төслийг уран барилгын Притцкеровын шагналт, Японы уран барилгач Фумихико Маки бүтээсэн байна. Silverstein Properties компани 1,67 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг уг төсөлд оруулжээ. Арваннэгдүгээр сарын байдлаар, барилгын талбайн 60 хувийг улсын хоёр компанид түрээслүүлээд байгаа гэнэ.
Дэлхийн худалдааны төвийн цогцолбор нь 6,5 га талбайг эзэлсэн долоон өндөр барилгаас бүрэлдэж байлаа. Террорын довтолгооны явцад ихэр хоёр цамхаг ба “7 World Trade Center” барилга бүрэн нурсан байв. Үлдсэн өндөр барилгууд нь эвдрэл ихтэй байснаас хожим тэднийг буулгасан юм.
Дэлхийн худалдааны төвийг сэргээн барих төсөл нь зургаан өндөр байшин, музей, дурсгалын цогцолбор (2011 оны есдүгээр сард нээгдсэн), тээврийн зангилаа зэргээс бүрэлдэж байгаа. “7 World Trade Center” барилга 2006 онд баригдсан, гэхдээ “Ground Zero” гэж нэрлэгдсэн газрын бүсийн гадна байгаа юм.
Төслийн оргил нь “One World Trade Center” цамхаг болох ба өндөр нь 1776 фут (541 метр) байх юм. Энэ цамхгийн өндөр нь АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаг гарсан 1776 оны бэлгэдэл болж байна. Энэ цамхгийн албан ёсны нээлт 2014 онд хийгдэнэ. Бүх байгууламжуудыг 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.