ДАШТ-ийн эрхийн төлөөх тоглолтууд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

ДАШТ-ийн эрхийн төлөөх тоглолтууд эхэлнэ

Йордан Оманы шигшээтэй тэнцэж ДАШТ-ий плей-оффын эрх авлаа. 2013 оны аравдугаар сарын 13.

2014 онд Бразил улсад болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорих багуудын шувтаргын шатны тоглолтууд /плей-офф/ өнөөдөр эхэлнэ.

Өнөөдөр 19:30 цагаас /Улаанбаатарын цагаар/ Азийн бүсээс ДАШТ-ий плэй-оффд өрсөлдөх эрхтэй болсон Йордан талбайдаа Өмнөд Америкийн бүсийн тавдугаар байраар шалгарсан Уругвайн шигшээтэй тоглоно. Энэ тоглолт Йордан улсын нийслэл Амман хотын “Интернейшнл” цэнгэлдэх хүрээлэнд болно. Луйс Суарес, Эдинсон Кавани тэргүүтэй Уругвайчууд ДАШТ-ийг зорих бүрэн боломжтой. Луйс Суарес, Эдинсон Кавани энэ жил тун сайн формтой байгаа. Уругвайчуудыг хүчирхэг довтолгоог зогсоож чадвал Йорданд боломж бий. Гэвч хэцүү.

“Бид Йорданы шигшээг басч болохгүй. Тэднийг талбайд хэрхэн тоглодгийг сайн мэдэхгүй байна” гэж Уругвайн шигшээ багийн дасгалжуулагч Оскар Таварес ярьсан байна. Харин Йорданы шигшээ багийн дасгалжуулагч Хоссам Хассан “Энэ тоглолт маш хүнд хэцүү болно. Гэсэн ч манай баг талбайдаа сайн тоглож, ашигтай үр дүнтэй байхыг зорих болно” гэжээ. Хоёр багийн хариу тоглолт аравнэгдүгээр сарын 21-нд Уругвай улсад болно.

Мөн өнөөдөр шөнийн 01:00 цагаас Хойд Америк тивээс плей-оффд оролцох эрхтэй болсон Мексикийн шигшээ талбайдаа далайн орнуудын аварга Шинэ Зеландтай тоглоно. “Чичарито” Хавиер Эрнандес тэргүүтэй Мексикчүүд ДАШТ-ийг зорихыг тун их хүсч байгаагаа илэрхийлсэн. Үүний тулд Шинэ Зеландыг Мехико хотынхоо “Астека” цэнгэлдэх хүрээлэндээ хожих ёстой. Хариу тоглолт арваннэгдүгээр сарын 20-нд Шинэ Зеландын Виллингтон хотноо болно. 

Харин 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий Европийн бүсийн плей-оффын тоглолтууд арваннэгдүгээр сарын 16, 19-нд болно.

Одоогийн байдлаар Бразилд болох ДАШТ-ийг зорих эрхийг 21 улсын шигшээ баг аваад байна. 

Мексикийн шигшээ багт хамгаалагч Рафаель Маркес багтжээ

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж