Төсвийн хэлэлцүүлэг үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Төсвийн хэлэлцүүлэг үргэлжилж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Энэ хүрээнд ажлын хэсгийн нийт 160 гаруй саналын томъёоллоор санал хураалгах ёстой. Одоогоор нийт 80 гаруй саналын томъёоллоор санал хураалгаад байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засахад зориулж 1 тэрбум 250 сая төгрөг төсөвт суулгах тухай, Чингэлтэй дүүргийн 11 хороонд хүүхдийн цэцэрлэг барихад зориулж 1 тэрбум 325 сая төгрөг төсөвт суулгах тухай саналууд тус бүр гишүүдийн 87.7 хувийн саналаар дэмжлэг хүлээлээ. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн их засварт зориулж 630 сая төгрөг нэмэх, Ховд аймгийн Үенч суманд Соёлын төв барихад зориулж 700 сая төгрөг тусгах, Өмнөговь аймгийн Манлай сумын Соёлын төвийн төсөвт өртөг нь 1.2 тэрбум төгрөг, үүнээс 680 сая төгрөгийг 2014 оны төсөвт суулгах, Сонгинохайрхан дүүрэгт 700 суудалтай спорт цогцолбор барихад зориулж 1 тэрбум 80 сая төгрөг тусгах, Төв аймгийн Зуунмод суманд 800 хүний суудалтай Хөгжимт драмын театрын барилгад зориулж 3.2 тэрбум төгрөг тусгах зэрэг санал гишүүдийн 80 гаруй хувийн дэмжлэг хүлээж, төсөвт суулаа.

Түүнчлэн Булган аймгийн Булган сумын нэгдүгээр сургуульд 640 суудалтай сургууль барихад 4.3 тэрбум төгрөг төсөвт суулгах, Хөвсгөл аймагт 120 ортой цэцэрлэг барихад зориулж ирэх онд 500 сая төгрөг тусгах, нийт төсөвт өртөг нь 1 тэрбум төгрөг, Баян-Өлгий аймгийн Сагсай, Улаанхус суманд 35 вольтын хүчин чадалтай цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барихад зориулж 1 тэрбум төгрөг тусгах, Завхан аймгийн Улиастайн Богдын голд 100 ортой цэцэрлэгийн барилгад ирэх онд 500 сая төгрөг нэмж тусгах, төсөвт өртөг нь 1 тэрбум төгрөг, Сэлэнгэ аймгийн Ерөөбугант тосгонд 100 ортой хүүхдийн цэцэрлэг барихад 1 тэрбум 9 сая төгрөг суулгах, мөн аймгийн Мандал суманд хүүхдийн цэцэрлэг барихад 700 сая төгрөг тусгах саналууд гишүүдийн 70 гаруй хувийн саналаар дэмжлэг хүлээж төсөвт суулаа.

Санал хураалт үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж