
Үнэг чоно хоёр хамт явж байгаад гүзээ шар тос олжээ. Олсон шар тосыг хоёулаа тэгш хувааж идэхийг завдаж байтал үнэг,
– Энэ тосыг энд идэхэд зохисгүй, хүн явна. Харин өндөр уулын орой дээр гарч идье гэж гэнэ. Тэгээд үнэг “Авч явах ч юухан байх вэ? Үүрээд л явчихна. Харин аахилах гэж л нэг айхавтар ажил бий дээ” гэхэд чоно “За би үүрэхийг нь үүрье. Чи аахилж үз” гээд тосоо үүрээд явжээ. Үнэг амаа ангайгаад араас нь дагажээ. Үлгэрээс сурах юм их бий, үлгэрээс авах юм ч их бий гэдэг.
Монголчууд аймаар мундаг. Улстөр, эдийн засгийн талаарх лут онол дэвшүүлж, өөр хоорондоо твиттер, фейсбүүкээр цэцэрхэх нь гайхалтай. Хараад байх нь ээ, бонд, бодлогын асуудлаар мэдэхгүй ч хүн алга, бас мэддэг ч хүн цөөхөн юм. Бонд өр үү, зээл үү гэдэг чухал биш л дээ. Хэн яаж харж, дүгнэхээс л шалтгаалах хэрэг юм. Өөлбөл өр, сайлбал зээл байх. Гэхдээ хамгийн гол нь бондын хөрөнгөөр өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу хийв, эдийн засагт энэ хөрөнгө ямар дэмжлэг үзүүлэв гэдэг нь чухал болохоос өр байна уу, зээл гэнэ үү хамаагүй, төлөх нь үнэн юм хойно.
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн оны сүүлчээр олон улсын хөрөнгийн зах зээлээс 1.5 тэрбум ам.доллар олж ирсэн. Энэ мөнгөө хэрхэн яаж зарцуулах нь вэ гэдэг нь зөвхөн монголчуудад хамаатай биш, бидэнд итгэж мөнгөө зээлсэн гадны томоохон санхүүгийн лидерүүдийн анхаарлын төвд байгаа асуудал. Анхны гэдэг утгаараа алдаа оноо бий ч авсан зээлээ хэрхэн зарцуулахаас Монголын цаашдын хөгжил, хөрөнгө оруулалтад ч чухлаар нөлөөлнө. Тийм болохоор Засгийн газарт тэр мөнгөөр тоглох эрх байхгүй гэсэн үг юм. Учир нь Монголын Засгийн газар гадаадынхнаас зээлсэн мөнгөө төлж чадахгүй, эсвэл түүнийгээ хууль бусаар зарцуулсан тохиолдолд дахиад олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө олж ирэх суваг хаагдана. Тэгэхээр гадаадынхнаас зээл авчирсан 1,5 тэрбум ам.доллараа Монгол Улс юунд зарцуулсан, хэзээ төлж дуусгах вэ. Энэ сэдвийг мөнгө авсан монголчуудаас илүү мөнгө зээлсэн гадныхан сонирхож байгаа байх. Зээлийн гэрээний дагуу Чингис бондын 500 сая ам.долларын үндсэн төлбөрийг 2018 онд дуусгана. Харин үлдсэн нэг тэрбум ам.долларын зээлийг арван жилийн дараа барагдуулах ёстой. 2018 он хүртэл Монгол Улс жил бүр 72 сая ам.долларыг хүүнд нь зарцуулах юм байна. Бондын хөрөнгийн 77 хувийн зарцуулалтыг Засгийн газар тодорхойлж, олон нийтэд ил тод болгоод байгаа. Өөрөөр хэлбэл, аймгийн төвийг нийслэл хоттой холбох 1800 км авто замд 570 тэрбум төгрөг зарцуулахаас өнөөдрийн байдлаар 855 км авто замыг тавьжээ. Үлдсэн ажлыг ирэх хавраас эхлүүлэх юм. Орон нутгийг Улаанбаатартай холбох авто замыг тавьснаар хөдөөд хөгжил авчирна гэж Засгийн газар үзэж буй. Хэдэн жилийн өмнө жижиг тэргээр хөдөө явах боломжгүй байсан бол өнөөдөр өдөртөө л Хөвсгөл, Архангай, Баянхонгор орчихдог болсон. Тэгэхээр Монгол Улс замаа дагаад хөгжиж байгаагийн илрэл энэ биш гэж үү.
Нийслэлийн авто замын 33 уулзварыг шинэчилснээр Улаанбаатарын түгжрэл 30 хувиар буурах тооцоог холбогдох яам, агентлагийнхан гаргажээ. “Гудамж” төслийн хүрээнд энэ жил 18 уулзвар шинэчилсэн бөгөөд энэ ямархуу ажил болсныг захын жолоочоос асуугаад үзээрэй. Бондын хөрөнгөөр нийслэлд хийгдэж байгаа бас нэг ажил бол гэр хорооллыг дахин төлөвлөх. Энэ ажлын хүрээнд нийслэлд долоон орон сууцны хороолол, 10 гэр хорооллын цэвэр бохир ус, цахилгаан дулаан, инженерийн шугам сүлжээг бондын хөрөнгөөр шийдвэрлэх юм. Өнөөдрийн байдлаар нийт 416.8 тэрбум төгрөг зарцуулахаас 60.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байгаа аж. Экологийн цэвэр бүтээгдэхүүнээр иргэдээ хангах, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих үүднээс ноос, ноолуур, сүү сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд бондын хөрөнгөөс тодорхой мөнгөн дэмжлэг үзүүлэхээр болсон. Мөн Чингис бондоор Тавантолгойн цахилгаан станц болон Тавантолгой-Сайншанд-Чойбалсан, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд нийт 1800 км төмөр зам барихаар шийдвэрлээд буй. Энэхүү “гүзээтэй шар тос”-ыг хэрхэн зарцуулах талаар Засгийн газар том үүрэг хүлээгээд байгаа юм. Харин тэдний үүрээд алхаж байгаа “гүзээтэй шар тос”-ыг аахилан дагагсад ч цөөнгүй. Тэгэхээр бонд бол өр, бонд босгох хэрэггүй гээд байгаа улстөрийн хүрээнийхэнд хандаж хэлэхэд Монголд зээлгүйгээр хөгжих боломж тэгээд байна уу. Байгаа бол өнгөрсөн жилүүдэд тэр өргүй хөгжлийн бодлогоо яагаад хэрэгжүүлээгүй юм бэ. Өнгөрсөн хугацаанд өр тавьж, мөнгө тараасан нь тэгээд юу болж таарах вэ.
Бонд бол монголчуудад олдсон боломж. Тиймээс боломжийг бололцоо болгож, бололцоог хөгжил рүү яаж чиглүүлэх вэ гэдгээ л ярилцаж, зөвшилцөх нь өнөөдрийн хувьд чухал байна. Монголд бондоор “бороо” орж байвал гоё биш үү. Харин бондоор орсон бороонд эдийн засаг сэргэх ёстой гэдэг гол асуудлаа нэгдүгээрт тавьж байх учиртай юм.