“Хонгор багын нутаг” дуу төрлөө

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

“Хонгор багын нутаг” дуу төрлөө

Далан зургаатай ахмад Батын Цэрэнчимэд “Хонгор багын нутаг” нэртэй анхныхаа дууг зохиож сонсогчиддоо өргөн барилаа.

Өөрийн төрж өссөн Өмнөговь аймгийн Баян-Овоо сум байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан, уугуул нутгийн түмэндээ өргөж байгаа эгшгийн цэнхэр хадаг хэмээн зохиогч дууныхаа өмнөтгөлд дурьджээ. Соёлын Тэргүүний ажилтан, ая зохиогч  Донойжавын Халтар дууны аялгууг хамтран урлажээ. “Хонгор багын нутаг” дуугаар сонороо мялаасан анхны  сонсогчид нь, “Өмнийн цэнхэр говийн уул ус, ижий аавыг минь, нүдэнд харагдтал багтаан дүрсэлсэн гоё бүтээл болжээ” хэмээн үнэлж ахмад уран бүтээлчдээ баяр хүргэлээ.  Үнэхээр ч эх нутгийнхаа босгыг манан сүндэрлэх “Өндөр Богд” хайрханаас хойшлоод, “Хоёр Луус”-ын хөндий цэнхэртэн, “Хачиг Хөрх”-ийн уулс, “Үнэгэд”-ийн хүрэн овоо, “Налих”-ын хярын ухаа зоо шаргалтаж, хүй цөглөн мэндэлсэн “Могойн” ус, “Сундуул”, “Шургуул”-ын бэлчир дамжин өнгөрөөсөн унаган багын нутгаа ийнхүү тэрбээр дуундаа мөнхөлсөн нь энээ. 

Өмнөговь аймгийн Даланзадгад хотын кино театр, номын сангаас эхлэн соёлын байгууллагад насаараа зүтгэсэн ахмад ажилтан Б.Цэрэнчимэд гуай, Монгол киноны 80 жилийн ойгоор хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн “Соёлын гавъяа” одонгоор шагнагдсан нь, шинэ дуугаа өлгийдөн авсан баярт үйлтэй нь бас давхацлаа.

Ө.РАГЧААСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж