-Өнгөрсөн Засгийн газрын хуралдаан дээр таныг огцруулах асуудлыг хэлэлцсэн юм уу. Элчин сайдаар ажиллах болзолтойгоор огцруулах асуудлыг зөвшөөрсөн гэлцэж байсан?
-Надад ийм санал ирээгүй. Засгийн газраас ийм санал ирсэн байсан ч би хаашаа ч явахгүй.
-Ажилдаа хариуцлагагүй хандаж байна гэсэн шүүмжлэл байгаа юм биш үү?
-Надтай хариуцлага тооцох асуудал байхгүй гэж бодож байна. Олон түмний эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажилласан гэж л хариуцлага тооцохгүй бол шүү дээ. Намайг гүтгэж, нэр төрд маань халдаад, хүссэн хүслээ гүйцээх гэж байгаа бол надад хэлэх үг, барих бэлэг бий. Би сайдын суудлыг гуйж, худалдаж авдаг улстөрч биш. Миний улс төрд ажиллах цаг хугацаа, тэмцэл дуусаагүй.
-Эх, хүүхдийн эндэгдэл нэмэгдсэн, эмнэлгийн хүртээмж муудсан гэдэг шүүмжлэл олон нийтийн дунд ч их байна?
-Энэ оны эхний арван сарын тайлангаас үзвэл эх, хүүхдийн эндэгдэл өнгөрсөн жилийн мөн үеэс буурсан. Төрөлт 4100 гаруйгаар нэмэгдсэн. Манайд бодит байдлыг гуйвуулж олон түмний толгойг эргүүлдэг “хар” технологи нэвтрээд удаж байна. Түүний л нэг байх.
-Түлэнхийн төвийн талаар ямар тайлбар өгөх вэ?
-Зарим теливизээргэмтлийн эмнэлгийн өвчтөнүүдийг шалан дээр хэвтүүлсэн. Түлэнхийн төвөө ашиглалтад оруулж чадахгүй байна гэсэн мэдээлэл гарсан. Гэхдээ хэн мөнгө төлж захиалгат нэвтрүүлэг цацуулсныг би мэдэж байгаа. Өмнөх Засгийн газрын үед түлэнхийн төвийг нураасан. Улмаар өвчтөнүүдээ гэмтлийн эмнэлгийн шалаар зулаад хэвтүүлсэн байсан. Үүн дээр арга хэмжээ авч түлэнхийн төвийг түрээсийн байранд оруулсанд харин ч олон хүн бидэнд талархаж байгаа байх.
-Үүнээс гадна Эрүүл мэндийн яам Засгийн газар дотроо хамгийн хүнд сурталтай яамаар тодорсон байна лээ?
-Засгийн газар хоёр удаа яамдуудынхаа ажлыг дүгнэсэн. Манай яам магнайлаагүй ч сүүл ч бариагүй. Дунд хавьд нь явж байгаа. Судалгааны хувьд өөрсдөө нэг үзүүлэлт зохиож, өөрсдийнхөө үзэмжээр байр эзлүүлчихдэг тоглоомын нэг байх.
-МАХН-ын Бага хурал энэ сарын 24-нд болох тов гарч. Ямар асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм бэ?
-Бид МАХН үнэт зүйлээ гээх бий гэдгээс болгоомжилж байна. Бага хурлаараа олон асуудал хэлэлцэнэ. Ямар ч нөхцөлд зарчмаасаа ухарч, байр сууринаасаа хазайхгүй.
-Н.Энхбаяр даргын бие ямар байгаа бол?
-Бие нь засарч, сайжирч байгаа. Гэхдээ ойрд холбоо бариагүй байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин