
Сангийн яамны тухайд ихэвчлэн туслан гүйцэтгэгч компани болон төрийн байгууллагадаа хүнд суртал гаргадаг байх. Өөрөөр хэлбэл иргэн бидний амь насанд шууд аюул учруулахгүй учраас орхиж болно. Боловсрол, шинжлэх ухааны яамны тухайд бол харин асуудал бий. Гэхдээ шууд бусдын амь настай “тулалдахгүй” гэдэг утгаар нь илүүг онцлохоос татгалзав. Харин Эрүүл мэндийн яамны хувьд бол өөр.
Энэ яам болон яамны салбар харьяа газар нь хамгийн түргэн шуурхай байх ёстой. Гэтэл өнөөдөр улсын эмнэлэгт үзүүлэх гэж ямар их асуудал болдог билээ дээ. Тухайлбал жирэмсэн эх дээр жишээлээд бодоод үзээрэй. Хэзээ мөдгүй төрөх гэж буй тулгар эх төрхийн өмнөх шинжилгээ өгөх байлаа гэж бод. Тэр эх 6-7 шинжилгээ өгөх гэж лав л долоо хоногийн хугацаа зарцуулна. 06 цагаас дугаарлаж эхлээд, өдрийн 13-14 цаг хүргэнэ. Дараагийн өдөр нь дахиад л эмнэлгийн үүдэнд дугаарлана. Арай л дэндүү. Тэр бүх хүндрэлээс үүдэн боломжтой эхчүүд нь хувийн эмнэлэг бараадна. Эмнэлэгт очлоо, үзүүллээ, хариугаа авлаа, гарлаа… Дэндүү хялбархан.
За тэгээд өөр бусад өвчтнүүдийн хувьд хэлэх ч юм биш. Өрхийн эмнэлгийн эмчийн өглөөний унд уухыг хүлээхээс эхлээд өдрийн цайных нь цагийг өнгөрүүлэх учиртай. Тэгж байтал дүүргийн эмнэлэг нь үзэхээ байчихна. Дараагийн өдөр дахиад л дүүргийн эмнэлэг орно. Дүүргийн эмч мөн л хүн учраас идэж уух хэрэгтэй. Тэр бүхнийг нь дуусгаж байж эмнэлэгт үзүүлнэ. Тэндээсээ улсын төв эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болвол дахиад нэг өдөр заавал ажлаасаа чөлөө авах учиртай. Энэ бол амьд явах эрхийг зөрчиж буй хамгийн эхний хүнд суртал. Үүнээс цааш танил тал харах, таньдаг хүндээ сайрхах, танихгүйгээ хажиглах гэх мэт харилцааны алдаа эрүүл мэндийн салбарт арай л их. Хэрэв гарт нь цөөхөн ч болов бэлэн мөнгө атгуулбал амьд явах эрхээ эдлэх боломж жинхэнэ утгаараа нээгдэнэ. Тэгэхээр амьд явахын тулд та бидэнд эцсийн ганц сонголт байгаа нь амьд явах эрхээ худалдаж авах. Нэгэнт Эрүүл мэндийн яам болоод салбарынх нь хүнд суртлыг даван туулж чадахгүйгээс хойш шүү дээ. Иймд ирэх өдрүүдээс эхлэн өөрийнхөө зүгээс амьд явах эрхийг арын хаалгаар худалдах далд бизнест ханцуй шамлан орохоор эрслэн шийдэв. Эрхээ эдэлж чадаагүй хүний цөхрөл гэдэг энэ бөлгөө.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин