Сэргэлэн “Seven” ч юм дуулна аа

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Сэргэлэн “Seven” ч юм дуулна аа

Ажил тарлаа, гэртээ харилаа. Хийх юм олдохгүй хэцүүдэж байна. Зурагтын суваг эргүүлнэ. Солонгосын сериал, Монголын уран сайхны киноноос өөр сонголт үгүй. Зурагтаа эвдэлтэй биш, удирдлагыг нь цонхоор шидэлтэй биш. Уураа “дотроо Батбаяртай, дөрвөлжин биетэй хар юмандаа” л гаргана. Оюуны өмчийн газар зэрэг байгууллагууд телевизүүдийг зохиогчийн эрх гэдэг юмаар айлгаснаас хойш ийм болчихоод байгаа юм. Ёстой яршигтай. Холливуудад шинэ, шинэ кинонууд нээлтээ хийж, гадаадын   телевизүүдээр гоё, гоё кинонууд гарах бидэнд ямар ч падлийгүй. Гадаад хэл мэдэхгүй юм чинь Монголоос өөр суваг үзээд ч яах юм бэ. Монгол кинонууд гоё шүү дээ. Өнгөрөгч долоо хоногийн таван өдөр нь “Мойлхон” гэдэг МУСК-г цээжилтлээ үзлээ. Наанадаж телевизүүддээ баярлах, цаа­на­даж Оюуны өмчийн газарт талархах. Манайхан АНУ-д очиж Петер Жексон /”Бөгжний эзэн”/, Фрэнсис Форд Кополла /”Загалмайлсан эцэг”/, Стивен Спилберг /”Шиндлерийн бүртгэл”/-тэй гэрээ хийж, киног нь гаргах гэрээ хийе гэхээр кинонууд нь сонирхолгүй, мэргэжлийн бус, уйтгартай, тэгээд ч хууль журам чангарахаас өмнө үзчихсэн болохоор нь больчихдог гэсэн. Зах зээлгүй Холливуудын кино үзэж байснаас Солонгосын “савангийн  дуурь”, Энэт­хэгийн “дуулалт жүжиг”, Мон­голын дээр үе­ийн кинонууд нь хавьгүй сонир­холтой. 

Зарим телевиз Дональд Трамп гуайтай гэрээ хийчихсэн, шоуг нь гаргаад чадаад л байгаа юм. Зарим нь их сэргэлэн. “Seven” гэдэг телевиз гэхэд “Тэрний 7 хоног” гээд хөтөлбөрөө гаргачихсан байна. Энэ маягаар телевизийн хөтөлбөртөө өнгөлөн далдлалт хийгээд сонирхолтой кино гаргаж байх жишээтэй. Оюуны өмчийн газрынхан, Мэдээлэл харилцаа хол­бооныхон мэ­дэх ямар ч боломжгүй. Тэд телев­изийн хөтөлбөрүүдийг нь л үзэж шалгадаг юм чинь. Шилдэг менежменттэй бай­гаа биз дээ. Шинэ он гарах дөхөж байна. Шилдгүүдээ шалгаруулах цаг болж байна. “Seven” ч юм дуулна даа. Ер нь ингэхэд зохиогчийн эрх, оюуны өмч гэхээ больчихвол яасан юм бэ. Хууль байлаа гээд хэн ч дагаж мөрддөггүй юм чинь. Цаашдаа ч дагаж мөрдөхгүй биз.

Б.ОЮУНГЭРЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж