оны Төсвийн төслийг хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн төрийн албаныхны цалин
хөлс, оюутны тэтгэлэгтэй холбоотойгоор МАН популизм хийж эхэллээ.
Монголчуудыг угжны хүүхэлдэй болгож, тэдний сэтгэлийг хэдхэн төгрөгөөр
худалдан авах
ядмагхан арга барил нь улс орны, хүн амын эдийн засгийн хөгжлийн чөдөр
болоод буйг энэ олон жил төр төвхнүүлж ирсэн намынхаа хувьд ойлгоогүй нь
харамсалтай.
Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, хүссэн
хүсээгүй төсвөө танах бодлогыг дэлхийн олон улс орнууд хэрэглэж, тэр
байтугай өндөр хөгжилтэй өмнөдийнхөн хүртэл тансаг хэрэглээгээ хумьж,
илүү дутуу зардлаа танаж эхлээд байгаа энэ үед хөгжиж яваа Монгол Улсын доллар олох ихэнх сувгууд нь хаагдчихаад байхад арабын баян шейх шиг
аягласаар байх уу. Хавтгайруулсан халамжаар хэдий болтол амь зууна гэж
мөрөөднө вэ. Төрийн албаныхны цалинг 30 хувиар нэмэгдүүлж, оюутны
тэтгэлгийг бүгдэд нь олгох ёстой гэж том дуугаар хашхирч байгаа МАН
өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн хавтгайруулсан халамжийн бодлогынхоо
алдаанаасаа сургамж авсангүй гэвэл дэгсдүүлсэн дүгнэлт болохгүй байх.
Өнгөрсөн 2010-2012 оны хооронд 800 тэрбумыг бэлнээр тарааж, үр ашиггүй
зарцуулсны гор өнөөдрийн уналт, өсөлтийн дарамтаар эдийн засагт илэрч
байгаа юм. Өвгөд эмгэдийг үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол арилжааны
банкуудын хаалгыг сахиулж, сар бүхэн иргэндээ 21 мянган төгрөгийг
салхинд хийсгэснээр архидалт, ажилгүйдэл нэмэгдсэн болохоос амьжиргааны
төвшин дээшлээгүй гэдгийг бодох л асуудал байх.
Монгол Улсын зуу
орчим их дээд сургуульд 140 мянга гаруй оюутан суралцаж, сар болгон нэг
оюутан 70 мянгаар “тансаглаж” байна. Жилдээ 106 тэрбум төгрөгийг оюутны
тэтгэлэгт зарцуулдаг гэхээр энэ мөнгө эдийн засагт ямар дарамт болдгийг
эрх биш төрийн бодлого боловсруулж, төсвийг захиран зарцуулж явсныхаа
хувьд МАН-ынхны сайн мэдэх ёстой сэдэв юм. Тус нам дахь эрүүл саруул
ухаантай эдийн засагчид нь өнгөрсөн хугацаанд тараасан бэлэн мөнгө эдийн
засагт эрсдэл авчирсныг хүлээн зөвшөөрдөг.
Хичээлдээ суусан,
тасалсан хамаагүй 70 мянган төгрөг авна гэдэг шударга бус тогтолцоо.
Эрхээ нэгдүгээрт тавьсан Монголын оюутнуудад үүрэг, хариуцлагын талаар
ойлгуулахын тулд одоо олгож байгаа тэтгэлэгт өөрчлөлт хийх замаар идэвх
зүтгэлтэй, сайн сурсан нь “цалин”-гаа авдаг дээд боловсролын тогтолцоонд
шинэчлэл хийх санал олон нийтийн дэмжлэг аваад буй. Ингэвэл дээд
сургуулиас төрж байгаа мэргэжилтнүүдийн үнэлэмж сайжирна. Мэдлэгийн
төлөө тэд мэрийж сурах нь гарцаагүй. Тэгэхгүйгээр сайн, мууг ялгалгалгүй
хавтгайруулсан халамж олгоод байх юм бол хариуцлагын талаарх наад захын
ойлголтгүй оюутнууд олширч байна. Сурахын төлөө биш зугаа цэнгэлийн
төлөө залуу насаа зориулж байгаа нөхдүүд Монголын оюутнуудын дунд
байхгүй гэвэл худлаа болох байлгүй.
МАН-ын бүлэг Дээд боловсролын
санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт
оруулах хуулийн төслийн тухайд УИХ-аар анх хэлэлцэж баталсны дагуу
оюутан бүр тэтгэлэг авах ёстой, хамрах хүрээ нь өөрчлөгдөх шаардлагагүй
гэж үзжээ. Тус намынхны хувьд Монголын мянга, мянган оюутныг ашиглаж
өөрсдийнхөө улстөрийн тоглолтыг хийх далд бодол агуулж байгаа болохоос
сайндаа ч тэдний төлөө санаа тавиад байгаа юм биш байх.
Монголын
эдийн засгийн хөгжлийг чөдөрлөсөн, монголчуудын хийж бүтээх эрмэлзлийг
хугалсан иймэрхүү марзан бөгөөд тэнэг бодлогыг МАН өнгөрсөн жилүүдэд төр
барих хугацаандаа хангалттай хэрэгжүүлсэн. Байгалийн баялгаа
барьцаанд тавьж Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн нэрээр зээлсэн мөнгөө
бэлнээр тарааж, хавтгайруулсан халамжийн бодлого хэрэгжүүлснээр эдийн
засагт асар их ачаалал нэмэгдсэн. Иргэдийн амьдралд багагүй дарамт
болсон шүү дээ. Бэлэн мөнгө болгоод тараасан зээлийнх нь үлдэгдлийг
өнөөдөр ч төлж чадалгүй нүүрсээ өрөндөө өгөөд явж байгааг МАН-ынхан юу
гэж тайлбарлах бол.
Одоо дахиад л улиг болсон ганц аргаа хэрэглэж
Монголын ирээдүйг халамжийн ангаахайнууд болгохыг санаархаж эхэллээ.
Монголчуудыг угжны хүүхэлдэй, халамжийн ангаахай байлгах хүсэл өөрөө
эдийн засагт тодруулбал, улс орны үндэсний аюулгүй байдалд хамгийн
хамгийн хортой. Энэ өнцгөөс нь харвал МАН-ын гаргаж байгаа санал эдийн
засгийг хорлож байгаатай ялгаагүй санагдана. Тэгэхээр эдийн засагт
иймэрхүү хорлонтой бодлого хэрэгжүүлсээр ирсэн МАН-ынхан “эдийн засгийн
алуурчин” юм биш үү. Ийм л гаргалгааг тэдний илэрхийлж байгаа байр
сууриас хийж болох юм. Монгол хүний үнэлэмж ямар байх нь тэдэнд чухал
биш, Монголын төр дэх эрх мэдлээ хадгалж үлдэх нь МАН-ын далд санаа юу
гэлтэй.