-МАН-ын удирдлагууд гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж байна. Уулзалтын зорилго юу вэ?
-Намын удирдлагын төвшинд ажиллаж буй хүмүүс гишүүд дэмжигчдээс саллаа, УИХ-ын гишүүд намын гишүүд, дэмжигчдээ сонсохгүй байна гэсэн шүүмжлэл сүүлийн үед маш их гарсан. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, намын удирдлагууд цаашид долоо хоног бүр нээлттэй уулзалт хийхээр болсон. Намын дотоодод тулгамдаад буй санал шүүмжлэлийг жирийн гишүүд, дэмжигчдээс сонсох, төрдөө хэлэх үгийг сонсч, УИХ-ын гишүүдээр дамжуулж, төрийн бодлогод тусгах, намд холбоотой асуудлыг намын үйл ажиллгаанд тусгах зорилготой. Өөрөөр хэлбэл, намын анхан шат, иргэд сонгогчид хооронд үүссэн орон зайг нээлттэй уулзалтаар нөхөх зорилготой юм. Зөвхөн МАН-ын гишүүд, дэмжигчид бус иргэд ч МАН-ыг сөрөг хүчний хувьд ийм зүйл хийгээсэй гээ хүсч байгаа шүү дээ.
-Намын удирдлагууд бүхэлдээ шинэчлэгдчихлээ. МАН-ын шинэчлэлийн эхний алхам юу байх вэ?
-МАН бодлогын шинэчлэл хийхийг зорьсон. Үүнийгээ намын Их хурлаар хэлэлцэж намын алдаа оноо, зорилго чиглэлээ ярьсан. Дараа нь бүтэц, хүний нөөцийн шинэчлэл хийхийг зорьсон. Намын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийн зохион байгуулалтаас эхэлж шинэчиллээ. Ялангуяа 1970, 80-аад оны залуучууд намын удирдлагад хүч түрэн орж ирсэн шинэчлэл явагдлаа. Барууны хөгжилтэй оронд боловсрол эзэмшсэн залуус намын удирдлагад орж ирж байгаа нь хүний нөөцийн болон бүтцийн шинэчлэл байсан. Одоо энэ удирдлагууд үйл ажиллагааны шинэчлэлийг яаж хийх вэ гэдэг асуудал үлдэж байна. МАН-ын шинэ бүрэлдэхүүн ард түмний дуу хоолой болсон сөрөг хүчин байгаасай гэж ард түмэн, гишүүд дэмжигчид хүсч байгаа. Мөн МАН өөрсдийн өнгөрсөн цаг хугацааны алдаа дутагдалд үнэлэлт, дүгнэлт хийж, цаашид энэ нам улстөрийн манлайлах байр сууриа авах ёстой гэсэн зарчим баримталж байна. Өөрөөр хэлбэл, дараа дараагийн сонгуульд ялалт байгуулж, ялагддаг биш ялдаг нам болохын тулд үйл ажиллагаагаа эрчимжүүлнэ.
-МАН авлигачдаас болж хэд хэдэн сонгуульд ялагдал хүлээснийг намын Их хурлын төлөөлөгчид хэлж байсан. Нам дотроосоо авлигачдаа АТГ-т шалгуулна гэсэн яриа ч гарсан. МАН авлигачидтайгаа хэрхэн тэмцэх вэ?
-Би намын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшихдээ, хувь хүн хувийн эрх ашиг, өөрийнхөө төлөө яваад хууль бус үйл ажиллагаанд оролцсон, нэр нь холбогдсон бол уучлаарай гэж хэлж чаддаг, энэ хүмүүстэй бид хариуцлага тооцдог байх ёстой, улстөрийн дэмжлэг үзүүлдэггүй байх зарчмыг бид өнөөдрөөс эхлэн бий болгох ёстой гэсэн зарчим барьж ажилласан. Нэг хүнээс болж, нийтийн эрх ашиг, нэр хүнд сэвтэх ёсгүй. Тиймээс хувь хүн өөрийнхөө хийсэн хууль бус үйл ажиллагааны хариуцлагыг хүлээж чаддаг, үүн дээр нам ьнь хатуу хариуцлага тооцдог зарчмыг барьж ажиллана, шинэ бүтэц.
-Шинэ бүтцээ Засгийн газрын бүтэц шиг байгуулсан гэж намын дарга хэлсэн. Энэ магадгүй 2016 оны сонгуульд ялалт байгуулах зорилго гэж ойлгож болох уу?
-Ер нь сөрөг хүчний хувьд нийгэм, эдийн засаг, хууль эрхзүй, аюулгүй байдлын асуудал зэрэг гол гол зүйлүүд дээр эрх баригч хүчин юу хийж байна гэдгийг харж, зөвийг нь дэмжих ёстой. Буруу, засч, залруулах зүйл юу байгааг нь хэлдэг, ярьдаг, залруулдаг байх нь сөрөг хүчний үүрэг. Тиймээс энэ үүргээ биелүүлэхийн тулд МАН өөрийнхөө Удирдах зөвлөлийн бүтцэд сөрөг хүчний бүтцийг оруулж өгсөн.
-Үндэсний зөвшилцлийг улстөрийн намуудтай явуулна гэсэн?
-Улс орны хөгжлийн тогтвортой байдал, хөгжлийн тогтвортой хөтөлбөр гэж байх ёстой гэсэн зарчмыг МАН барьж буй. Аль ч улстөрийн хүчин Засгийн эрх аваад өмнөх хийж байсан ажлыг зогсоодог, өөрсдөө шинэ зүйл хийдэг үйлдэл нь төрийн залгамж халааны зарчим алдагдаж, эрсдэлтэй болж байгаа юм. Мөн улс эх орны язгуур эрх ашиг ард түмний үндэсний аюулгүй байдлаас илүүтэй хэн нэгэн хэсэг бүлэг, улстөрийн намын эрх ашиг гэж байх ёсгүй. Тэр утгаараа нийтлэг, язгуур эрх ашгийн төлөө МАН улстөрийн намууд, Засгийн газарт уриалга хүргүүлээд байгаа. Энэ чиглэл рүү дорвитой алхам хийж ажиллана.
-Шинэ генсек шинэчлэлээ юунаас эхлэх вэ?
-Би зарчмыг л баримталж ажиллана.