Эхлээд төсөв, дараагаар Р.Амаржаргал

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Эхлээд төсөв, дараагаар Р.Амаржаргал

“Улсын Их Хурлын гишүүнээс татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад уламжиллаа” гэх богинохон тайлбараар урт маргаан мэтгэлцээнийг эхлүүлсэн нь Р.Амаржаргал. Ямартаа ч тэрээр одоохондоо олон нийтийн дунд иймэрхүү таавар маргаантай хэвээр байх нь өөрт нь ашигтай гэж тооцоолсон бололтой. Яг л нүүдлээ хийчихээд эсрэг талынхаа хүний царайны хувирлыг ажиглаж суугаа тоглогч мэт. Түүний “Би удахгүй албан ёсоор мэдэгдэл хийнэ. Би одоогоор тайлбар хийхгүй” гэх үгс бол тайлбар биш, хэвлэлийнхний амыг таглах төдий зүйл. Үнэхээр түүний хүссэнээр нийгэмд түүний тухай яриа нэлээд газар авлаа, харин хувирал гаргах нь гаргаж, хариу үйлдэл хийх нь хийсэн эсэхийг бид мэдэхгүй.   

Р.Амаржаргал гишүүний өргөдөлд "Монгол Улсын Их хурлын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их хурлын гишүүнээсээ татгалзаж байна" гэжээ. Энэхүү заалт ёсоор “гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх  хүсэлтээ  өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” гэх шат дараалал бий. Үүгээр бол эхний алхмыг нь Р.Амаржаргал гишүүн хийсэн ч УИХ дараагийн алхмыг хийж байж “зорилго биелнэ” гэсэн үг. Өмнөх парламентын түүхэнд Ц.Шаравдорж гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал УИХ-аар хэлэлцэгдэж хүсэлтийг нь хүлээж аваагүй тул гишүүнээрээ үлдсэн тохиолдол ч байдаг аж.

Өөрөөр хэлбэл, эхлээд УИХ энэхүү саналыг нь хүлээн авах эсэх санал хураалт болж байж бүх зүйл шийдэгдэнэ гэсэн үг. Гэвч УИХ-д орж ирэхийн өмнөх шат ч гэж бий. Тэр нь Төрийн байгуулалтын байнгын хороо. Тус байнгын хорооны дарга А.Бакей өчигдөр энэ талаар “Хуульд бол УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдөл өгснөөс хойш төдий хугацаанд УИХ-аар хэлэлцэнэ гэсэн заалт байхгүй. УИХ-аар 2014 оны төсвийг баталсны дараа энэ асуудлыг хэлэлцэнэ” гэх хариулт өглөө.

Төсвөө батлах шахуу хугацаатай, хэрэв амжихгүй бол УИХ тарах хүртэл хариуцлагатай чухал ажил өмнө байгаа тул Р.Амаржаргалын маргааныг хэлэлцээд суух хугацааг одоохондоо гаргах зав үнэхээр байхгүйгээ ийнхүү тайлбарлаж. Байнгын хороогоор хэлэлцэгдээгүй асуудал цааш явахгүй тул улс төрийн намуудад л хамаатай нэгэн суудлын тухай эцэс төгсгөлгүй таамаглалаа өндөрлөөд ямар янзын төсөв батлах гээд байгаад нь ажиглаж суусан нь дээр мэт.

Шат дамжлагыг нь бүр задалбал Р.Амаржаргалын тухай Төрийн байгуулалтын байнгын хороонд орохоос өмнө Ардчилсан намын бүлэг дээр ярилцах нь дамжиггүй. Энэ тухай ч А.Бакей гишүүн “Асуудлыг хэлэлцээд эхлэхээр хүндэтгэх шалтгаан гэдэгт гишүүн маань тайлбар хэлж таарна. Тойргоос сонгогдсон гишүүн бол маш олон мянган сонгогчийн итгэл үнэмшлээр УИХ-ын гишүүн болсон.  Хэдийгээр улстөрийн үүднээс тийм шийдвэр гаргаж байгаа ч гэсэн сонгогчийн саналыг бодолцох байх. Нөгөө талдаа намын төвшинд яригдах ёстой асуудал гэж бодож байна” гэдгээс нь уншигдаж байна.

Эхлээд төсвөө батална, дараа нь бүлэг дээр ярилцана, дараагаар нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар оруулна, эцэст нь УИХ-д орно. Энэ шат дамжлагыг давж гишүүдийн олонх Р.Амаржаргалын огцрох саналыг дэмжвэл түүх цааш үргэлжилнэ. Тэр үед л нөхөн сонгуулийн тухай ярилцъя.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж