Хөндлөнгийн шинжээчийн хөлсийг төр даана

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Хөндлөнгийн шинжээчийн хөлсийг төр даана

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт байрлах Олон-Овоотыг тойрсон маргааныг эцэслэхийн тулд Монголын Засгийн газар тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулахаар болжээ. Энэ асуудлыг Уул уурхайн яам хариуцан ажиллаж байгаа юм байна.

Өмнөд  Африкийн “Стандарт” банкнаас удаа дараагаар авсан 109 сая ам.долларын зээлээ цаг тухайд төлөөгүйгээс болж хамаг бизнесээ алдаад байгаа  Ш.Батхүү хоригдохынхоо өмнө энэ бүх асуудал Ц.Мянганбаяртай холбогдсоноор эхэлсэн гэдгээ харамсангуйгаар мэдэгдсэн. Тэрбээр Ц.Мянганбаяраас 25 тонн алтны нөөцтэй гэх ордыг худалдан авсан ч бодит байдал дээр нөөц нь дөрөвхөн тонн байсан, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийнхөн Олон-Овоотын нөөцийг ор үндэслэлгүй тогтоосон хэмээн хэвлэлийнхэнд дуулгасан бөгөөд нэгэн цагт бизнесийн түнш явсан, өнөөдрийн хувьд “өстөн” болчихоод байгаа Ш.Батхүү, Ц.Мянганбаяр нарын наймаа эцэстээ татвар төлөгчийн мөнгөөр зохицуулагдах дээрээ туллаа.

Олон-Овоотын алтны нөөц хэд вэ гэдэг тоо нь зөрүүтэй, Ц.Мянганбаяр 25, АМГ-ын гаргасан дүгнэлтээр 18.5, Ш.Батхүүгийн мэдэгдсэнээр дөрвөн тонн гэсэн гурван хувилбарын аль нь үнэн болохыг хөндлөнгийн шинжээч, маркшейдр хөлслөн тогтоолгохоор Уул уурхайн яам ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгийнхэн өнгөрсөн аравдугаар сард газар дээр нь очиж танилцан Олон-Овоотын нөөцийн байдлын  талаар шалгаад ирсэн юм. Шалгалтынхан Ш.Батхүү цэвэр технологийн алдаа гаргаж, алтаа авч чадахгүйд хүрсэн гэх  дүгнэлт хийсэн ч энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхийн тулд заавал хөндлөнгийн шинжээч хөлслөхөөс өөр аргагүйд хүрсэн гэх. Тиймээс хөндлөнгийн шинжээчдийг хөлслөхийн тулд төсвөөс  асар их зардал гаргаж байгаа юм байна.

Хөндлөнгийн шинжээчээр одоогоор хоёр хүнийг ажиллуулах санал тавьсан бөгөөд тэднийгээ нууцлах шаардлагатай байгааг Уул уурхайн яамныхан дуулгасан. Тэдгээр шинжээч нар Монголын геологичид гэдгийг онцолно лээ.  Хөндлөнгийн шинжээч хөлсөлж, хэрвээ Олон-Овоотын нөөц Ш.Батхүүгийн хэлснээр дөрвөн тонн алттай байвал Ц.Мянганбаяр бусдыг залилсан хэргээр ял сонсч магадгүй. Харин АМГ-аас гаргасан дүгнэлттэй нийлбэл, Ш.Батхүү Олон-Овоотын нөөцийг шалгуулах шинжээчдийг хөлслөхөөр төрөөс гаргасан зардлыг хариуцах юм байна. Ш.Батхүүгийн хувьд наймдугаар сараас хойш шоронд хоригдож байгаа юм. Түүний хэрэгт холбогдуулан “Жаст” компани, Хадгаламж банк, ТӨХ-ны ажилтнуудыг шалгаж байгаа билээ. 

Бизнесээ алдаж, шоронд хоригдох болсон Ш.Батхүү эхнэр хүүхдээ гадаадад гаргасан гэх мэдээлэл байгаа юм.  Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авахдаа “Эрдэнэт”-ийн тавьсан, “Хадгаламж” банкны харилцагчийн өгсөн мөнгийг хууль бусаар ашигласан гэх хэргээр түүнийг хуулийнхан шалгаж буй юм. 

Ийнхүү алтны ордод шунасан баячуудын хэрүүл, маргааныг нэг тийш нь болгохын тулд татвар төлөгчдийн мөнгөөр зохицуулж байгаад ч харамсах хүмүүс байна.  Ш.Батхүүгийн хувьд Ц.Мянганбаярт гомдолтой, түүнд залилуулсан гэж үзэж байгаа бол энэ талаараа хуулийн байгууллагад хандаж гадаадын шинжээчдийг хөлслүүлэн шалгуулах бүрэн эрх нь бий шүү дээ. Гэтэл түүний өмнөөс төр яагаад татвар төлөгчийн мөнгөөр асуудлыг шийдвэрлэх гээд зүтгээд байгаа нь хачирхалтай. 

Хөндлөнгийн шинжээчдийн зүгээс чамгүй өндөр хөлс нэхэж байгаа бөгөөд угаасаа ч ийм ажлыг багагүй өндөр хөлсөөр хийдэг гэдгийг Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү хэлсэн. Хэд  хэдэн банкийг дампууруулахад хүргэж, нэр бүхий хүмүүсийн гар дамжсан Олон-Овоотын “А” лицензээ Г.Алтанд худалдсан хэмээн Ш.Батхүү хэвлэлийнхэнд мэдэгдсэн ч  АМГ-аас өгсөн мэдээллээр уг ордын тусгай зөвшөөрөл түүний нэр дээр хэвээр байгаа юм байна.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж