Сургуулиудын 50 хувийн босгыг хаслаа

Хуучирсан мэдээ: 2013.11.12-нд нийтлэгдсэн

Сургуулиудын 50 хувийн босгыг хаслаа

УИХ-ын  Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж,  Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,  2014 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон чуулганы хуралдаанаар  "Үндэсний тэтгэлгийг суралцагчийн суралцаж буй сургууль аттестатчлагдсан, төгсөгчдийн 50-аас доошгүй хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан байх, суралцагчдын сурлагын амжилт зэргийг харгалзан 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн олгох” гэсэн өөрчлөлтийг  хуулийн төсөлд тусгах саналыг зарчмын хувьд дэмжээд байсан юм.  Харин өнөөдөр хуралдсан Төсвийн байнгын хорооны хуралдаанаар  50-аас доошгүй хувь нь ажлын  байраар хангагдсан байх гэдэг  заалтыг хасч, тухайн сургуулийн сүүлийн төгсөгчид нь тодорхой хувиар ажлын байраар хангагдсан бол үндэсний тэтгэлгийг олгоно гэж өөрчиллөө.

Зарим гишүүдийн зүгээс  "Жилд 80 мянган ажлын байр бий болдог гэсэн судалгаа бий. Үүнээс 17 мянга нь дээд боловсролтой хүмүүст  таарах ажлын байр байдаг. Гэтэл жилд 35 мянга орчим оюутан төгсч  байна. Өөрөөр хэлбэл, 50 хувийн шалгуур тавих нь статистик дүн мэдээ худал гарна гэсэн үг”  гэж  50 хувийн босго тавихыг эсэргүүцэж байгаа юм.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж