Дэлхийн банк хятадын төрийн оролцоог сайшаав

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк хятадын төрийн оролцоог сайшаав

Монгол Улсын худал­дааны гол түнш Хятадад хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан инфляци эрх баригчдынх нь толгойг өвтгөх болжээ. Ялангуяа дэлхийн зах зээлийн нөхцөл байдлаас үүдэлтэй хүнсний ногооны үнийн өсөлт инфляци хөөрөгдөхөд голлон нөлөөлсөн гэнэ.

Дэлхийн банкны Бээжин дэх төлөөлөгчийн газрын эдийн засагч нар тус улсын энэ оны эхний улирлын эдийн засгийн тоймыг гаргаснаа Монголын сэтгүүлчдэд танилцуулах үеэрээ ийнхүү мэдээлсэн юм. Хүнсний бараа бүтээгдэхүүний гол нийлүүлэгчид үнэ өснө гэдэг хэрэглэгчдэд, ялангуяа манай улсын худалдан авагчдад хүрэх үнэд нөлөөлөх нь дамжиггүй. Үүнийг ч дээрх эдийн засагч нар үгүйсгээгүй юм. Өнгөрсөн сарын байдлаар тус улсын инфляци таван хувь орчим байсан ба цаашид ч улам өсөн нэмэгдэж болзошгүй дүр зургийг харуулж байна. Хятад улс улаан буудай, цагаан будаагаараа дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлдэг. Монголоос гадна тус улсаас хүнсний бүтээгдэхүүн импортолдог бусад улс оронд ч үнийн өсөлт нөлөөлж болзошгүйг тоймчид үгүйсгэсэнгүй.

Дэлхийн эдийн засагчдын гаргасан тоймд урд хөршийн эдийн засгийн байдал ерөнхийдөө урт хугацаандаа тааламжтай байх төлөвтэй. ДНБ-ий өсөлт энэ онд 9.3 хувь байх бол ирэх жил 8.7 хувь байх урьдчилсан таамгийг Дэлхийн банкны эдийн засагчид дэвшүүлжээ. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт сайн байгаа ч иргэдэд уг өсөлтийн үр дүн хүрэхгүй байгааг эрх баригчид олж харсан байна. Тиймээс Хятадын Засгийн газар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх болжээ. Хятад ойрын жилүүдэд эдийн засгийн томоохон өөрчлөлт хийхээр арванхоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд тусгасан байна. Тус улсад Монголтой адилхан орон сууцны эрэлт хэрэгцээ худртай нэмэгджээ. Тиймээс дээрх төлөвлөгөөнд төр нь иргэддээ зориулсан орон сууцжуулах хөтөлбөр тусгасан байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ орон сууцны барилгын зардлыг төрөөс санхүүжүүлж, маш хямд үнээр түрээслүүлэх, худалдах, түүний зөрүү үнийг татаасаар нөхөх зэрэг бодлого баримталж ажиллах гэнэ. Хамгийн гол нь Хятадын Засгийн газар өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж босгосон орон сууцаа иргэддээ худалдах бодлого барихгүй. Иргэдийн худалдан авах, төлбөр төлөх чадварт нийцүүлэх гэнэ. Түүнчлэн хөтөлбөр хэрэгжүүлэхдээ орон нутгийн засаг захиргааны байгууллагын санаачлага чухлыг онцолж байв. Дэлхийн банкны ахлах эдийн засагч, энэхүү судалгааны гол автор Луис Куижс “Хятадын Засгийн газар ёс суртахүүны ухуулгаар дарамтлах буюу захиргааны арга хэмжээний замаар биш харин инфляцийн эрсдэл болон хөрөнгийн зах зээлийг зохицуулахад макро бодлогыг төвлөрүүлэх нь илүү үр дүнтэй байх болно. Тэгэхээр макро төвшингийн хатуу бодлогыг зогсооход эрт байна. Санхүү, мөнгөний уян хатан бодлогыг хэрэгжүүлсэнээр хоёр замын эрсдлийг илүү сайн зохицуулж чадна” гэж хэлж байв.

Хятадын Засгийн газрын Арванхоёрдугаар таван жилийн төлөвлөгөөг Дэлхийн банк нэлээн сайшааж, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд төр шууд оролцох болсон нь шинэлэг зүйл болсон гэж байв. Ингэснээр тус улсын ажилгүйдэл буурч, амьжиргааны төвшин дээшилнэ гэж тэд тооцоолж буй юм. Арванхоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд үйлдвэрлэлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн гаргахад зорьж ажиллах зорилт тавьсан байна. Өөрөөр хэлбэл, хэрэгцээ хангах төдий хялбар аргаар хямд төсөр үйлдвэрлэл явуулахаа больж чанарыг эрхэмлэнэ гэсэн үг юм.

Хэдийгээр Хятадын эдийн засгийн ерөнхий төлөв сайн байгаа ч нөгөө талд сөрөг үр дагаврууд буйг тэд тооцоолж бодлогын хүүгээ чангатгах, төсвийн хатуу бодлого баримтлах, түүнд тавих хяналтыг чангатгасан арга хэмжээг дотооддоо авч байна.

Б.БЯМБАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж