
Пакистаны “Хаккани сүлжээ” зэвсэгт бүлэглэлийг үндэслэгч Жалалуддин Хакканийн хүү Насируддин нийслэл Исламабад хотын ойролцоо буудуулж амь үрэгдсэн тухай албаныхан мэдээлжээ. “Хаккани сүлжээ” зэвсэгт бүлэглэлийн санхүүчийн үүрэг гүйцэтгэдэг Насируддин Хакканийг хэн, яагаад хөнөөсөн нь тодорхойгүй байна. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнгөрсөн ням гаригт Исламабадын ойролцоо орших Равалпинди хотод буудалцаан гарах үеэр Насируддин Хаккани амь үрэгдсэн байж магадгүй гэнэ.
Өмнө нь өнгөрсөн 2012 оны наймдугаар сард “Хаккани сүлжээ” зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагааны дарга Бадруддин Хаккани гэгч агаарын дайралтын үеэр амь үрэгдсэн гэнэ. Одоогоор “Хаккани сүлжээ” зэвсэгт бүлэглэлийг Насируддиний том ах Сиражуддин тэргүүлж байгаа аж.