Олимпийн бамбар задгай сансарт аялав

Хуучирсан мэдээ: 2013.11.12-нд нийтлэгдсэн

Олимпийн бамбар задгай сансарт аялав

Олимпийн түүхэнд анх удаа олимпийн галт бамбар задгай сансарт аяллаа. 2014 оны Сочигийн өвлийн олимпийн бамбарыг тээвэрлэсэн ОХУ-ын сансрын хөлөг өчигдөр эх дэлхийдээ амжилттай газарджээ. “Союз ТМА-09М” сансрын хөлгийн багт ОХУ-ын Фёдор Юрчихин, АНУ-ын нисэгч Карен Найберг, Италийн Лука Пармитано нар багтсан бөгөөд хөлөг Казахтсанд өчигдөр орон нутгийн цагаар 08:50 цагт газардсан байна. Сансрын нислэгийг удирдах төвөөс зохион байгуулж хөлөг газардах цэгт 200 гаруй судалгааны болон аврах ажиллагааны мэргэжилтэн, 12 нисдэг тэрэг, аюулгүй албаны зургаан техник хэрэгсэл байрлуулсан байжээ.

2014 оны хоёрдугаар сарын 7-нд Сочигийн олимпийн нээлтийн үеэр бадамлах галт бамбарыг арваннэгдүгээр сарын 7-нд буюу өнгөрсөн пүрэв гаригт сансарт хөөргөсөн бөгөөд хоёр хоногийн дараа задгай сансарт гарчээ. Нислэгийн үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс галт бамбарыг түр унтраасан гэнэ.

Урьд өмнө нь олимпийн бамбар задгай сансарт аялсан түүх үгүй. Хоёр ч удаа буюу 1996 оны Атлантын зуны олимп, 2000 оны Сиднейн олимпийн бамбарыг сансарт хөөргөж байсан ч энэ удаагийнх шиг сансрын хөлгөөс гаргаж, задгай сансарт бадамласан тохиолдол байхгүй юм. Сочигийн олимпийн бамбарын аялал 123 өдөр үргэлжилж, ОХУ-ын 83 мужийн 132 хотыг дайран өнгөрөх маршруттай. Маршрутад багтсан хамгийн гайхалтай “зогсоол” нь ийнхүү задгай сансар боллоо.

Дашрамд, 22 дахь удаагийн өвлийн олимпийн наадам 2014 оны хоёрдугаар сарын 7-23-нд үргэлжлэх бөгөөд тамирчид 98 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж