
Рональдогийн FIFA.com-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Мэргэжлийн хөлбөмбөгчийн хувиар дебют тоглолтоо хийснээс хойш 20 жилийн хугацаа өнгөрчээ. Бүхний эхлэлийг тавьсан тэр өдрийг та мартаагүй биз дээ?
-Олон жилийн өмнөх явдал… Гэхдээ би хөлбөмбөгтэй холбоотой бүхий л зүйлсийг яг л өчигдөр юм шиг тод санадаг, бүр эхнээс нь шүү дээ. “Крузейро”-д тоогдож, хэрхэн мэргэжлийн төвшинд үнэлэгдэх болсон мөчөө маш сайн санаж байна. Би үргэлж л хөлбөмбөгч болох тухай мөрөөдөж явсан болохоор тэр үеийн мэдрэмж үнэхээр гайхалтай байлаа. Ид шидийн юм шиг… Миний хөл, гар, хуруунууд маань хүртэл салганаж, чичирч байсан. Ингээд тоглолт эхэлсэн, би өөрийгөө тайвшруулж чадсан…
-Таныг багийн үндсэн тоглогч болсон тухай дасгалжуулагч тань дуулгахад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Сандарч, зүрх минь хүчтэй цохилж байлаа. Мэдээж өөдрөг, гэрэл гэгээтэй, сайн сайхан төсөөлөл бий болж байсан. Надад хөлбөмбөг тоглох гэсэн цорын ганц хүсэл мөрөөдөл байсан болохоор аргагүй биз дээ. Тиймдээ ч сандрал, сэтгэл хөдлөлөө дарахыг хичээсэн. Тоглогчид мэдээж тоглолтын өмнө сандардаг, гэхдээ үүнийг даваад л гардаг. Нэгэнт тоглолт эхэлж, талбайд гарсан бол бүхнийг мартдаг.
-Тэр сайхан мэдээг хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бэ?
-Тэр үед чинь гар утас гэж юм байдаггүй байлаа. Ихэнх найзууд маань Бенто Рибейро /Рио-де-Жанейротой зэргэлдээ орших хот/-д амьдардаг байсан. Тэдний гэрт ч суурин утас байдаггүй байсан юм. Би хамгийн түрүүнд гэрийнхэндээ, бас цөөн хэдэн найздаа дуулгасан. Хүн болгон хөл нь газар хүрэхгүй баярлаж байсан. Миний оролцон тоглосон анхны тоглолт маань зурагтаар гарахгүй болохоор аав маань нэг толгодын орой дээр гарч тоглолтыг маань “үзсэн” гэдэг. Аавд минь нэг хуучны радио байдаг байлаа. Түүнийгээ бариад өндөрлөг газарт суугаад тоглолтыг радиогоор шууд хүлээн авч, сонссон гэсэн. Тэр тоглолтод бид ялсан юмдаг. Гайхалтай хэрэг шүү.
-Таны амьдрал одоо эрс өөрчлөгдсөн. Анхны цалингаа аваад ямар зүйлд зарцуулснаа санадаг уу?
-Тэгэлгүй яахав. Цалингаа авчихаад бүгдийг нь ээждээ өгч байлаа. Бенто Рибейро дахь гэрт аав, ээж, ах, дүү нар маань орон дээр, харин би буйдан дээр унтдаг байсан юм. Ээж минь баярласандаа надад ор аваад тавьчихсан байсан. Ингээд л би илүү тухтай унтаж амрах боломжтой болсон доо.
-Өнгөрснөө эргээд харахад танд засч залруулмаар санагддаг зүйл бий юу?
-Үгүй шүү. Багаасаа авсан тэр хүмүүжил, сахилга бат, миний шүтлэг, хөлбөмбөгт зориулсан сэтгэл зүрх байсан учраас бүхнийг би өөрийнхөө хүссэнээр хийж чадсан гэж боддог. Шуудхан хэлэхэд миний бодож төсөөлж байснаас хэдэн мянга дахин илүү амьдралыг би туулж байна. Үүнээс ихийг би хэзээ ч хүсч, мөрөөдөж байгаагүй. Үргэлж л хөлбөмбөгч болох юмсан гэж боддог байлаа. Тиймдээ ч спорттой холбогдсон миний амьдрал төгс төгөлдөр байна.
-Төгс төгөлдөр, гэхдээ бас амаргүй. Та маш залуудаа гэрээ, төрөлх нутгаа орхиод Голланд руу явсан. Тэр үеийн мэдрэмж ямар байсан бэ, гэрээсээ тийм хол газарт ганцаараа байна гэдэг?
-Хүндхэн л байлаа. Би чинь ердөө 17-хон настай байсан шүү дээ. Голланд бол Бразилиас тэс ондоо газар. Наанадаж л -30 хэм хүртэл хүйтэрнэ. Тэр л намайг их зовоодог байсан. Бэлтгэлийн үеэр хөл, гар, хүзүү, чих гээд бүх юм хөлдчих шахна. Тийм хүйтэн газар амьдарна гэж зүүдэлж ч байгаагүй юм чинь аргагүй байлгүй. Хоол нь бас асуудалтай. Би хэлийг нь мэдэхгүй болохоор хоолны цэсээс зөв хоолоо сонгоно гэдэг бэрх даваа байлаа. Хэлийг нь сурах гэж нэлээд юм болсон, бараг хоёр жил. Одоо гэтэл бараг мартчихсан байдаг /инээв/. Гэхдээ л тэндхийн ногоон талбайд тоглох үнэхээр сайхан байсан шүү. Амьдралын минь үнэ цэнэтэй мөчүүд тэнд өнгөрсөн.
-Тэр үеийн довтлогчдоос онцолж нэрлэвэл?
-Зико үргэлж л миний шүтээн байсан. Довтлогч гэвэл (Марко) ван Бастенг нэрлэнэ. Гайхалтай тоглогч шүү дээ.
-Таны сонголт үргэлж зөв байсан уу. Хэрвээ тэр үед тэгсэн бол… гэх бодол төрдөг үү. Ядаж ганц…
-Миний сонголт, миний шийдвэр үргэлж зөв байсан. Яг зөв цагтаа. “Крузейро”, “ПСВ”, “Барселона”, “Интер Милан” гээд л, би зөв цагтаа зөв газартаа очсон гэж боддог. Энэ л хамгийн чухал.
-Та тоглож байсан клубүүдээсээ онцгойлж тодотговол?
-Надад тэрийг, энийг гэх шалтгаан байхгүй ээ. Харин би Английн хөлбөмбөгт хүч сорих юмсан гэж боддог байлаа, гэхдээ санаснаар минь болоогүй л дээ.
-Та “Барселона”-д супер од нь байлаа. Гэтэл та “Реал Мадрид”-д бас тоглож байсан. Мөн “Интер Милан”, “АС Милан”-д хоёуланд нь хүчин зүтгэж байсан. Хөлбөмбөгийн сая сая фенүүд танд хайртай, эсрэгээрээ таныг урвагч гэж харах хүн ч байгаа байх?
-Бразилийн нэртэй зохиолч Нелсон Родригез хэлсэн байдаг юм, “Үргэлж нэг хэвийн байх нь тэнэг хэрэг” гэж. Зарим нэг хүнд тааламжгүй сэтгэгдэл төрүүлсэндээ би харамсдаггүй. Учир нь би тэдэнд баяр баясал бэлэглэж байсан үе зөндөө бий шүү дээ /инээв/.
-Мэргэжлийн хөлбөмбөгчийн хувиар анхны тоглолтоо хийснээс хойш ганцхан жилийн дараа та АНУ-д болсон ДАШТ-д нэг ч удаа талбайд хөл тавиагүй байж, аваргын цом өргөсөн. Ромарио, Дунга, Бебето нарын шилдгүүдийн эгнээнд багтах ямар байв?
-Ромарио, Бебето, Дунга, Рай, Леонардо гээд зөвхөн зурагтаар хардаг тоглогчидтой хамт байсан үе дэндүү гайхалтай. Яг л эргээд сургуульд орчихсон юм шиг санагдаж байсан. Гэнэтийн тохиолдлоор надад тэдгээр гайхалтай тоглогчидтой хамт байж, тэднээс суралцах боломж олдсон. Бэлтгэл хийж байснаа, Ромарио, Бебето нар хэрхэн хууралт хийдэг байсныг одоо ч маш тод санаж байна.
-Бразилид болох ДАШТ ойртсоор байна. Улсынхаа шигшээ багийг нутагтаа болох ДАШТ-д ямар амжилт гаргана гэж хүлээж байна вэ. ДАШТ гэдэг Холбоотны цомтой адилгүй шүү дээ?
-Мэдээж ялгаатай. Гэхдээ Бразилийн шигшээ ямар баг гэдгээ Холбоотны цомын тэмцээнд хангалттай харуулсан. Дэлхийн аваргад бэлтгэх цаг хугацаа ч хангалттай байна. Тиймээс төрөлх нутагтаа дэлхийн аваргын цом өргөнө гэдэгт бразиличууд итгэж байгаа. Бидэнд боломж бий.
-2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гол фаворитуудыг нэрлээч?
-Мэдээж Испани, Герман. Гэхдээ Бразили ямар хүчирхэг баг болохоо харуулж чадсан, бас тэд нутагтаа тоглох давуу тал бий. Тиймээс түрүүлэх магадлалтай багуудыг дарааллаар нь нэрлэвэл Бразили, Герман, тэгээд Испани.
-ДАШТ-ий мэргэн буучийн жагсаалтад Мирослав Клозе танаас ердөө ганцхан гоол дутуу байгаа. Та эрхбиш үүнийг мэдэж байгаа биз дээ?
-Тэгэлгүй яахав, олон хүн энэ тухай ярьж байна. Мэдээж рекорд амжилтууд эвдэгддэг, үүнд цаг хугацаа л хэрэгтэй. Тиймээс надад санаа зовох зүйл байхгүй ээ. Хэн нэгэн нэг л өдөр энэ рекорд амжилтыг эвдэнэ. Миний бүтээсэн түүх, ДАШТ-д оруулсан миний 15 гоолыг хэн ч, хэзээ ч устгаж, үгүй хийхгүй шүү дээ. Клозе хэрэв надаас олон гоол оруулчихвал би түүнд баяр хүргэнэ, би түүнээр бахархана. Ингэснээрээ тэр миний түүхийг, миний гоолуудыг булааж авч байгаа хэрэг биш ээ.
-Хэрэв Клозе рекорд эвдчихвэл германчууд хариугаа авсан хэрэг болох байх даа. Учир нь та Герд Мюллерийн тэр амжилтыг эвдсэн шүү дээ?
-Магадгүй л юм. Рекорд амжилт буцаад Германд очно. Гэхдээ энэ амжилт хувь хүнд хамаатай болохоос багийн ялалт биш. Мэдээж багт тус дэм болох ч багаараа түрүүлнэ гэдэг илүү том амжилт.
-Эцэст нь, өнгөрсөн 20 жилийн хугацаанд туулсан амьдралаа хараад та 1993 оны Рональдод зөвлөгөө өгөх бол юу гэж зөвлөх вэ?
-Хүлээцтэй, хичээнгүй, дэг журамтай байгаарай гэж хэлэх байсан. Өнгөрсөн хугацаанд би хувь хүнийхээ үүднээс энэ чанаруудаа гээгээгүй гэж боддог шүү.