“Оюу Толгой” ХХК-ийн уурхайгаас Ханбогд сум хүртэлх 45 км урттай цахилгааны шугам, 35 кВт-ын хүчин чадалтай дэд станцыг долоо орчим тэрбум төгрөгөөр барьсан байна. Энэхүү цахилгааны шугам болон дэд станцыг Засгийн газарт хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр Ханбогд сумд боллоо. Энэхүү ёслолд Эрчим хүчний Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, Ханбогд сумын Засаг дарга Т.Буян-Өлзий болон нутгийн иргэд оролцлоо. Засгийн газарт хүлээлгэн өгсөн цахилгааны шугам, дэд станцыг цаашид “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит ХК-д, хамтран ажиллах гэрээнд “Оюу толгой” ХХК, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрчимний хүчний яам гарын үсэг зурлаа. Ёслолын үеэр “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх “Оюу Толгой ХХК болон Ханбогд сумын түүх ямагт холбоотой. Өнөөдөр Ханбогд сумын байнгын эрчим хүчтэй холбогдож буй түүхэн үйл явдал болж байна. Энэ байнгын эрчим хүч холбогдсоноор Ханбогд сум өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Эрчим хүчний дэд станц болон цахилгаан дамжуулах агаарын шугамд ашиглалтад орсноор “Оюу Толгой” болон Ханбогдчуудын харилцаа энэхүү байнгын эрчим хүчээр гагнагдлаа” гэдгийг онцоллоо. Ийнхүү байнгын эрчим хүчинд холбогдсоноор “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж, ажлын байр нэмэгдүүлэх, амьдралын ая тухаа сайжруулах тун сайхан боломж олдож байна” гэж Ханбогд сумын иргэд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа.
Ханбогд сумын энэхүү цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг манай үндэсний хөрөнгө оруулалттай компаниуд барьсан байна. Цахилгаан дамжуулах шугам нь орчин үеийн техникийн шийдлийг хангасан, шувуу үргээгчтэй, байгальд ээлтэйгээрээ онцлогтой гэнэ.
Дэлгэрэнгүй сурвалжлагыг эргэн хүргэх болно.