Энэтхэгчүүд брэндээ АНУ-д зарж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Энэтхэгчүүд брэндээ АНУ-д зарж байна

“Доктор Мом” брэндээ энэтхэгчүүд 200-250 сая ам.доллараар АНУ-ын “Johnson & Johnson” компанид худалдаж магадгүй. “Доктор Мом” бүтээг­дэхүүн ОХУ болон хуучин зөв­лөлтийн орнуудын зах зээлд жилд 45 сая ам.долларын худал­дааны эргэлттэй. Үүн дээр брэн­дийн нэр төрийн үнэлгээг багтаан дээрх үнийг санал болгожээ.

Америкийн “Johnson & John­son” компани Энэтхэгийн “J.B. Chemicals & Pharmaceuticals Ltd” компанитай “Доктор Мом” брэндийг худалдан авах хэлэлцээр хийж байна. Наймааны үнэ 200-250 сая ам.доллар болох ёстой гэж Энэтхэгийн Business Standard сонинд бичсэн байна. Тэнд өгүүлснээр хэлэлцээр гурван сар орчим үргэлж буй ажээ. Гэхдээ “J.B. Chemicals & Pharmaceuticals Ltd” компанийн төлөөлөгч “Зах зээлийн цуу ярианд бид тайлбар хийдэггүй” гэж хэлсэн байна.  “Johnson & Johnson” компанийн хоршооллын холбоог хариуцсан захирал, хатагтай Кэрол Гудрич мөн л “Компанийн бодлогын дагуу элдэв цуу ярианд тайлбар өгдөггүй” гэжээ.

Жоргүй эмийн зах зээлд “J.B. Chemicals & Pharmaceuticals Ltd” компанийн тэргүүлэх брэнд нь “Доктор Мом” юм. Энэ эм нь ханиад, ханиалгах өвчний үед хэрэглэдэг, дусал, тос, үрэл, уусмал хэлбэрээр үйлдвэрлэдэг. Орос болон хуучин Зөвлөлтийн зах зээлд “Доктор Мом” эмийн худалдааны жилийн эргэлт нь 44,88 сая ам.доллар хүрч байна. “J.B. Chemicals & Pharmaceuticals Ltd”-ийн орлого 2009-2010 онд гадаадын, тэр дундаа Орос болон тусгаар тогтносон орнуудын холбооны зах зээл дээрх өсөлтөөс улбаалан 60 хувиар нэмэгдсэн байна. Зөвхөн ОХУ-д хийсэн борлуулалтын орлого гэхэд л 45 хувиар нэмэгдэн 164,4 сая ам.долларт хүрчээ. “J.B. Chemicals & Pharmaceuticals” бүтээгдэхүүнээ зөвхөн Энэтхэгт үйлдвэрлэдэг ч ОХУ-д өөрийн салбар, төлөөлөгчийн газартай юм. Тус үйлдвэрлэгч Орос дахь салбараа худалдаж байгаа гэдэг мэдээлэл дөрөвдүгээр сарын 20-нд гарчээ. Анх яриа хэлэлцээ эхлэхдээ брэндийн үнийг 315  сая ам.доллар гэж тооцоолж байв. Тэр үед тус компанийн хувьцааны үнэ 7,6 хувиар өсч, 3.64 ам.долларт хүрсэн байна. Хувьцааных нь үнэ 1991 оноос хойш тийм өндөр хэмжээгээр өсч байгаагүй юм. Энэ үед “J.B. Chemicals & Pharmaceuticals” компанийн төлөөлөгч Орос дахь салбараа худалдахгүй гэж байсан билээ.

Оросын эмийн зах зээлийн­хэн “Доктор Мом”-ыг Оросын “Фармстандарт” гэдэг эмийн компани авна гэж таамаглаж байлаа. Энэтхэгийн эмүүд нь “Фармстандарт”-ын томуугийн эсрэг эмийн сагсанд ихээхэн тохирч байсан юм. Шинжээчид Энэтхэгийн салбарыг авах хөрөнгө мөнгө зөвхөн “Фарм­стандарт”-д бий гэж байлаа.

“Доктор Мом” брэндийг “Johnson & Johnson” авч байгаа нь зөв гэж шинжээчид дүгнэв. “J&J” компани нь эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эм худалддаг. “Доктор Мом” брэнд нь хэрэглээний хүчтэй брэнд юм» гэж шинжээчид тайлбарлаж байна. Хэрэв наймааны үнэ нь 200-250 сая ам.доллар гэж байгаа бол брэндийн нэр төрийн үнэ өндөр хувь эзэлж байгааг харуулж буй. Орос дахь салбарынх нь худалдааны эргэлтийг аваад үзсэн ч наймааны үнэ түүнээс хамаагүй өндөр байна. Зөвхөн брэндийн үнэ нь 150 саяас багагүй бололтой.

“Johnson & Johnson” компа­ни нь өдөр тутмын хэрэглээний ариун цэврийн бүтээгдэхүүнийг “Carefree” ба “O.B.” брэндийн нэрээр, “Neutrogina” брэндээр гоо сайхны бараагаа, “Clean & Clear”, “Johnson’s” нэрээр хүүхдийн ариун цэврийн бүтээг­дэхүүнийг, “Reach” нэрээр амны хөндийн цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг худалддаг. Компанийн эмийн сагст жоргүй эмүүд болох нүдний дусаалга “Visine”, томуугийн эсрэг “Tylenol”, линзийн арчилгааны “Acuvue”, түгжрэлийн эсрэг “Imodium”, никотинтай наалт “Nicorette”, герпесийг эмчлэх эм “Zyrtec” зэрэг ордог.

 Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж