
Рок хөгжмийн амьд домог Аеросмит хамтлагийн дуучин Стивен Тайлерыг мэдэхгүй хүн ховор. Түүнийг рок хөгжмийн ертөнцөд оруулсан хувь нэмрээс нь гадна Холливуудын од үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Лив Тайлерын аав болон Америкийн хамгийн олон үзэгчтэй шоуны нэг "Америкийн шүтээн"-ий шинэхэн шүүгч гэдгээр нь сайн мэдэх бизээ. 63 настай тэрбээр энэ сарын 3-нд болсон Америкийн кантри хөгжмийн академийн 48 дахь шагнал гардуулах ёслолд оролцсон билээ. Тэгвэл шагнал гардуулах ёслолоос гарч явсан мнь эрийг нэгэн сэтгүүлч хоргоож элдэв зүйлийг тэр дундаа Америкийн шүтээн шоуных нь талаар асуугаад амжсан ба хариуд нь Тайлер хатуухан үг хэлсэн гэнэ. Тэрбээр "Чөтгөр ав тэр Америкийн шүтээн чинь хэнд хэрэгтэй юм, америкаар дүүрэн шүтээн гэцгээсэн юмнууд дүүрэн байхад" хэмээн хэлээд хараалын үг урсгаж сурвалжлагч руу дайраад авсан гэнэ. Азаар тэрхүү сурвалжлагч нь түүний үнэнч фэн нь байж таарсан учир ямар нэгэн гомдол нэхэхгүй гэдгээ мэдэгдсэн ба сэтгүүлч л болсон хойно тэр явдлыг удаан дотроо хадгалаад байж чадсангүй нийтэд дэлгэсэн гэнэ. Шоуны зохион байгуулагчдын зүгээс ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй ба түүний хаа сайгүй чалчиж байдаг үгсийн нэг болгон чимээгүйхэн өнгөрөөхөөр шийдсэн бололтой.
Н.Наран