Төсвийн төслийг багцалж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2013.11.11-нд нийтлэгдсэн

Төсвийн төслийг багцалж дуусчээ

УИХ дахь АН-ын бүлэг  өнөөдөр хуралдаж  Ерөнхий сайдын мэдээллийг сонссон байна. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл  хийлээ. 

Авто зам,  төмөр замын асуудлаар Монгол Улсын  баримталж  буй бодлого, эдийн засгийг 2014 онд тэлэхэд Сангийн яам болон Эдийн засгийн хөгжлийн яамнаас эрх зүйн ямар орчинг шинэчлэх, өөрчлөх ёстой вэ гэдэг асуудлаар Ерөнхий сайдын мэдээллийг голлон сонсчээ. АН-ын бүлгээс төмөр бодлогыг энэ сард багтаан оруулж ирэх үүргийг Засгийн газарт өгсөн юм. Энэ асуудлаар Зам тээврийн яамны бодлогыг ирэх долоо хоногт сонсох юм байна.

Баялгийн сангийн тухай болон Өрийн удирдлагын тухай хуулийг ойрын үед батлан гаргах шаардлага бий. Өрийн удирдлагын тухай хуулийг Сангийн яам боловсруулж дууссан бөгөөд үүнийгээ ирэх долоо хоногт АН-ын бүлэгт танилцуулах юм байна. Монгол Улсын өр ямар хэмжээнд байгаа, цаашид яаж авч явах, эрх зүйн орчныг хэрхэн зохицуулах хэрэгтэй вэ гэдэг дээр цоо шинэ хандлага гаргах ёстой гэж АН-ын бүлэг үзэж байна.

Түүнчлэн 2014 оны төсвийн  төслийг Төсвийн байнгын хороон дээр багцлаад дуусч  байгаа талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат  мэдээллээ.  Тэрбээр "2014 оны төсөв дээр урсгал, үр ашиггүй зардлыг бууруулах асуудлыг үндсэндээ шийдсэн гэж найдаж байна. Хэмнэсэн, бууруулсан төсвийн мөнгө эргээд орон нутгийн хөгжлийг дэмжих төсөл, хөрөнгө оруулалт руу чиглүүлэхийг АН барьсан. Хүүхдийн эмнэлэг, боловсролын асуудлаар шинээр орж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг дэмжээд явахаа илэрхийлсэн. 2014 оных эрүүл төсөв гарах байх. 100 гаруй обьектыг царцаахаар санал оруулсан. Үүн дээр Төсвийн байнгын хороо ажиллаж байгаа болов уу. Үүнийгээ эргэж нягтлаад хоёрдугаар улиралд эргээд төсвийн тодотгол хийх шаардлага байгаа" гэлээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж