Өрөвдмөөр бас үзэн ядмаар

Хуучирсан мэдээ: 2013.11.11-нд нийтлэгдсэн

Өрөвдмөөр бас үзэн ядмаар

Хоёр бүсгүйн хувь заяагаар тоглосон “мундаг” эрийн тухай сүүлийн үед хүмүүс нэлээд шуугилаа. Харин энэ хэргийн дуулиан татварын байцаагч бүсгүйг 75 удаа хутгалж хөнөөсөн Ц.Туяад 22 жилийн ял оноосноор намжих шиг боллоо. Ид насандаа явсан хоёр бүсгүйн амьдрал ийнхүү нэг нь шоронд хатаж, нөгөө нь шороонд булуулснаар “дууслаа”.

Хоёр бүсгүйн араас зүрх нь эмтэрсэн эцгүүд амьдын тамд унаж, эхээ санан бэтгэрсэн үрс нь өнчрөн хоцров. Өрөвдмөөр бас өр өвдмөөр юм. Адилхан бүсгүй хүн байж нэгнийгээ хэрцгийгээр хөнөөсөн хэмээн Ц.Туяаг буруутгах хүн олон гарч байх шиг байна. Гэхдээ тэр нэгэнт хийсэн хэргийнхээ шийтгэлийг хүлээсэн. Ц.Туяа залуу нас, гоо үзэсгэлэн, хүсэл мөрөөдөл, эхийн хайр ер нь өөрт байгаа бүхнээ, нас дээр гарсан эцгээ, өмөлзөж санах үрстэйгээ орхиод явсан.     

Тэр бүсгүй өдийд хийсэн хэргийнхээ төлөө харуусан өөрийг нь гээгүй тэр эрийн төлөө хүний аминд хүрсэндээ толгойгоо шаан,  шоронгийн хүйтэн шалан дээр нулимс дуслуулан суугаа биз. Мэдээж хэрэг түүнийг аймшигт хэрэг үйлдсэнийг хаацайлж зөвтгөх гэсэнгүй. Гэхдээ амьдралаа аварч, бүрэн бүтэн байлгах гэсэн цөхрөл нь хутга барихад хүргэсэн ч юм билүү, хэн мэдэх вэ. 

 Ямартай ч хэрэг явдал ингэж л төгслөө. Харин өнөөдөр Д.Батболд гэгч залуугийн зугаа цэл залуухан хоёр бүсгүйн нэгийнх нь амь, нөгөөгийнх нь амьдралыг авч одсон ч тэрбээр үүнийг юман чинээ саналгүй амьдарч байна. Өнгөрсөн аравдугаар сард болсон шүүх хуралд өөрийнх нь төлөө бусдын аминд хүрсэн бүсгүйн доголон нулимсыг харж бах таваа хангах гэсэн мэт Д.Батболд ирсэн харагдсан. Тэр залуу бүсгүйчүүлийн хүсэмжит эр болсондоо бахархан, бардамнах мэт шүүх хурлын үеэр толгой дээгүүр даналзан, бохь зажилсан шиг хээв нэг сууж байсан нь олон хүний зэвүү дургүйг хүргэсэн байна билээ. Үнэндээ түүний харцнаас хоёр сайхан эмэгтэйн амьдралыг хар дарсан зүүд болгосныхоо төлөө харамсал, гэмшлийн өчүүхэн бараан сүүдэр харагдсангүй. Харин ч гавьяа байгуулсан мэт сэхүүн, давилуун явж буй нь олны нүдэнд өртсөн юм.

Хэрэг гарсан долоодугаар сарын 1-ний тэр бараан өдөр Д.Батболд амралтад өөр нэгэн бүсгүйг өвөртөө оруулчихсан зугаацаж явсан гэж бодохоор арга ч үгүй юм шиг. Өдгөө Уул уурхайн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албыг хашдаг Д.Батболд ажлаасаа хэсэг хугацаанд чөлөө авсны эцэст саяхан ажилдаа орсон гэнэ билээ. Түүний хувьд амьдрал урьдын адил үргэлжилнэ.

Харин энэ хэрэг ямар ч гэмгүй бяцхан үрс, өндөр настай эцгийн амьдралыг орвонгоор нь эргүүлчихлээ. Тэр үрсийн нэг нь эхийн зөөлөн гараар дахин илбүүлж, бүлээн дууг нь хэзээ ч сонсож чадахааргүй болсон бол нөгөө нь эхтэйгээ 22 жилийн дараа уулзах нь байна. Бүхэл бүтэн 22 жил эх үр хоёрт ямар удаан бас ямар шаналантай байх бол. 

Ц.Туяа бүсгүй шүүхээс ял зэм сонссон бол Д.Батболдод хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл үгүй. Мэдээж тэр бусад руу хүйтэн мэс барин дайраагүй учир шууд утгаараа бол тэр гэм зэмгүй. Гэхдээ бүсгүй хүний хувиар хорвоогийн алив сайхан бүхнийг эдэлж, сайн сайхан амьдрал руу тэмүүлж, мөрөөдөж явсан хүүхнүүдийг хагаралдуулсан хүн нь хэн билээ. Уг нь гадны зарим оронд гэр бүл үймүүлэгч самуун явдалтнуудад ял оноох хуулийн зохицуулалт байдаг гэсэн. Харин манайд бол ийм хууль байхгүй учраас тэр нэгэн Донжуанд хайраа өгсөн хоёр эмэгтэй болон тэдний ойр тойрныхон нь хохироод үлдлээ. Шалиг самуун явдалтай тэр эрийг хайрласны, халамж энхрийлэл, түшиг тулгуурыг хүссэнийх нь хариу бүсгүйчүүлд ингэж ирлээ. Ер нь бүсгүй хүн яагаад хэн нэгнээс хайр хүсч, харамласныхаа төлөө ийм хатуу шийтгэл амсч байна вэ. Эр хүний хувьд бүсгүйчүүдийг хайрлаж, халамжилж, өмөг түшиг нь болж, бүдэрвэл түшиж явах үүрэгтэй. Монгол хүний за андгай буй за гэдэг. Тэгвэл монгол эр хүн бүсгүй хүний өмнө амласан амлалт, хэлсэн үгнийхээ эзэн байж, эрсдэл гарвал даах нуруутай байх ёстой. Эр хүний хувьд надаас болж хэн нэгэн бүсгүй хүн, ялангуяа надад хайр, зүрх сэтгэлээ өгсөн эмэгтэй шаналж зовохыг харж  чадахгүй.

Харамсалтай нь өнөөдөр Д.Батболд шиг бүсгүй хүний нулимс, зовлонгоор жаргал хийж яваа увайгүй эрчүүд дэндүү олон болж. Нийгэмд дуулиан болж, хүмүүсийн хов жив, хэл амны бай болж байгаа нь энэ болохоос биш энэ мэт эрчүүд олширч байна. Тийм эрчүүд Монголд эрэгтэй нь эмэгтэйчүүдээс хоёр дахин бага байдаг учраас нэг эрд гарцаагүй хоёр бүсгүй ногдож таарч байна. Тиймээс хувь заяа бараг биднээс хоёр эмэгтэйг хайрлахыг шаардаж байна гэх маягийн юм ярьж, өөрсдийгөө хуурч явна. Гэхдээ эр хүнд насны хань ганц л заяадаг гэдэг. Нэгэнт ханилсан ханиа гомдоож, хайрыг нь эс даавал харин хэчнээн хайгаад ч хүссэн хайраа олж чадахгүй. Ер нь эр хүний ноён нуруу гудайвал эмэгтэйчүүд дагаад яаж байгааг энэ явдал харууллаа. Цаашид ч ийм явдал гарахгүй гэх газаргүй билээ.
 

Н.САНЖААСҮРЭН

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж