Даниел де Льюис 2013 онд эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Даниел де Льюис 2013 онд эргэн ирнэ

Английн жүжигчин Холливуудын од Даниел де Льюис "9" хэмээх киноны гол дүрийг 2009 онд бүтээснээсээ хойш сураг алдраад байсан билээ. Тэгвэл саяхан түүнтэй LA Times ярилцлага хийсэн байна. Энэ үеэрээ тэрбээр ямар киногоор үзэгч фэнүүдтэйгээ дахин уулзах вэ гэсэн сурвалжлагчийн хариултад нэгэн нууцыг задалжээ. Тэрбээр хоёр жилийн дараа буюу 2013 онд нээлтээ хийх нэгэн даацтай бүтээлээр кино урлагт эргэн ирэх аж. Энэ киног дэлгэцийн урлагийн амьд домог болсон нэрт найруулагч Мартин Скорсез найруулж байгаа гэнэ. Киноны нэр "Silence" буюу "Нам гүм". Кинонд Даниел де Льюис ямар ч байсан гол дүрийг бүтээж байгаа гэдгээ хэлсэн бөгөөд яг ямар дүр гэдгийг нууцлан үлдээжээ. Арга ч үгүй биздээ. 2013 онд дуулиан тарих ёстой одоо л хийгдэж эхэлж байгаа киног тэрбээр хэвлэлийнхэнд задалж орхивол эртний анд Мартины хилэнгээс мултрахгүй гэдгээ санаа байлгүй.

Мөн нэрт жүжигчин Бенисьо Дель Торо бас нэгэн гол дүрийг нь бүтээж байгаа, киноны үйл явдал 17-р зууны Японд өрнөнө гэдгийг харин сурвалжлагч түүнээс ам алдуулжээ. Нилээд эртнээс зураг авалтаа эхэлж байгаа киноны үйл явдал эртний түүхийн цаг үед Японд өрнөх ба, найруулагч нь энэ талдаа мастер болсон Скорсез, тэгээд хоёр агуу жүжигчний нэгдэл гээд үзэхэд хэдий хол ч гэсэн нэгэн гайхамшигт бүтээлийн сураг гарч байна хэмээн тус сонинд бичжээ.

Даниел де Льюисыг олон гайхамшигтай дүрээр нь дэлгэцийн фэнүүд андахгүй. Ялангуяа мөнөөх найруулагч Мартин Скорсезийн 2002 оны бүтээл "Нью-Йоркийн дээрэмчид" киноны мах цавчигч Билл Каттингийн дүрээрээ тэрбээр кино урлагт гайхалтай ул мөр үлдээсэн нэгэн.

Н.Наран

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж