
Аль ч цаг үед тал дүүрэн бэлчсэн мал сүргийнхээ буянаар өлсөж байсангүй. Их ядарлаа гэхэд бүсээ чангалахаас хэтрээгүй монголчуудын хувьд хайртай аав ээж, ахан дүүс, нялх балчир үрсээ хоолны хомсдлоор алдахын зовлонг яахин мэдэх. Манайхан эвлэж нэгдэхдээ муу, бие даасан бодолтой, нэг нь нийтийн төлөө гэсэн сэтгэлгүй байдаг нь зовлон үзээгүйн илрэл гэх нь бий. Солонгост ажилгүй л бол хоосон хоноход хүрдэг бол манайхан хүүхдийн мөнгө, хөгшдийн тэтгэврээр ч бол хоногийн хоолтойгоо залгаад байдаг онцлогтой. Шуудай үүрч, хог түүгчид ч гэдэс цувдайхнаар хоногийг өлхөөн өнгөрүүлчихнэ. Тиймдээ ч ажил голж, цамаан зан гаргана. Хар борогхон ажлыг хийх хүн олдохгүйгээс хятадуудыг олноор нь оруулж ирэхээс аргагүйд хүрч буйг ажил олгогчид учирлаж байна. Хуучин цагт бол айл бүр олон хүүхэдтэй. Тэдэн дотроос ганц нэг нь ч бол хар ажилд зүтгээд бусад нь дээд, дунд мэргэжил эзэмшдэг байв. Харин одоо айлын ганц эрх хүүхдүүд аав ээжийн буянд ажил хийж суралгүй нас биед хүрч байна. Анхнаасаа дадал болоогүй учир насанд хүрч, айл гэрийн эзэн, эзэгтэй болсон хойноо ч эцэг эхийн энхрийллээс гарахгүй зовооно. Энэ үзэгдлийг улс орны хүрээнд томруулан харсан ч мөн л тийм. Гар хөлөө хөдөлгөж мөнгө олохын оронд халамж, тэтгэмж ярьсан нийт массыг хүссэн зүйлээр нь хуураад төр барихад хүрч байна. Тиймээс ч эх орны хишиг, эрдэнийн хувь гээчийг бодож олсон байж таарна.
Дэлхийг бүхэлд нь нэг гэр бүл гэж үзэх болсон өдгөөд дэлхийн хүн ам өсөхийн хэрээр хүнсний хомсдол түгшүүр төрүүлж эхэлжээ. 2050 он гэхэд дэлхийн хүн амын тоо 10 тэрбумд хүрч, хүнсний хэрэглээ 70 хувиар өснө гэсэн мэдээллийг НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас гаргажээ. Тэгвэл хүн амынхаа тооноос хорь дахин олон мал тоолуулдаг Монгол Улсын хувьд өлсгөлөнгөөс ангид байх боломж бий юү. Хүн амын 29 хувийг эзэлж буй ядуусыг тэрхүү ангиллаас ангижруулах боломж бий юү гэдгийг ч бодолцох учиртай. Шуудай үүрч, хог түүгчдийн эгнээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. “Хүн сүрэг” гэх тодотгол хүртэл зүүсэн тэдний дунд мэргэжил мэдлэгтэй нь цөөнгүй. Мэргэжилгүй байлаа ч уулыг нурааж, усыг эргүүлчихээр бяр хүчтэй ид дунд, залуу насныхан эр эмээрээ ижилсэн хог түүж явах нь хачирхмаар. Яагаад тэд бусад шиг хөдөлмөрлөөд амьдрахыг хүсэхгүй байна вэ. Залхуу, цамаан зангийн захын нэг жишээ энэ.
Удаах жишээ олныг дурдаж болно. Ажлыг хийж эхлэхээсээ өмнө халширдаг, хийж эхлүүтээ залхуурдаг цамаан занг хаяж гээж чадсан цагт л Монгол орон хөгжих биз ээ.