Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгая

Хуучирсан мэдээ: 2013.11.11-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгая

УИХ нь Засгийн газрыг нүсэр бүтцээ багасга, төрийн толгой данхайсаар 15 толгойтой атгаалжин хар мангас шиг юм болсон тухай цаг үргэлж сануулах ч үг авсангүй. Хамгийн сүүлийн жишээг дурдвал, Засгийн газрын өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаас Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа Хөрөнгө оруулалтын газар байгуулан ажиллах шийдвэрийг гаргалаа. Хариуцагч нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр байх юм.

Уг нь Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа “Монголд агентлаг шиг хэрэггүй юм алга” гэцгээн татан буулгаж, зарим нэгийг нь яам болгон өргөжүүлсэн ч хэлсэнээ мартсан уу, хэрэгцээ гарсан уу төрийн өмчийн оролцоотой компани байгуулахаас эхлүүлээд төрийг улам данхайлгах ажлыг эрчимтэй хийж байна.

Гурван сая хүрэхгүй хүн амтай Монгол Улсад төрийн бүтэц данхайж толгой нь томрохын хэрээр хүнд суртал ихэсч ажил урагшлахгүй болж буйг жирийн иргэдээс эхлүүлээд хувийн хэвшлийнхэн хэлээд л өгнө. Үүний жишээ болсон уу, Эдийн засгийн хөгжлийн яамыг бие даан байгууллаа гээд Монголын эдийн засгийн өсөлт саарсан уу гэхээс өсөөгүй. Жилдээ 20 гаруй хувийн өсөлттэй гарч байсан эдийн засгийн өсөлт огцом буурч 10 гаруй хувиас хэтрэхгүй болж ирсэн. Түүгээр ч зогсохгүй хөрөнгө оруулагчид нүүр бууруулж, гадаадын шууд хөрөнгө оруулалт 42 хувиар буурсан судалгаа бий. Энэ бол 100 гаруй хүнтэй яам бие даан ажиллаж байгаагийн хэрэг гарахгүй байна гэсэн үг. Тийм учраас Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгаад оронд нь Хөрөнгө оруулалтын газрыг нь ажиллуулая. Яам жил гаруйн хугацаанд ажиллаад хөрөнгө оруулалтыг татаж чадсангүй, Хөрөнгө оруулалтын газар тусад нь байгуулаад ажиллаад үзэхээр яах нь уу харцгаая л даа. Ер нь тэгээд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр гал тахиж, уул хадаар явж, найр наадам хэссэнээс өөр хийж гийгүүлсэн ажил байдаг юм уу. Хааяа нэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож “Гудамж” төслөө магтах ч, гишүүдэд загнуулаад л нам болдог. Хийсэн ажил багатай, хэлж ярих нь хуудуутай сайдаар Монголын ард түмэн лав дутахгүйдэг.

Г.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж