Монгол Улсад өнөөдөр 90 гаруй их, дээд сургуульд 160 мянган оюутан суралцаж байна. Улирч буй 2013 оны статистикаас үзвэл энэ онд тэдгээр оюутнуудын тэтгэлэгт нийт 106 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Ирэх онд энэ хэмжээний мөнгийг оюутны тэтгэлэгт зарцуулах уу, болих уу?!
Эдийн засаг хүндэрч, төсвийн орлогын эх үүсвэр муудсанаас үүдээд УИХ ирэх 2014 оны төсвийн зарлага, зардлыг танах шаардлагатай тулгараад байгаа юм. Эл шаардлагын улмаас эрх баригчид цөөнгүй асуудлыг халамжийн аргаар биш эдийн засгийн зохицуулалтаар шийдвэрлэх хичээл зүтгэл, эр зориг гаргаж эхэлжээ. Халамжийг хавтгайруулж, олсныхоо хэрээр олноороо хувааж идсэн өмнөх алдаанаасаа улстөрчид сургамж авсан бололтой. Тодруулбал:
УИХ дахь олонхийн бүлэг оюутны тэтгэлгээр дамжуулан дээд боловсролын салбарт өөрчлөлт өрнүүлэхүйц нэгэн алхмыг төлөвлөөд байна. Энэ нь оюутан бүрт сар тутам олгодог 70 мянган төгрөгийн тэтгэлгийг хязгаартай олгох тухай хууль юм. Одоохондоо хэлэлцүүлгийн шатанд яваа уг хуулийн төсөл дээрх үзэл баримтлалаа өөрчлөхгүй, анхны зорилгоосоо урвахгүйгээр батлагдаж чадвал өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй 100 орчим их, дээд сургуулиудыг зах зээл аяндаа сайн, муугаар нь шигшиж шүүх нэг нөхцөл бүрдэх юм.
Далан мянгыг оюутан бүрт иргэний үнэмлэхээр тараадаг халамжийн хэлбэрийг өөрчилж, жинхэнэ утгаар нь тэтгэлэг болгоё гэвэл амжилттай суралцсан хэсэгт л энэ мөнгийг олгох ёстой. Энэ бол дээрх хуулийн өмнөө тавьсан нэг зорилго. Гэхдээ онц суралцсан оюутан болгон энэ тэтгэлгийг авах эрхтэй гэвэл эндүүрэл болно. Өөрөөр хэлбэл, ямар сургуулийг сонгон суралцаж байгаагаас хамаарч, онц сурлагатанд тэтгэлгийг олгох эсэхийг шийдвэрлэнэ. Энэ бол дээрх хуулийн гол зорилго гэж ойлгоход болно.
Ямар сургуульд тэтгэлэг олгох вэ, ямарт нь олгохгүй вэ гэсэн асуулт эндээс урган гарна. Хууль санаачлагчдын тайлбарлаж байгаагаар бол төгсөгчдийнх нь 50 хувь нь мэргэжлийнхээ дагуу ажлын байртай болж чаддаг эсэх үзүүлэлтийг энд харгалзан үзнэ. Хэрэв тухайн сургууль ийм болзол, шаардлагыг хангаж чадахгүй бол оюутнууд нь хэдий мундаг байгаад ч тэтгэлэг авч чадахгүй гэсэн үг. Шинээр оюутан элсүүлэх өрсөлдөөн дунд нэг чухал үзүүлэлт нь болдог байсан оюутны тэтгэлэг үгүй болно гэдэг нь ялангуяа нэр хүнд, чансаа багатай сургуулиудад цаашид зах зээл хатуурхаж эхлэхийн дохио юм. Хөдөлмөрийн зах зээлд эрэлт, хэрэгцээтэй эсэхээс үл хамааран янз бүрийн мэргэжлээр оюутан сургаж төгсгөдөг, төгссөн хойноо тэд нь юугаа хийж, хоолоо олох нь огт падгүй явж ирсэн сургуулиуд шахагдах эхлэлийг үүгээр тавьж байна. Нөгөө талаас эцэг, эхчүүд хүүхдээ ямар мэргэжлээр сургахаа нухацтай бодож шийдэлгүйгээр амрыг харж, дөрвөн жилийн турш сар болгон сул цалин авахыг нь чухалчлаад ямар ч хамаагүй сургуульд оруулчихдаг хариуцлагагүй байдалд энэ нь анхааруулга болох ёстой.
Товчхондоо бол цаашид дээд боловсрол эзэмших оюуны бядтай хэсэг нь зах зээлд хэрэгцээтэй мэргэжлээрээ чанартай сургуульд суралцаж төгсдөг болно гэсэн үг. Дунд сургууль төгсч буй хүүхэд болгон их, дээд сургуульд орох ёстой гэсэн өнөөгийн нийгмийн гажууд сэтгэлгээг зах зээлийн зарчмаар эмчлэх цаг нь үнэхээр ч болсон байх. Улс орноо хөгжүүлье гэвэл хөдөлмөрийн насны хүн амаа дээд боловсролтой ажилгүйчүүдээр биш нарийн мэргэжилтэй ажилтнуудаар бүрдүүлэх шаардлага нэгэнт бий болсон. Эцэстээ ийм үр дүнд хүргэх Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэгчид мэдээж олон байгаа. Тийм ч учраас үндсэн үзэл санаанаасаа урваж няцахгүйгээр батлагдаж чадвал Монголын боловсролын тогтолцооны гажуудлыг өөрчлөх шинэчлэлийн суурь болно гэж тодотгож буй хэрэг.