
“Торго” загварын шоу үргэлж амжилттай болж, үзэгчдийн талархлыг хүлээдэг. Үндэсний хэв шинж агуулсан коллекц бүр нь өвөрмөц, загвар болгон нь урлагийн бүтээл. Дорнын үлгэрийг санагдуулам ер бусын гоёлтой загвар өмсөгчдийн харцнаас дорнын уур амьсгал мэдрэгдэнэ. Шоуны үндсэн материал нь торго бөгөөд үслэг эдлэл, арьс шир, мөнгө, шүр сувдаар чимэглэдэг. Монголд үндэсний угалз хээтэй, чанар сайтай торгыг дээдийн дээд бэлэг гэлцэнэ. Хуяг дуулгыг орлуулан зузаан арьс, үнэт метал зэргээр чимэглэсэн зарим загвар нь 10 гаруй кг жинтэй байгааг харвал Монголын хаад ноёд, хатагтай нарын дэгжин гоёл нь хүндхэн ачаа байсан бололтой. Ер бусын, өвөрмөц хийцтэй, давтагдашгүй загваруудын зарим нь таван мянга хүртэл ам.доллараар үнэлэгдэх учир “аянд гарах”-ын өмнө багагүй мөнгөөр даатгуулдаг гэнэ.
“Торго” салоны дизайнер О.Болд загварынхаа талаар “XVIII-XX зууны үндэсний хувцаснаас гол санаагаа олж авдаг. Сайхан хөгжим сонсоод түүнийхээ учир утгыг агуулсан хувцас бүтээдэг” хэмээжээ.
“Торго”-ын хувцас загваруудыг Э.Одгэрэл, Г.Уранцэцэг тэргүүтэй Монголын шилдэг загвар өмсөгчид “амилуулна”. Үзэгчид жинхэнэ монгол торгон хувцсыг өмсч үзэж болохоос гадна хүсвэл таалагдсан загвараа худалдан авч ч болно. Сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн түшээд, олны танил хүмүүс “Торго” салоны хувцсаар гоёдог гэнэ.
Уламжлал ёсоор Монголын тэргүүн гоо бүсгүйчүүдийн оролцох загварын шоу Монголын хөгжмийн нэртэй хамтлагуудын тоглолттой хосолно. Тэдгээрийн дунд “Монголын Ванесса Мей” гэгддэг хийлч Дээгий багтжээ. Монгол төдийгүй Малайз, Сингапур, Японд алдаршсан тэрбээр Эрхүүд мөн тоглолтоо хийж байсан билээ. Энэ бүгдийн зэрэгцээ орчин үеийн техник, технологийн дэвшил бүхий тусгай гэрэл чимэглэл, жинхэнэ шоу таныг хүлээж байна.
“Энэ удаагийн “Торго” шоу өмнөх жилүүдийнхээс эрс ялгаатай байх болно. Тайз заслыг шинэлэг, сонирхолтой байдлаар хийхээс гадна үзэгчдэд сюрприз барина. Ийм шоу урд өмнө Эрхүүд болж байгаагүй” хэмээн “АИСТ” телевиз болон “Торго” шоуны ерөнхий найруулагч Валерий Мишанин хэлжээ.
Эх сурвалж: “АиФ”, ОХУ, Эрхүү