
Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт намын бүлгүүд хуралдаж, тус тусын байр сууриа илэрхийлсэн ч Төсвийн байнгын хороо 2014 оны Төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэнгүй. Байнгын хороогоор зайлшгүй дамжиж чуулганы танхимд хэлэлцэх ёстой тул төсөв энд хүрээд гацчихлаа. Гол нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр намын бүлгүүд санал нэгдээгүй байгаа нь Төсвийн байнгын хорооны хуралдааныг зарлан хуралдуулах боломжгүй болгосон юм.
Одоогийн УИХ бүрдсэн даруйд намын бүлэг байгуулах эрхгүйгээс МАН-ын гишүүд байнгын хороонд харьяалагдах эрхээ хасуулсан. 2013 оны төсвийг ч МАН-гүйгээр баталсан, гэтэл хожим нь тодотгол хийхэд хүргэсэн гэх шүүмжлэлийг МАН-ын бүлгээс тавиад буй. Мөн МАН-ын бүлэг ирэх онд Монгол Улсын өрийг ДНБ-ний 60 хувьд хүргэх нь эдийн засгийн хувьд эрсдэлтэй гэж үзэж байгаа төдийгүй энэхүү байр сууриа шахаж, байнгын хороодын бүрэлдэхүүнд багтах гишүүдийнхээ тоог нэмэх саналыг АН-ын бүлэгт тавиад байгаа юм. Сөрөг хүчний зүгээс байнгын хороонд дээд тал нь дөрвөн гишүүн харьяалалтай байх ёстой. Харин одоогоор Төсвийн байнгын хороо болон бусад байнгын хороонд дээд тал нь 2-3 гишүүн харьяалагдаж байгаа юм байна. Эрх баригч хүчин АН-ын бүлгээс нэг байнгын хороонд 10, “Шударга ёс” эвслийн бүлгээс 4-5 гишүүн харьяалагддаг нь шударга бус гэж цөөнхийн бүлэг үзэж буй. Тиймээс намууд нэн тэргүүнд дээрх асуудлаар тохиролцох ёстой болж байна.
Төсвийн тухай хуулийг дөрвөн хэлэлцүүлгээр баталдаг. Дөнгөж анхны хэлэлцүүлгийн шатандаа яваа Төсвийн тухай хуулийг ирэх долоо хоногт багтааж батална гэхээр дутуу дулимагдаж, түүхийрэх вий гэх болгоомжлол аль аль талдаа бий. Гэтэл арваннэгдүгээр сарын 15-ны дотор амжиж батлахгүй бол УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хуультай тул тэд яаж ийгээд тохиролцох л байх. Уг нь бол намуудын ашиг сонирхол тэргүүтнээс илүү ирэх орны Монгол Улсын төсөв дээгүүрт тавигдах ёстой сон.