
Өнгөрсөн зууны спортын түүхэнд нэрээ мөнхжүүлсэн алдрын эзэнтэй уулзаж ярилцлаа. Тэрээр өдгөө Монголын ширээний теннисний залуу тамирчдыг бэлтгэж чансааг нь ахиулах зорилготой ажиллаж буй.
-Хагас жил бэлтгэгдсэн таны шавь нарын ур чадвар хэр ахисан бол эндээс ярилцлагаа эхэле?
-Миний энд ирсэн гол зорилго бол Монголын теннисчдийн одоогийн чансааг ахиулж цаашлаад хэсгийнхээ эхний байранд тогтвортой үлдэхэд нь дэм болох явдал. Ширээний теннисний дэлхийн чансааны хэсэг тус бүрт 24 улс гаргасан амжилтаараа эрэмбэлэгддэг. Танай шигшээ баг “С” группын /хэсэгтээ/ гуравт бичигддэг гэсэн. Манай шавь нарын ур чадвар өдөр ирэх тусам ахиж байгаа.
-Монголын теннисчдийн суурь бэлтгэлийг өөрчлөх нь зөв үү. Энэ тал дээр манай спортын мэргэжилтнүүд санал зөрөлдөх нь бий. Зөвлөх дасгалжуулагчийн хувьд та юу хэлэх вэ?
-Дасгалжуулагч хүн шавьдаа бүгдийг хэлж өгөх албагүй. Хамгийн гол нь зөв системтэй бэлтгэлд тамирчдыг хурдан дасгах нь чухал. Тиймээс би суурь бэлтгэлийг өөрчлөх тал дээр санал нэгдэнэ. Монголын тамирчдын суурь бэлтгэлийг зөв гольдролд оруулахад цаг их орно.
-Тодруулбал?
-Ойролцоогоор 10 жил. Тогтвортой амжилт үзүүлэхийн тулд тамирчин хүн үүнээс ч илүү хугацааг золиосолж мэднэ шүү. Давуулалт, хөлийн шилжилт хөдөлгөөн, довтолгоо гэсэн гурван чухал техник тааруугаас танай тамирчдын амжилт ахихгүй байгаа юм. Энэ сул талыг хурд, хүчний эрчимтэй дасгал хөдөлгөөнөөр ирлээд өгвөл Монголын теннисчдэд медальд хүрэх шиг амар зүйл алга.
-БНАСАУ-ын тамирчид тусгай өндөржүүлсэн бэлтгэл хийдгээрээ онцлогтой. Бас үүгээрээ ялгардаг. Шавь нар чинь таны үндсэн бэлтгэлд хэзээнээс орох вэ?
-Бэлтгэлийн ачааллыг нэмэх тухай одоо ярихад эрт байна. Хойд Солонгост эцэг, эхчүүд нь хүүхдүүддээ теннис зааж өгөхийг надаас аминчлан гуйдаг. Гэтэл энд байдал эсрэгээрээ юм. БНАСАУ-ын хүүхдүүд бэлтгэлдээ маш идэвхтэй оролцдог. Бэлтгэлээ таслах , чөлөө авах асуудал ер гардаггүй. Чөлөө өгөх нэг л шалтгаан байдаг.
Тэр нь өвчний акт. Өвчтэй гэж ярьсан болгоны үгэнд ороод акт өгчихдөггүй. Тун хатуу. Шаардлагатай гэж үзвэл тухайн тамирчныг эмчийн үзлэгт оруулна. Тэндээс гарсан шийдвэрийг тамирчны багш, дасгалжуулагчтай нь ярилцаж байж сая нэг олгох жишээтэй. Танай улсын спортын талбар дахь дэглэм дэндүү сул байгааг хэлэхгүй өнгөрөх аргагүй.
-Хуучны хүн гэсэндээ аргагүй л зангарагтай ярьж байна шүү?
-Надад итгээд үз. Би тэднийг өөрчилж чадна. Зорилгоо биелүүлээгүй цагт би эндээс явахгүй.
-Таныг сургалт явуулахад юу ихээр бухимдуулав?
-Уг нь зааланд бэлтгэл хийж байхад ялааны чимээ ч гарах ёсгүй, тийм үү. Гэтэл сургалтын дундуур үл таних нөхөр шавь нарын маань нэгийг дуудан хээв нэг ярьж сууна. Багшаас чухал хүн тэр зааланд байдаг гэж үү. Миний ойлгодгоор багш хүн тухайн зааланд хамгийн их эрх мэдэлтэй нь, ёстой л “хаан”-ы эрэмбэтэй байх ёстой. Товчдоо бол спортод хүндэтгэлтэй хандах чанар дутагдаж байна.
-Таны отгон шавь нар өнгөрсөн жил Парист болсон ДАШТ-ий холимог хосын төрөлд алтан медаль хүртсэн. Нэг үгээр хэлбэл таны туршлага, эрдэм чадал манай тамирчдад алт шиг үнэ цэнэтэй. Та Монголд ажиллах саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Солонгост ширээний теннисний спорт өндөр хөгжсөн. Тиймээс нутагтаа ажиллахад амар байдаг. Намайг Монгол руу явахыг сонссон найз нар маань гайхсан харцаар үдсэн. Яагаад гэвэл Монголд теннисний спорт хожуу хөгжсөн учраас тэр. Тамирчид нь туршлага тааруу. Гэхдээ болгоно гээд зүтгэвэл болгож л таарна.
-Таны шавь нараас өндөр амжилт гаргах хүүхэд хэд байна вэ?
-Эрэгтэй, эмэгтэй нийлсэн хоёр, гурван хүүхэд бий.
-Тэдний сул талыг хэлбэл?
-Монголын теннисчдийн өөртөө итгэх итгэл нь дэндүү хэврэг. Үлээхэд унтрах лааны амь шиг. Гэхдээ тэд нарт буруу өгөх хэрэггүй. Яагаад гэвэл шавь нарт маань үлгэрлэн дууриах баатар алга. Олимп, дэлхийн аварга байдаггүй юм аа гэхэд тивийн тэмцээнээс медаль хүртсэн тамирчин Монголд байна уу.
-Тэгээд та тэдний сэтгэлийн галыг юугаар өдөөх гэж байна даа?
-Би долоон настайгаасаа теннисний спортоор хичээллээд таван жилийн дараа улсынхаа армийн шигшээ багт орсон. Нэр хүндийн хэрэг. Үндэсний шигшээ багт 14 жил бэлтгэгдсэн. 17 насандаа улсынхаа шилдэг тоглогч нь болж чадсан. Олон улсын тэмцээнээс 16 алт, 14 мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн байдаг. Үүнээс Азийн аваргын алт, хүрэл медальтай. Тэгэхээр шавь нар маань багшаараа бахархаж, үлгэрлэх байлгүй дээ. Намайг ид тоглодог байхад олимпийн хөтөлбөрт теннис хараахан ороогүй байсан.
-Таны оргил амжилт, санаанаас гардаггүй тэмцээн гэвэл?
-1978 оны Бангкокийн Азийн аварга юм даа. Тэр тэмцээнд Хятадын гурван тамирчныг ялж алтан медаль авсан. Энэ амжилтаараа би алдартай. Тиймээс монгол шавь нар маань надаар бахархаж үлгэрлэвэл ямар вэ.
-Та БНАСАУ, БНСУын ширээний теннисний хоёр багийг удирдан олимпийн наадамд нэгэн тугийн дор оролцохдоо алтан медалийг авч байлаа. Гайхалтай амжилт шүү?
-Эргэн дурсах бүрт сайхан мэдрэмж төрдөг. Нэг хүн шиг санаа зорилготой оролцох нь тэмцээний бэлтгэлээс ч хэцүү байлаа. Гэвч бид чадсан. Бид олимпод алтан үсгээр амжилтаа мөнхжүүлсэн. Ийм боломж дахин гарахгүй л болов уу.
-Хоёр улсын тамирчид бэлтгэл дээр үл ойлголцох явдал гарч байв уу?
-Олимпод оролцох, тэгээд амжилт гаргах хэчнээн хэцүү гэдгийг та гадарлах байх. Тиймээс энэ тухай дэлгэрэнгүй ярих хэрэггүй юм биш үү. Уучлаарай.
-Өмнөд Солонгосынхон тус тэмцээний талаар нэгэн сонирхолтой кино бүтээсэн. Та үзсэн үү?
-Гоё кино болж гэдгийг хүмүүсээс олж дуулсан. Манайхан ч бас тэр тэмцээний талаар сонирхолтой кино хийсэн шүү дээ.
-Сайн тамирчин болох хүүхдийг юугаар шинжиж болдог вэ?
-Нүдний хараа хурц, хурдан хөдөлгөөнтэй байвал зүгээр. Тэгээд бас сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Хятадын шигшээ баг яагаад олон жил тогтмол амжилттай явна вэ. Маш энгийн. Тэд бэлтгэл дээр теннисний бөмбөгөөр таван мянган удаа харилцдаг гэнэ лээ. Зүгээр ч харилцахгүй. Эргэлттэй, хүчтэй, хурдтай гэсэн техникийг өдөр бүр давтдаг гээд боддоо.
-Таны насыг сонирхож болох уу?
– 58 хүрч байна. Туршлага ур чадвар түүнээс илүү /инээв/.
-Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхан бүхнийг хүсье?
-Баярлалаа.
Эх сурвалж: ”ЗУУНЫ МЭДЭЭ” сонин