Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

МАН болиосой

УИХ-ын Төрийн байгуулал­тын байнгын хорооны сүүлчийн хуралдааны дараа гишүүн Х.Тэмүү­жин Дорноговийн Засаг асан Ж.Бат­суурь гишүүнд “Өөрөө нэг тойрог тойглочихоод түүгээрээ бүхэл бү­тэн сонгуулийн хууль, тогтолцоог бойкотлож болохгүй. Тэрний оронд Хун тайж Даваанямтайгаа ноосоо шатааж, эсгий дээрээ залрахгүй юу. Тэр бол таны хэрэг. Ингэж шогтож, худал царайлж байхаар  жижиг мажоритар руу буцаад оръё, тэгж байж би УИХ-д сонгогдож чадна гээд шууд хэлчихээч” хэмээн “доромжилсон”. Соёлжсон хүнд бол доромж үг мэт сонсогдох ч үнэн хэрэгтээ бол бодитой болсон явдлыг л хэлсэн хэрэг л дээ.

Ингэхэд сонгуулийн хуулийн өөрчлөлт, тогтолцооны асуудал юу болсон бэ? УИХ-д орж ирснээсээ хойш жил гаруй хүлээгдэж буй энэ асуултыг хариуг бид одоо УИХ-аас биш, харин УИХ дахь олонхи болох МАН-ын бүлгээс нэхэх цаг ирсэн байна. Үүний нотолгоо нь дээр хэлсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан. Хуралдаанд байнгын хорооны арав гаруй гишүүн оролцож, сонгуулийн тогтолцооны холимог хэлбэрээр санал хураалт явуулсан. Сүүлийн хоёр сонгуулийн туршид толгойны өвчин болоод байгаа сонгуулийн тогтолцооны өөрчлөлт буюу одоо мөрдөж буй мажоритари тогтолцоогоо халж, пропорциональ тогтолцоонд шилжих, сонгогчдын өгсөн санал парламентад зөв тусдаг хэлбэрийг сонгох асуудал дээр хоёр нам жилийн өмнө арай гэж шийдэлд хүрч, энэ талаар хуулийн төслүүд ч өргөн баригдаад байгаа.

УИХ-ын гишүүн Д.Лүн­дээ­­жанцан нарын өргөн барьсан нэг, Лу.Болд нарын гишүүдийн боловсруулсан бас нэг төслийг нэгтгэн ажлын хэсэг гаргаж судлаад, мөн хоёр намын бүлэг харилцан тохиролцсоны үндсэн дээр “шууд пропорционалийг сонгох нь манай нөхцөлд арай эртдэх тул пропорционалийн элемент агуулсан холимог системийг сонгох нь зөв” хэмээн санал нэгдсэн билээ.
Гэвч үүнээс хойш жил шахам хугацаа өнгөрсний дараа ажлын хэсэг саналаа арай гэж УИХ-д оруулж ирсэн нь энэ. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын зүгээс “Манай нам холимгийг сонгоно гэдгээ аль эрт шийдсэн. МАН-ын бүлгийг л хүлээж байна” хэмээн мэдэгдэж, хариуд нь МАН-ын нөхдүүд ч ”Манай нам ч гэсэн эсэргүүцээгүй шүү” хэмээн бултаж ирсэн. Тэр ч байтугай ажлын хэсгийн ахлагчдын нэг Су.Батболд сүүлд өгсөн ярилцлагадаа “МАН сонгуулийн хуулийг гацааж байна гэж ярьдгаа болих хэрэгтэй” хэмээн эсэргүүцсэн билээ. Тиймээс эцсийн бүлэгт хоёр намын нөхдүүд нийлж суугаад санал хураалт явуулж, энэ маргааныг кнопоороо хагалахаас өөр зам үлдээгүй. Хэн өөрчлөлтийг дэмжиж байна, хэн харин хойш нь татаж байна гэдгийг сонгогчид дарсан кнопоор харах нь шударга.

Гэвч энэ шалгалтад МАН дахиад л бүдэрлээ. УИХ-д оруулж ирсэн хувилбар бол 50 мандаттай нэг тойрог, нэг мандаттай 26 тойрог бүхий холимог систем. Сонгогчид одоогийн томсгосон 26 тойрог тус бүрт нэг нэр дэвшигчийг, нэг намтай дугуйлна гэсэн үг. МАН сонгогчдын 50 хувийн санал авсан бол 25 гишүүнээ, Ардчилсан нам 50 хувийн санал авбал мөн 25 гишүүнийг парламентад суулгаж, үлдсэн 26 гишүүн нь томсгосон тойрог дээрээ өрсөлдөн гарч ирэх юм. Энэ нь сонгогчид өөрсдийн төлөөллийг шууд сонгох тухай Үндсэн хуулийн зарчим, сонгогч нэг бүрийн өгсөн санал парламентад тусгалаа олдог байх төлөөллийн ардчиллын зарчмыг аль алиныг нь хадгалсан оновчтой хувилбар гэж хоёр нам үнэлсэн билээ.

Харамсалтай нь, Сонгуулийн хуулийн төсөл УИХ дээр орж ирсэн анхны өдөр л МАН зарчмаасаа ухарч эхэллээ. Холимог системээр сонгуулийг явуулах тухай ажлын хэсгийн саналаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс Э.Бат-Үүл, Р.Раш, Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Н.Энхболд, Ч.Сайханбилэг, Д.Энхбат нарын долоон гишүүн дэмжиж, Д.Дондог, Д.Лүндээжанцан, Я.Батсуурь нарын гишүүд эсрэг санал өгчээ. Өөрөөр хэлбэл, холимог хувилбар байнгын хороон дээр дэмжигдсэн гэсэн үг. Гэвч МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, дэд дарга Д.Дондог нар санал хураалт дууссан хойно “Тэгж ярихгүй. Манай намын бүлэг сонгуулийн санхүүжилт, нэрсийн жагсаалт, тойрог, хэсгийн хороо байгуулах, санал тоолох гээд зохион байгуулалтынхаа асуудлыг эхэлж явуулна гэж тохирсон. Асуудлыг жижгээс нь том руу нь явуулна гэсэн болохоос тогтолцооныхоо том асуудлыг эхэлж ярина гээгүй” гээд гэдийчихсэн. Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд гишүүний “Жил гаруй ярьж тохирсон системээсээ буцах байсан юм бол яах гэж ажлын хэсэг гаргасан юм. Ярьж байгаа зүйлээсээ алхам ухарч холимог тогтолцоог сонгочихоод одоо буцна гэж байгаа бол анх оруулж ирсэн хуулийн төслөөрөө шууд пропорционалийг явуулья” гэсэн нь харин дарга нартаа адарсаных уу, эсвэл холимог хувилбарыг нэг мөсөн унагах гэсэн санаа юу.

Ямартай ч бүлгийн дарга, дэд дарга хоёртоо загнуулсан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Бүлэг дотроо санал нэгдээгүй, маргаантай байгаа учраас хэлэлцэхээ болилоо” гээд санал хураалтыг хүчингүй болгож, хуралдааныг шууд хаасан. Уг нь хуулиараа бол цөөнх болсон нөхдүүд зарчмын зөрүүтэй саналаараа нэгдсэн чуулган дээр дахин санал хураалгаж маргаанаа хагалах ёстой. Гэвч энэ удаа тэгсэнгүй. МАН-ын бүлгийн сонирхол байнгын хороон дээр унасан нь ийнхүү хуулийг уландаа гишгэх шалтгаан болж, байнгын хороон дээр явуулсан санал хураалт хүртэл хүчгүйдэж байгаа юм. Ажлын хэсгийн даргын хэлсэнчлэн шууд пропорционалиар хэлэл­цүүлгийг үргэлжлүүллээ ч гэ­сэн холимог системийг дэмжиж явуулж чадахгүй бай­гаа нөхдүүд шууд пропор­ционалийг дэмжинэ гэдэг үлгэр. Тэгэхээр  “нэг тойрог тойглочихоод ноос шатаагаад” явдаг хэдэн гишүүний хувийн амбиц, голсон нэрээ Н.Энхбаярт алдчихаад санал хуваана гэж айсан МАН-ын дарга нарын айдас сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг гацаалаа.
Тиймээс энэ асуудал хэч­нээн ч төвөгтэй, маргаантай, зөрчилтэй байсан хамаагүй энэ чуулганы хугацаанд дахин оруулж, өөрчлөлтийг зүтгүүлэх үүрэг дахиад л Ардчилсан намын бүлэгт ирж байна. Өөрчлөлтийг өөрсдийнхөө эрх ашгаар гацааж, сонгуулийн шинэчлэлд саад тээг болж буй МАН харин больчихоосой…

Б.СЭМҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж