Их хуралдайг тойрсон элдэв ”гажиг”

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Их хуралдайг тойрсон элдэв ”гажиг”

“Хог” болсон 21 мянга

Хотын төв талбай дээр 22-ны өдөр эхэлсэн эсэргүүцлийн цуглаан долоо дахь өдрөө үргэлжилж байна. Төв талбайн урд эгнүүлсэн цөөхөн гэрийн гадаа улаан туг намирч, цагаан хоолой цуурайтна.

“Олигархиудын нэг удаа үсээ засуулдаг мөнгийг бид сард нэг удаа авч байна. 21 мянган төгрөгөөр иргэд яаж амьдрах юм бэ. Гуч хоногт хуваахад нэг өдөрт 700 төгрөг. Түүгээр хүүхдээ хооллоно, хувцсаа авч өмснө, воок, саван, 00-ийн цаас. Энэ бүхэнд хүрэх үү. Нэг ширхэг 00-ийн цаас 300 төгрөг шүү дээ” гэнэ. Тэгэхээр нь тэнд цугласан 50-60 хүн учиргүй дэмжин уухайлах юм.

Энэ чинь юу гэсэн үг вэ. Хүн хөлсөө дуслуулж олсон мөнгөө өөртөө зарцуулж болохгүй юм бол баялаг бүтээх гэж зүтгэхийн утга учир нь юу юм. Бид юуны төлөө 20 жил хувийн өмч, хувь хүний эрх чөлөө, чөлөөт эдийн засаг гэж ярьсан, явсан хэрэг вэ. Яах гэж бултаараа нормын юм шиг нэг ижил хувцас өмсөөд, нэг ижил дуу дуулж, айл бүрийн аяган дахь хоол адилхан, хийсэн нь ч өлөн, хийгээгүй нь ч өлөн зэлмүүн амьдардаг, соёл иргэншил, хүн төрөлхтний үнэт зүйлсээс улам бүр холдон, буланд шахагдаж байсан социалист нийгэм, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг халсан билээ. Чадалтай нь амьдар, чадалгүй нь ч бас амьдар. Гэхдээ илүү их хөдөлмөрлөж, илүү их сэтгэсэн нь илүү сайхан амьдар. Энэ бол өнөөгийн нийгмийн зарчим.

Гэвч сул өгч байгаа 21 мянган төгрөгөөр сарынхаа хэрэгцээг яаж хангах тухай ярьж байгаа тэдгээр хүмүүсийг зөвхөн буруутгах нь мэдээж утгагүй. Энэ бол сүүлийн хэдэн жил манай төр засаг, эрх баригчдын зүгээс явуулж ирсэн хавтгайруулсан халамж, бэлэнчилсэн сэтгэлгээний гай. Тэртэй тэргүй нэг өдөр ухаад дуусах, эргэж нөхөгдөхгүй байгалийнхаа баялгийг дэнчинд тавьж олсон жаахан мөнгөөрөө хүмүүсийнхээ толгойд жаахан юм хийж, нүдийг нээгээд, ажиллах нөхцөл, авдаг цалинг нь өсгөөд, хожим ч гэсэн үр шим нь гарах зүйлд хөрөнгө оруулж, иргэн бүрт үр ашигтай байхаар зарцуулахын оронд биеийн амрыг хараад бэлэнчлэн тарааж, салхинд хийсгэж ирсний гай. Үнэгүй юм гэдэг хэзээд үнэ цэнэгүй байдаг хойно. Илүү ихийг өгсөн ч илүү ихийг л нэхэх болно. Энэ бол угаасаа адгуусны мөн чанар, шунал хүсэл. Хүн ч гэсэн нэгэн төрлийн адгуус.

Их хуралдай яасан бэ?

Гэхдээ энэ хүмүүсийн ингэж жагсахад, өдөр шөнөгүй хоолойгоо сөөтөл хашгирч зогсоход хүргэсэн бага ч гэсэн бодитой шалтгаан байгаа. Бага байтугай томоохон шалтгаан байгаа. Тэр бол манай одоогийн нийгмийн амьдрал, иргэдийн ядуу зүдүү байдал, энэ бүхнийг харахаа больтлоо “нүд нь өөхөлсөн” харалган эрхмүүд, хараа хяналтгүй төр засгийн гай. Анх орон нутгаасаа мянгаараа гарлаа гэж байсан “Их хурайлдай”-нхан одоо талбай дээр 50-60-уулаа, 100-200-гуулхнаа л жагсч байна. Нөгөө их сүр дуулиантайгаар “Хуралдай”-г эхлүүлж, Улаанбаатар паласыг хоёр өдөр түрээслэн, үндэснийхээ “15 олигархийг” тодруулаад, ядарсан түмнийг задарсан төр рүү нь турхираад байсан ивээгчид болох М.Энхсайхантан, Н.Энхбаяртангуудын аль аль нь энд алга. Тэднийг өмөөрч үг хэлэх нь байтугай, сүүдрээ ч унагасангүй. “Шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэж, хээгүйгээрээ хөөрхий муу Ц.Шинэбаяр нь бууриа сахин тэнд ч цагдаатай, энд ч шүүхтэй заамдалцаж явна. “Манай дарга одоохон ирж яваа, яг одоо ирэх гэж байна” хэмээн цугласан хэдийнхээ өмнө бас нүүрээ улалзуулах. Харин хоёр эрхмийн хувьд “Талбай дээр хэр олон хүн цуглав, хэд нь бид хоёрыг санасан байна”, эсвэл “Үгүй цаадуул чинь яагаад жагсахаа больчихов, оройных нь хоолыг хасах юм шүү. Золиг хувхай” гэсэн шиг холхноос харж суугаа биз. Магадгүй өөрсдийнхөө хийж буй энэ “хувьсгал”-ыг ерэн оны хувьсгалтай эндүүрэн урамшиж, 20-30 мянгуулаа хүрээлээд ирнэ гэж хүлээсэн ч байх. Тэгээд тэр нь талаар болж, “их санасан газар есөн шөнө хоосон” гэдэг болохоор биеэ цэнэж, өөрсдийн өндөр дээд биеийг шороотой хутгахаас бэргэсэн бололтой юм. Золиосонд нь хөхүүл хүүхэдтэй нэг хүүхэн, намгүй нэг гишүүн олонд нүүрээ барж, ядарсан хөгшид хаврын хавсарганд чөмгөө царцаан, далимд нь хэдэн оюутан хоолны мөнгөтэй болж байна.

Хаана байна, тэр төр?

“Гол нууруудын хөдөл­гөөн”-ийхний морьтой жаг­саалаар эхэлж, “Эх орон, шударга ёс” хөдөлгөөний “Их хуралдай”-гаар үргэлжилсэн эсэргүүцлийн цуглаан хотын төв талбай дээр бүтэн долоо хоночихоод, бас зүгээр ч үгүй төр гэж тоосон УИХ, Засгийн газарт шаардах бичиг энэ тэр хүргүүлчихээд байхад цаадуул нь нүдэн балай, чихэн дүлий. Урьдах жилүүдэд ч иймэрхүү цуглаан, жагсаал болж л байсан. Эцэст нь тэд хэр таарсан хариугаа аваад гэр гэртээ буцдаг байлаа. Өнгөрсөн хавар ч Амлалт нэхэх ард түмний холбооныхон /одоо “Эх орон, шударга ёс” хөдөлгөөн болж шошгоо солиод байгаа/ 1.5 саяа нэхэн өлсч, Үйлдвэрчний эвлэлийнхэн цалин нэмүүлэхээр бас л талбайд суусан. Цөөнх нь олонхио дагаж, олонхи нь цөөнхөө сонсдог нь ардчиллын нэг зарчим.
Харин энэ удаад манай төр засгийнхан ихээхэн хатуурхаж байна. УИХ-ын дарга нь утсаа салгаж, авсан нэг нь “Урдах ажлаа хүчрэхгүй байхад” энэ тэр гэж ундууцах. Тэгтлээ тэнгэрт гарчихсан улс уу, эсвэл цуглааныг өдөөн турхирчихаад ард нь сууж хоцорсон хэдэн хүнд адарч байгаа санаатай юм уу. Гэвч хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдэг шиг, төр ч гэсэн түмнийхээ өмнө нь нэг л нүүртэй байх учиртай. Тиймээс М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёрт биш юм аа гэхэд тэдний тоглоом шоглоом болсон энэ хэдэн иргэнийхээ шаардлагад яагаад хариу өгч болохгүй байх билээ. Юу юугүй гараа өргөөд буугаад өгчихдөггүй юм гэхэд ядахдаа “та нарын энэ шаардлага чинь зөв байна, тэр нь буруу учраас хүлээж авах боломжгүй” гээд хэлчихэд хүний урам. Гэтэл тийм ч юм алга. Хэрэв тэгсэн бол ядахдаа адраад байгаа нөгөө хоёр нөхрөөсөө арай илүү энэрэнгүй төр болж харагдах юм. Ингэхэд манайд төр засаг байна уу?

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж