Ц.Жадамбаа: Программ хангамжийн үндэсний брэндтэй болно

Хуучирсан мэдээ: 2013.11.08-нд нийтлэгдсэн

Ц.Жадамбаа: Программ хангамжийн үндэсний брэндтэй болно

Дэлхий нийтээр программ хангамжийг хөгжүүлснээр хүний хийж чадахгүй зүйл, сэтгэж чадахгүй ололт гэж байхгүй болжээ. Улс орнууд программ хангамжийг дэмжих талаар төрийн бодлогодоо нарийвчлан тусгах болсон энэ үед Монголд ч энэ салбарыгтөрийн  нэгдсэн бодлогоор дэмжих шаардлагатай болж буй.Тэгвэл эдгээр асуудлыг шийдэх эхлэл болсон Программ хангамж, үйлдвэрлэлийн анхдугаар чуулган Монголд анх удаа болох гэж байна. Чуулганыг Монгол Улсын Засгийн газар, Мэдээллийн технологийн, шуудан, харилцаа холбооны газар, Мэдээллийн технологийн консорциум, Программ хангамж үйлдвэрлэлийн холбоо, “Монгол Масс Медиа” групп хамтран арван нэгдүгээр  сарын 11-нд “Бест Вестерн Премьер Туушин” зочид буудалд зохион байгуулах ажээ.

Энэ тухай Мэдээллийн технологийн, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаатай ярилцлаа.

-Программ хангамжийн өнөөгийн байдал ямар байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Монгол Улсад одоогийн байдлаар программ хангамжийн чиглэлээр 414 компани бүртгэлтэй байна. Үүнээс 200 компани нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Мөн үүн дотор 89 компани нь Монголынпрограмм хангамж үйлдвэрлэгчдийн холбоонд бүртгэлтэйгээр илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Энэ тоог хүн амынхаа тоонд харьцуулахад программ хангамжийн салбарыг өөрсдийнхөө боломжид тулгуурлан хөгжүүлэх боломжтой юм байна гэдгийг харж болохоор. Мөн компанид ажилладаггүй ч маш олон чадварлаг залуус хувиараа ажиллаж байна.

–Энэ салбарын анхны чуулганыг зохион байгуулах гэж байна. Чуулганы гол зорилгыг тодорхойлвол?

-Мэдээлэл харилцаа холбооны салбар дотор  программ хангамжийн асуудал чухал юм. Дэлхийн улс орнуудын удирдагчид төрийн бодлогоороо маш эрчимтэй дэмждэг салбар нь одоо программ хангамж болчихоод байна. Үндсэндээ газрын доорх баялагаас илүү оюунаас бий болдог баялгийг дэмжих талруугаа явж байна. Тэгэхээр монгол залуучуудад оюуны чадавхи, боломж хангалттай бий. Энэ бүх боломжийг ашиглаж, нэгдсэн бодлого бий болгох хэрэгтэй байна. Тиймээс л анхны чуулган зохион байгуулахыг зорьж, гол бэлтгэл ажлуудаа хангасан. Хэрэв энэ чуулганаас бодит үр дүн гараад компаниуд маань санхүүгийн эх үүсвэртэй болоод эхлэхэд дараа жилийн хуралдаанаа хийх үед эхний бүтээгдэхүүнээ гаргачихсан, олонд таниулчихсан байна гэсэн зорилт тавьсан.

-Чуулганаар тухайлбал ямар асуудлыг хөндөж гаргах вэ?

-Бодит байдал дээр одоо Нийт татвар бүрдүүлэлтийн 0.03 хувь буюу маш бага хувийг программ хангамж үйлдвэрлэлийн компаниуд бүрдүүлж байна. Гэтэл зах зээлд энэ олон компани бүртгэлтэй, ажиллаад байгаа нь энэ хэрээр бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлээд байна гэсэн үг. Тиймээс бид үүнийг цаашид зохион байгуулалтад оруулж, шинэ брэнд бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Ингэхдээ одоо байгаа нөөц, бололцоо чадавхиа ашиглаж баялаг бүтээгч болгон хувиргах хэрэгтэй байна. Үүнийэхлэлээр бид бүхэнМонгол ухаан-Монгол брэнд гэдгийг чуулганыхаа уриаг болгосон. Жишээ нь, программ хангамжаар бид үндэсний брэнд гаргаж болно шүү дээ. Яагаад гэж бид дэлхийд бүтээгдэхүүн гаргаж болохгүй гэж. Бид хаалттай улс биш, ардчилсан улс. Тиймээс төр инноваци, санхүүжилтийн бодитой дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Үүний хүрээндчуулганы үеэр хамтран ажиллагч арилжааны банк, компаниудтай харилцан ойлголцлын санамж бичиг үйлдэнэ.

-Шинэ бүтээгдэхүүн гаргана гэхээр бусад хөгжсөн улс орнууд аль хэдийнэ гаргачихсан байдаг. Яг ямар бүтээгдэхүүн гаргах боломжтой вэ?

-Олныг байлдан дагуулж байгаа энгийн нэг тоглоом гэхэд Кэнди краш. Үе шатаа давах гэж нэг доллар төлөх, эсвэл нэг нэгнээсээ амь гуйх байдлаар их сонирхолтой шийдэж өгсөн. Үүний цаана бизнес байна. Гэтэл энэ тоглоомыг хийсэн залуус IPO хийж байна. Тэд өдөрт нэг сая долларын орлого олж байна. Энэ бол программ хангамжийн хөгжүүлэлт.Гадныхан Аngry bird гэдэг тоглоом гаргасан шиг Монгол бялзуухай гэдэг тоглоом хийж болохгүй гэж. Бид үүнийг л дэмжиж өгөх гээд байгаа юм.

-Программ хангамжийн салбарт тусгайчлан улсын төсвөөс хөрөнгө оруулдаг уу. Энэ жил хэчнээн төгрөгийн санхүүжилт хийсэн бэ?

-Шинжлэх ухаан технологийн сан гэж бий. Тэндээс багахан хөрөнгө оруулдагийг эс тооцвол программ хангамжийг дэмжсэн бодит хөрөнгө оруулалт гэхээр зүйлгүй. Харин олон нийтэд зарлагдсан тендерүүд бий. Түүнд тодорхой тооны компаниуд өрсөлдөж ялаад ажиллаж байгаа.Тиймээс ирээдүйд эрчээ улам авах энэ салбарыг төрөөс нэгдсэн бодлоготойгоор хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг шийдэх учиртай. Үүнд Инновацийн сан байгуулах шаардлагатай байна.

-Сан байгуулна гэдэг нь амаргүй.  Хэзээ байгуулах боломжтой бол?

-Хөрөнгө оруулалтаа татан төвлөрүүлэх гол ажлуудыг хийж байна. Ойрын хугацаанд шийдэгдэх болов уу гэж бодож байна.

-Энэ бүх боломжийг алдахгүй салбарыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчин хэр бэлтгэлтэй байна вэ?

-Хууль эрх зүйн орны хувьд өнөөдрийн хувьд тээглээд байгаа зүйл бага. Гэхдээ бид дэмжихэд чиглэсэн эдийн засгийн талаас дэмжих эрх зүйн орчин хэрэгтэй. Энэ боломжийг бид хайж, судалж байна. Ингэхдээ урамшууллын тогтолцоо, инновацийг дэмжих ч юм уу. Тухайлбал, нэгдүгээрт, төрийн өмчит компаниуд программ хангамжаа зөвхөн монгол программистуудаар хийлгэх үүднээс дотоодын давуу эрх тооцдог байх хэрэгтэй. Хоёрдугаарт Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас тэргүүлэх чиглэлдээ программ хангамжийн салбарыг оруулах. Гуравдугаарт, программ хангамжийг өнгөрсөн жилүүдэд ганц Шинжлэх ухаан, технологийн сан л дэмжиж ирсэн. Энэ сангийн хөрөнгийг нэмэгдүүлээч гэсэн санаа. Дөрөвдүгээрт , энэ жилээс Японы хоёр үе шаттай зээл явж байна. Энэ зээлд программ хангамжийн салбарыг оруулж өгөх хэрэгтэй байна. Тавдугаарт, Оюуны өмчөөр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгодог. Энэ гэрчилгээг барьцаалаад зээл авах асуудлыг бодит болгооч гэдэг санааг бид дэвшүүлж байгаа. Монголд бол шинэ, олон улсад хариан байдаг л асуудал. Бид энэ талаар бэлтгэл ажил хийж эхний шийдлийг гаргасан. Ямартай ч энэ мэт бидэнд маш их боломж байна. Хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтаа нэгдсэн зохион байгуулалттайгаар шийдэж чадвал программ хангамжийн салбарт чамгүй ирээдүй биднийг хүлээж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж