
Лукашенко ямар ч мэдэгдэл хийсэн түүнийг осолд хамгийн ихээр нэрвэгдсэн орны тэргүүний хувьд Киевт уриагүй нь баримт болон үлдлээ. Чернобылийн ослоос хамгийн их хохирсон орон гадаадаас мөнгө хөрөнгө цуглуулах гэж байхад Лукашенко хэрэггүй байсан биз. Гэхдээ Белорусь энэ арга хэмжээний ард үлдсэнд Еврокомиссийн дарга Жозе Мануэль Баррозу буруутай гэж Лукашенко хэлж буй. Лукашенко ирвэл Барразу очихгүй гэсэн юм байх. Тэгээд л Киев сонголтоо хийжээ.
Белорусийн мэдээллийн агентлаг Ерөнхийлөгчийнхөө тайлбарыг дамжуулав. “Баррозу гэх мэтийн ухны тухайд, тийм нэг нөхөр Португалид байгаа л биз. Тэндээс хөөгдсөнийх нь дараа Европын комисст оруулсан юм” гэж тэр хэлсэн байна. Барууны улстөрчдийг малтай зүйрлүүлэх нь хөдөө аж ахуй толгойлж байсан хүний зан бололтой. Өмнө нь тэрээр Белорусийн эсрэг хориг арга хэмжээ авна гэсний эсрэг “Баррозу мэтийн “ухнууд”, “бух” зэргийн тухайд …” гэж байгаад л хэлж байв. Сонгогчидтойгоо ард түмний хэлээр чимэгтэй ярьдгийнхаа хувьд тэрээр мэдээж нутагтаа өндөр чансаатай.
Өөрийн мэдэгдлээрээ тэр Европын орнуудтай харилцаагаа хэвийн болгох замаа нэлээдгүй хугацаанд хаачихлаа. Украинд бөөс, хуурстай гэсэн нь “байж боломгүй бүдүүлэг хэллэг” гэж үзэн мэдэгдэл хийлээ.