НИТХ-ын
Тэргүүлэгчдийн 2008 оны 30 дугаар тогтоолоор “Нийслэлийн орон сууцны
фонд бүрдүүлэх журам” батлагджээ. Тус журмыг өнөөдрийг хүртэл дагаж
мөрдсөөр байгаа бөгөөд энэ нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг
аж, ахуйн нэгжүүдэд ихээхэн дарамт учруулдаг байна. Учир нь нийслэл орон
сууцны фонд бүрдүүлэх зориулалтаар шинээр баригдаж буй тухайн орон
сууцны хоёр хувийг үнэ төлбөргүйгээр авдаг аж. Тодруулбал төсвийн
мөнгөөр хийгдсэн инженерийн шугам сүлжээ, төрийн өмчид байгаа газрыг
ашиглан барилга барьж байгаа аж ахуйн нэгжүүдээс хоёр хувийг нь үнэгүй
авч Орон сууцны фонд бүрдүүлдэг юм байна. Үнэ төлбөргүй авсан хоёр хувиа
нийгмийн эмзэг хэсэг, ахмадууд, төрийн албан хаагчдыг хөнгөлттөй
нөхцлөөр орон сууцаар хангах орон сууцны фондыг бүрдүүлэх үйл
ажиллагаанд зарцуулна хэмээн журманд тусгажээ. Орон сууцанд орох
хүсэлтэй байдаг ч үнэд нь дарлуулаад суудаг өчнөөн хүн бий. Нийслэлийн
ЗДТГ-т ч орон суутай болох хүсэлт олон ирдэг. Харин орон сууцны фондын
байрнууд хэнд очдог юм бол…
Аж, ахуйн нэгжүүдээс авсан хоёр
хувийн орон сууц хаана, хэн ашигладаг нь олон нийтэд тодорхой бус
байдаг. Аль 2008 оноос хойш журам мөрдөгдөж, тэр хэрээр салбар хариуцсан
мэргэжилтнүүд барилгын компаниудаас хоёр хувиа нэхэж авдаг байна.
Өнөөдрийн байдлаар 291 компани хоёр хувиа өгнө гээд 2-4 жилийн
хугацаатай гэрээ байгуулчихсан байгааг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний
газрын Хуулийн хэлтэсийн мэргэжилтэн Ч.Бадамханд хэлж байна.
Сүүлийн
үед эрхэм дарга нарын нууц данс, орон байр, эхнэрийнх нь мэдэхгүй эд
хөрөнгө илэрсэн тохиолдол манайд бишгүй олон. Хэн ашиглагддаг нь
мэдэхгүй эдгээр хоёр хувийн орон сууцууд хэний гараар орж, хэн нэгэн
даргын нууц хөрөнгө болж байгааг ч үгүйсгэх аргагүй юм. Нөгөө талаар
энэхүү хоёр хувийг барилгын компаниудаас авснаар орон сууцны үнийг өсгөх
томоохон шалтгаан болдог юм байна. Жишээлбэл нийт 2500 метр квадрат
талбайтай орон сууц барьсан компани нийт талбайн хоёр хувиа үнэгүй
өгчихөөр дунджаар 400 сая төгрөгийн алдагдалд ордог байна. Харин энэхүү
алдагдлаа нөхөхийн тулд барилгын компаниуд бусад байрныхаа үнийг 3-5
хувиар нэмдэг аж. Тэгэхээр нийслэлээс ирдэг энэ дарамтаас болж орон
сууцны үнэ буурдаггүй гэдгийг олон хүн хэлдэг юм билээ. Орон сууцны
үнийг тогтворжуулна, буулгана гээд л ярьдаг ч төр өөрөө ийм дарамт бий
болгож байгаа учраас үнэ нь буурдаггүй аж. Мөн орон сууцны фонд
бүрдүүлэх нэрийдлээр авдаг хоёр хувиа компаниудаас ялгавартай авдаг гэх.
Зарим компаниас нь аваад, заримаас нь авдаггүйг өрсөлдөөн дунд
ажилладаг барилгын салбарынхан хэлж байгаа юм. Ямартай ч нийслэлийн орон
сууцны фонд гэх нэртэй энэхүү журам хэрэгжээд 5 жилийн нүүрийг үзэж
байгаа ч үр дүн тэгтлээ их харагдахгүй байгаа юм.
Эх сурвалж: www.MEDEE.mn