
Эдийн засгийн нөхцөл байдлаас улбаалж хаа сайгүй ажлын цомхотгол явагдаж байхад харин Монголд эсрэгээрээ ажилгүйдэл жил ирэх тусам буурч байгааг Үндэсний статистикийн хорооны сайтад гарсан мэдээллүүдээс олоод харчихаж болно.
Хөрөнгийн өндөр боломжтой орнуудад ажлын байрны цомхотгол өрнөж байгаа энэ үед монголчуудын санааг энэ асуудал зовоохгүй байгаа шалтгаан юу вэ. Хар ухаанаар бодоход хөгжиж яваа Монгол байтугай өндөр хөгжилтэй орнууд хүртэл “би үхэхээр чи үх” гэсэн шийдвэр гаргаж байгаас харахад эдийн засгийн хүндрэлтэй энэ эмзэг үед манайд ажилгүйдэл бүр ч нэмэгдмээр юм шиг. Гэхдээ үүнийг урьдчилан олж харсан учраас өнөөдрийн хувьд хэн ч ажлын байраа алдаж, гудамжинд гарчихаагүй байгаа нь нөгөө л сүүлийн үед хамгийн буруу хэмээх тодотгол зүүгээд буй “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”.
Ядуурал буурсан уу?
Ядуурал Монголд огт байхгүй гэвэл өрөөсгөл болно. Харин тодорхой хэмжээгээр буурч байгааг дурдах нь зөв биз. Монголчуудын амьдрал сайжирч, ядуурал буурсан байдлыг гудамжинд явж байгаа машинуудаас олоод харчих. Миний мэдэхээр арван жилийн өмнө эксиль унадаг байсан нөхөр одоо жип унаад давхиж явна лээ. Таван жилийн өмнө автобусаар ирж очдог байсан ажлын нөхөр маань алхах дургүй болчихсон. Магадгүй ажил хийдэггүй, архи уудаг, хүүхдийнхээ мөнгийг хүнсэндээ хэрэглэчихдэг айлуудын хувьд амьдрал дээшлээгүй байгаа. Олдсоноо идчихдэг, өгснийг нь үрчихдэг айл өнөөдөр цөөнгүй. Тэд ажил хийж амьдралаа дээшлүүлэх сонирхолгүйдээ тэр шүү дээ. Харин амьдралын зорилготой, ажил хийж мөнгө олдог хүмүүсийн хувьд амьдрал нь ямар ч байсан жилээс жилд дээшилж байгаа нь гарцаагүй. Үнэ өслөө л гээд байна идэж, ууж эдэлж хэрэглэж байгаагаа өчигдрийнхтэйгөө харьцуулаад үз.
Монголд ажилгүйдэл 2000 онд 9.5 хувь байсан бол 2012 оноос тасралтгүй буурч 7.3 хувьд хүрээд байна. 2013 онд гадаад эдийн засаг муудсанаас Монголын эдийн засагт доголдол үүссэн. Үүнээс болж, ажилгүй иргэдийн тоо өсч, ажилгүйдэл нэмэгдэх байлаа. Харин Засгийн газар, Монголбанкны ажлын байрыг хадгалж үлдэх бодлогуудын үр дүнд ажилгүйдэл буурсан нь нэг амжилт. Нөгөө талаар ажилтай, орлоготой байж сайхан амьдрах ёстой гэсэн Засгийн газрын бодлого залуусыг ажил хийх урмаар тэтгэж байгаа бизээ. Үнийг тогтворжуулах хөтөлбөрөөр 179 мянган ажлын байр, Чингис бондоор 25 мянган ажлын байрыг хадгалж үлдсэн нь одоо хэрэгжүүлж буй төрийн бодлогын хамгийн чухал эерэг үр дүн юм. Сөрөг тал мэдээж байгаа л байх. Зарим өргөн хэрэглээний бараа үнэ өссөн, төгрөгийн ханш унасан гээд сайнгүй үр дагвар бий. Түүнийг нь нуух хэрэггүй. Гэхдээ 179 мянган хүний ажлын байрыг хадгалснаар тэдний ар гэр, үр хүүхдийг “бүсээ чангалах” асуудлаас аварсан байх. Компаниудын хувьд тавин ажилчныхаа тал хагасыг нь халах уу гэдэг хэцүүхэн сонголт хийхэд Үнэ тогтворжуулах хөтөлбөр эерэгээр нөлөөлсөн байх. Энэ бүгд Засгийн газар, Монголбанкны бодлогын нэг үр дүн гэвэл тэдэнд зулгайдсан дүгнэлт болохгүй юм. Аливаа юманд эерэг сөрөг тал хоёулаа байдаг. Гэхдээ эерэг нь илүү юу, сөрөг нь илүү юу, ингэснээр эдийн засагт ямар үр дагавар яаж авчирсан юм бэ гэдэг асуудал, холыг харсан бодлого чухал болохоос хов тойрсон, хэрүүл өдсөн маягаар юм бүхэнд хандах утгагүй. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” төгс бодлого биш. Тийм болохоороо сайнтай бас муутай ч тал бий. Сайн үр үр дагвар нь гэвэл татвар төлөгчдийн улсын төсөвт оруулах мөнгөний хэмжээ өнгөрсөн арван сарын байдлаар 80 хувьтай гарсан гэдгийг бодолцоорой. Хэрээг заавал хар гэж харах хэрэгггүй гэдэг.
Үндэсний стаститикийн хорооноос гаргасан судалгаар 2006-2010 хүртэлх онуудад улсын хэмжээнд ядуурлын түвшин 32.2хувиас 39.2 хувь хүртэл тасралтгүй өсч байсан бол одоо улсын хэмжээнд 27.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 19.8 хувьд хүрч буурсан амжилт үзүүлээд байна.
2008-2009 онуудад Монголд эдийн засгийн хямрал нүүрлэж иргэдийн худалдан авах чадвар муудан, ядуурал нилээд өсч байжээ. 2010 он гарсаар эдийн засаг сайжирсан хэдий ч ядуу иргэдийн тоо дорвитой буурч өгсөнгүй. “Эх орны хишиг” нэрээр сар болгон мөнгө тараагаад ч монголчуудын амьдрал дээшлээгүй юм. Харин ч эсрэгээрээ архидалт нэмэгдсэн байх. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газар загас барьж өгөх биш загас барих боломжийг олгосноороо олон хүнийг ажлаа алдахад хүргэсэнгүй.
Ажилгүйдлээс аварсан бодлого
Хамгийн аз жаргалтай хүн гэж хэн бэ. Өглөө ажил руугаа, орой гэр рүүгээ яардаг хүнийг хэлдэг. Ийм хүн Монголд олон. Яагаад гэвэл ажилтай байхын сайхныг тэд зүрх сэтгэлээрээ мэдэрч буй болохоор. Ажилгүйдлийн төвшинг нийт эдийн засгийн идэвхтэй хүн ам дотроо ажилгүй байгаа иргэдийн эзлэх хувиар тодорхойлдог. Манайд харин ч ажилын байр нь илүүдчихсэн. Өдрийн цалин 20 мянган төгрөгийн цалин өгье гэхээр шолдог ажлаа тасалдаг, ажилдаа дургүй, цагигй аргацаадаг, архи ууж өдрийг өнгөрөөдөг хүмүүсийг авах газар олдохгүй байна шүү дээ. Хэдэн саяын цалинтай аижлд тэнцэх мэргэжилтэн олдохгүй байгаад нэгэн танил бизнесмэн маань харамсангуй ярьж байсан. Мэргэжил, мэдлэгээрээ гологдоод байдаг юм шиг байна лээ. 2008-2011 онуудад Монголд ажилгүйдлийн түвшин дунджаар 9.5 хувь байсан бол 2012 оноос тасралтгүй уруудаж% 2012 онд 7.9 хувь, 2013 онд 7.3 хувьд хүрч буураад байна. Иргэдийн ажлын байр хадгалагдаж үлдэхийн хэрээр Монголын бизнесийн салбар хөгжиж, айл өрхүүдийн орлого өсч, хэрэглээ нэмэгдсэнээр эдийн засаг өсдөг учиртай.
Манай улсын нийт хүн амын 40 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг. 2013 оны эхний есөн сарын байдлаар нийт 42 мянга 26 хүн шинээр ажилд орсон гэсэн статистикийг Үндэсний Статистикийн Хороо гаргажээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 77 хувиар өссөн үр дүн.
“Үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк, Засгийн газар нийтдээ 3.1 их наяд төгрөгийг зах зээлд зөв сувгаар нь нийлүүлээд байгаа. Зөв гэдэг маань зүгээр тараачихсан юм биш гэсэн утгатай юм. Энд тэндээс зээлж босгоод сар болгон иргэдээ арилжааны банкинд овооруулж байгаад тараачихаж болно лдоо. Зарим улстөрчид үүнийг л хүсээд байх шиг. Гэхдээ энэ бол эдийн засагт бодит дэмжлэг болж чаддаггүй юм. Тухайлбал хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахын тулд 136 тэрбум төгрөг, шатахууны үнийг тогтворжуулахын тулд 200 орчим тэрбум төгрөг, орон сууцны барилгын нийлүүлэлтийг дэмжихэд 430 тэрбум төгрөг, орон сууцны ипотекийн зээлд 1.1 их наяд төгрөг зарцуулаад байгаа билээ.Өөрөөр хэлбэл хөтөлбөрийн чиглэлийн компаниудад бага хүүтэй зээл өгсөн нь өмнө нь байсан ажлын байрыг хадгалаад зогсохгүй, шинээр ажлын байрыг ихээхэн нэмэгдүүлжээ.Судалгаанаас харахад Чингис бонд болон Үнийг тогторжуулах хөтөлбөрийн санхүүжилтийг олгосноор нийт 204 мянган ажлын байр хадгалагдаж, 42 мянган шинэ ажлын байр бий болжээ.
“Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн үр дүнд эдийн засагт ямар эерэг үр дүн авчирсан бэ гэдгийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас харахад нэг иймэрхүү. Түүнээс хэн нэгний захиалгаар, хэлсэн үгээр нь санаанаасаа зохиогоод биччихсэн юм биш. Эдийн засагч, статистикийн судалгаан дээр үндэслэж хэлсэн дүгнэлт. Хэрэвзээ энэ хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлээгүй бол өдийд хувийн хэвшилд ажилладаг маш олон хүн ажлаасаа халагдчихсан байхыг үгүйсгэхгүй. Танд ч бас ийм явдал тохиолдох байсныг үгүйсгэхгүй. Энэ бол эргэлзээгүй болох явдал байжээ. Гэхдээ тийм зүйл болоогүй. Болох ёстой гээд зүтгээд, буртуутгаад, бүгдийг харлуудаад байгаа хүмүүст хандаж асуудах ажлаасаа халагдах гоё уу.