Хуучирсан мэдээ: 2013.11.08-нд нийтлэгдсэн

Мөнгөний үнэр-2

Төгрөгийн сулрал үйлдвэрлэгчдийг дэмждэг

Төгрөгийн ханш юунаас бүрддэг вэ?

Онолоороо бол ханш нь үнийн хэмжигдхүүний нэг хэлбэр юм. Гадаадын ямар нэг валют, жишээлбэл, нэг америк долларыг худалдан авахад хэдэн төгрөг шаардлагатайг харуулсан хэмжигдэхүүн.

Төгрөгийн ханш нь:

  • Монгол улсын гадаад худалдааны цар хүрээ (гадаад худалдааны эргэлт)
  • Монгол улсын гадаад зээлийн хэмжээ
  • Импортоор авдаг хэрэглээний гол бараа, бүтээгдэхүүний (манай нөхцөлд нефть бүтээгдэхүүн) дэлхийн зах зээлийн үнэ
  • Монголын иргэд орлогоо төгрөгийн болон валютын хадгаламж хэлбэрээр байршуулан хуримтлуулсан хэмжээ зэргээс хамааралтайгаар бүрэлдэн тогтдог.

Төв банкны зүгээс эдгээр үзүүлэлтүүдийн зохистой харьцааг харгалзуулан банк хоорондын захын арилжааг үндэслэн ханшийн түвшинг зарладаг юм.

Үйлдвэрлэл, тэр дундаа өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл байхгүйтэй адил манай улсын хувьд төгрөгийн ханш ялимгүй сулрахад импортлогчид сандралд орж, улстөрчид нь шүүрэн авч үймүүлж эхлэдэг. Өөрөөр хэлбэл, бодит хүчин зүйл дээр сэтгэл зүйн хүчин зүйл нэрмэж хүндрэл учруулдаг байдал энэ зун ажиглагдлаа.

Ханш сулрах үед экспортлогчдод таатай нөхцөл үүсэх бөгөөд гадаад валютын нэг нэгжид ноогдох төгрөгийн хэмжээ нэмэгдэх нь үйлдвэрлэгчид-экспортлогчдыг урамшуулж байдаг. Гадаад худалдааны тэнцэл маш ихээр алдагдалтай байж ирсэн Монгол улсын хувьд энэ зуны төгрөгийн ханшийн сулрал нь үйлдвэрлэгчдээ дэмжих, импортын барааг орлуулах үйлдвэрлэлд төр анхаарч, зохицуулалт хийхийг сануулсан дохио юм. Бид эдийн засгийн аливаа үйл явдлын үр нөлөөг эрүүлээр тунгааж, дараагийн алхмаа бодитойгоор төсөөлж, төлөвлөж, хийж байх нь чухал болохоос “ханш суларлаа, яанаа ийнээ бушуухан зогсоо” гэх маягийн хийрхэл, мэдэгдэл сайн үр авчрахгүй.

Төгрөгийн ханш нь эдийн засаг дахь ирээдүйн өөрчлөлт, хөдөлгөөнийг дохиолон цаашид мөнгөний эх үүсвэр, хөрөнгө оруулалт хаашаа, хэрхэн хуваарилагдахыг зааж байдаг. Өнөөгийн нөхцөлд төгрөгийн ханш нь Монгол улс үйлдвэрлэлээ хөгжүүлэх, энэ чиглэлд хөрөнгө оруулалтаа чиглүүлэхийн чухлыг зааж байна. Хэрвээ бид хүнс болон өргөн хэрэглээний бараагаа дотооддоо үйлдвэрлэдэг байвал ханшийн ямар ч өөрчлөлт эдийн засагт хүндрэл учруулахааргүй болох юм.

Монголбанк, Засгийн газар хамтран үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсний үр нөлөө нь ханшийн сулралын үед тод ажиглагдсан бөгөөд бензин шатахуун болон хүнс, өргөн хэрэглээний бараанд эрс өөрчлөлт гараагүй өнгөрсөн билээ. Гагцхүү Магнайтрейд компани гэрээний үүргээ зөрчиж, дангаараа бензиний үнийг нэмсэн явдал гарсан. Энэ нь зах зээлийн бус шалтгаантай байсан нь тэр даруйдаа тодорхой болж үнэ хэвийн хэмжээндээ очжээ. Засгийн газар нефть бүтээгдэхүүний импортыг олон эх үүсвэртэй болгох (ОХУ, БНСУ, БНХАУ г.м), импортын барааны тээврийг шуурхай болгох (Замын Үүд боомт дахь бөглөрөлийг арилгах) алхмуудыг урьдчилан хэрэгжүүлж байсан нь төгрөгийн ханш сулрах үест эерэг нөлөөлөл үзүүлж, савлагаа үүсэхээс сэргийлж чадлаа.

Монголбанк нь хуулиараа валютын ханшийг тогтмол барих үүрэг хүлээдэггүй. Нээлттэй, чөлөөт зах зээлийн зарчим үйлчилж, хөрөнгийн урсгал чөлөөтэй байгаа нөхцөлд ханшийг хатуу барих гэж оролдох нь эдийн засгийг бүхэлд нь нураахад хүргэдэг онол, хууль бий. Тэгэхээр Монголбанкны үндсэн үүрэг ньханшийг хатуу хадгалах бус харин төгрөгийн үнэ цэнийг хадгалах, төгрөгт итгэх иргэдийн итгэлийг хамгаалах юм.

Итгэлийг хамгаална гэдэг нь төгрөгийн ханшийг огцом савлуулахгүй, зах зээлийн зарчмаар аажим өөрчлөгдөх боломжийг олгохыг хэлдэг. Энэ үүргээ Монголбанк биелүүлж 2013 оны эхнээс төгрөгийн ам.доллартай харьцах ханш 20 хувиар суларчихаад ханшийн өөрчлөлтийг аажмаар өсгөсөн нь магтаж болох үр дүн мөн.1991 онд төгрөг долларын эсрэг 471 хувь унаж байснаас өөр огцом суларсан тохиолдол өнөөг хүртэл гарсангүй. Ерөнхийдөө бол төгрөгийн нэрлэсэн ханшийн хөдөлгөөн мөлхөө сулралт (crawling depreciatiөn) байдлаар явагдаж байгаа нь зах зээлийн хэвийн үзэгдэл юм. Гадаад худалдааны тэнцлээс шалтгаалсан эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагдаж ирсэн төгрөгийн мөлхөө сулралтыг Монголбанк зөв жолоодожбайгааг ОУВС-аас сайшаасан байдаг.

2013 онд дэлхийн эдийн засагт үүссэн тодорхойгүйтөлөв байдал, Хятадын эдийн засгийн царцалтаас улбааланхөрөнгийн урсгал татарч, түүхий эдийн ханш ихээхэн савалсан нь Монголын эдийн засагт доргио үүсгэж байлаа. Ийм сөрөг нөлөөлөл төгрөгийн ханшийг огцом сулруулах дарамт үзүүлсэн ч Монголбанкнаас хэрэгжүүлсэн валютын бодлогын үр дүнд ам.долларын ханш огцом савалсангүй мөлхөө сулралаа хадгалсаар 1700 төгрөгт хүрээд доошлов. Сөрөг хүчин ханшийг хүчээр барихыг шаардаж, мэдэгдэл хийж байсан ч Монголбанк улс төрийн дарамт шахалтаас ангид байж, мэргэжлийн зөвудирдлага явуулсны үр дүнд ханшийг зах зээлийн гольдролд оруулж, хяналттай болгож чаджээ.

Валютын ханш өссөний дараах байдлыг харахад шууд хохирогч байхгүй, харин импорт буурч, үндэсний үйлдвэрлэл хөгжихөд хүргэх сэтгэл зүйн болон хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдлээ.

Чингис бондын хөрөнгө валютын нөөцийг зузаатгасан төдийгүй иргэдийн төгрөгт итгэх итгэлийг хамгаалж үлдсэн нь өнөөдөр тодорхой харагдлаа. Хэрвээ Чингис бонд байгаагүй, Монголбанк мэргэжлийн ажиллаагүй бол зах зээлийн жамаараа төгрөгийн ханш навс унах байжээ.

Манай улсын гадаад валютын албан нөөц өнөөдөр 2.7 тэрбум ам.доллар байгаа нь импортын 5 сарын хэрэгцээг хангах юм. 2009 онд 500 сая ам.долларын нөөцтэй байсантай харьцуулахад одоогийн нөөц 5.4 дахин их байгаа нь сөрөг хүчний дэвэргэж яриад байгаа шиг хямралт нөхцөл байдал огт үүсээгүйг илтгэж байна.

Төгрөгийн сулралд гадаад хүчин зүйлийн нөлөөлөл

Сүүлийн таван жилийн туршид байнга өсч байсан алтны үнэ 2013 он гарсаар 20 гаруй хувиар уналаа. Алтны эрэлт багассанаар дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид хөрөнгөө алт руу бус ам.доллар луу, хувьцаа руу хөрвүүлж эхэлсэн байна. Ингэснээр ам.долларын эрэлт ихсэж, ханш чангарч, нөлөөнд нь олон орныүндэсний валютын ханшсуларчээ. Статистикаас харахад дэлхийн улс орнуудын 71 хувийнх нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцах ханш нь суларсан харагдаж байна.

АНУ-ын эдийн засаг аажим сэргэж байгаа нь долларын ханш чангарах бас нэгэн гадаад хүчин зүйл юм. Ам.долларын ханшийг илэрхийлэгч DXY индекс 7-р сард 84.45 байснааөнөөдөр 79.19 болж 6.6 хувиар чангарчээ.

Нүүрсний томоохон экспортлогч Австралийн үндэсний мөнгөн тэмдэгт ам.долларын эсрэг 15.9 хувиар суларсан байгаа нь америк долларын ханшны чангаралттай холбоотой хэмээн судлаачид дүгнэж байна.

Дэлхийн эдийн засаг сайжрах болоогүй

2008 оноос эхлэсэн даяар эдийн засгийн хямрал зогсчихоогүй байна. Элдэв таамаглал, мэдэмхийрэл, эргэлзээн дунд гайхширч суугаа хөрөнгө оруулагчид мөнгөө хаашаа хийхээ мэдэхгүй тээнэгэлзсээр…

Хөгжиж буй орнууд руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал татарч, 2013 онд гэхэд л азийн орнууд дахь гадаадын хөрөнгө оруулалт 470 тэрбум ам.доллар болж өмнөх оныхоос даруй 21.3 хувиар буурсныг илтгэх олон улсын байгууллагуудын албан ёсны статистик байна.

Энэ нь ганцхан Монголд л гадаадын шууд хөрөнгө оруулалт буураад байгаа гэх бидний мэдэмхийрэл, дүгнэлтэнд бодитой хариулт өгч байгаа хэрэг юм. Монголын эдийн засагт цутгах гадаадын хөрөнгө оруулалт буурсанд даяар эдийн засгийн нөлөөнөөс гадна Оюу толгой төслийн гол бүтээн байгуулалт дууссан хэмээх том шалтгаан бий. Ил уурхай, болон далд уурхайн үндсэн бүтээн байгуулалтууд баригдаж дууссанаар 2009-2012 онуудынх шиг их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагагүй болсон. Энэ нь хөрөнгө оруулалт буурсан нийт дүн дотор томоохон байрыг эзлэж байгаа юм. 2009-2012 онуудад Оюу Толгойн бүтээн байгуулалтад зориулагдсан хөрөнгө оруулалт их байсан нь валютын ханш сулавтар байхад нөлөөлсөн гол хүчин зүйл.

Манай улс байнга гадаад худалдааны алдагдалтай явж ирсэн. 2011 онд 1.8 тэрбум ам.доллар, 2012 онд 2.4 тэрбум ам.долларын худалдааны алдагдалтай байснаастөгрөгийн ханш сулрах нөхцөл хэдийнээ үүсчихсэн байсан.Гэвч Оюу Толгойн хөрөнгө оруулалтын ачаар валютын ханш гадаад худалдааны алдагдлын нөлөөг бууруулж байжээ.

2008-2009 оны эдийн засгийн хямралын нөлөөгөөр зэсийн үнэ 40 хувь буурахад монголын эдийн засаг дагаад 1.3 хувиар унаж байлаа. Энэ жил экспортын тэргүүлэх бүтээгдэхүүн болоод байгаа нүүрсний үнэ 31 хувиар унахад дотоод эдийн засагт доргио үүсэхээр нөхцөл байдал үүссэн. Гэвч Монголбанк, Засгийн газрын хамтарсан тэлэх бодлогын үрээр монголын эдийн засгийн өсөлт 10 хувиас өндөр байна. Арван хувийн өсөлт бол их өсөлтөд тооцогддог. Хэвийн эдийн засаг жилийн 4-6 хувийн өсөлттэй байх ёстой гэж үздэг. Харин хөгжиж байгаа, том бүтээн байгуулалт өрнүүлж байгаа эдийн засагт 6-8 хувийн өсөлт хангалттай гэх жишиг бий.

Эдийн засгийн гадаад нөхцлүүд тааруу байгаа өнөөгийн нөхцөлд хүндрэлийг даван туулахын тулд хөрөнгө оруулалтаа хумих бус тэлэх бодлого явуулж байж иргэд ажилтай, орлоготой, нийгэм хэрэгтэй, өгөөжтэй бүтээн байгуулалтуудтай үлддэг. Цөөнхийн хараал, зүхлийг хүртэх болсон Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар манай гадаад валютын нөөцийг зузаатгаж, төгрөгийн ханш огцом унахаас сэргийлэхболомжийг олгосон төдийгүй эдийн засгийн аюулгүй байдлыг хадгалж үлдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

    Төгрөгийн ханшны сулралаас ирж буй дохиоллыг бид сайн анзаарч зөв хариу үйлдэл үзүүлж чадваас монголоос үнэртэх мөнгөний үнэр улам тодорч, хөрөнгө оруулалт цутгах нь зайлшгүй юм.

Ирэх оны төсвийг чухам ийм дохиололд суурилан зохиосон тул эртхэн батлаад, ажилдаа ханцуй шамлан орох үлджээ.

Мөнгөний үнэр 1 материалыг ЭНД дарж үзнэ үү.

А.ЧАНДМАНЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж