Францын үндэсний бэлэг тэмдэг Марианнын хөргийг зоосон франк дээр хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр дүрсэлдэг уламжлалын дагуу 1979 онд Катрин Деневийг дүрсэлсэн зоос гаргаж байв. Францын киноны од, жүжигчин Катрин Денев саяхан 70 нас хүрлээ. Итгэхэд бэрх ч өнгөрсөн хагас зуунд түүний дэлгэцэнд мөнхөлсөн дүрүүд, биллбоардын мэдээ үүнийг гэрчилнэ. Катрин Денев хэдийгээр тэтгэвэртээ гарсан ч Францууд түүнийг хамгийн сайхан хатагтай гэж үздэг хэвээрээ аж.
Хэдэн жилийн өмнө ийм нэгэн явдал болжээ. Сан Себастиан кино наадмын үеэр киноны уран бүтээлчдэд зориулсан хүлээн авалт дээр Катрин Денев хүрэлцэн очжээ. Катрин Денев тэнд байсан бүх хүнийг хуйлруулан гар барьж мэндлээд, хуйлруулан гарч одохыг алмайран харж зогссон зохион байгуулагч гэнэт сэхээ авч, хатагтайд зориулж маш тансаг оройн зоог бэлтгэснийг дуулгахаар харайжээ.
Харин хатагтайг занг сайн мэддэг нэгэн зочин зохион байгуулагчид “Хатагтай Денев зогсч хоол иддэггүй юм” гэжээ. Катрин Деневийн хатан хааных шиг сүр жавхлан төрөлхийн гэмээр. Түүний “мөсөн хатан” имиж 1960-аад онд найруулагч Роман Поланскийн “Жигшил” (Repulsion), Луис Бунюэлийн “Өдөр дэлбээлэгч цэцэг” (Belle de Jour) киноны гоо үзэсгэлэнтэй ч нууцлаг амьдралтай бүсгүйн дүрээс үүдэлтэй билээ.
Францын үндэсний бэлэг тэмдэг Марианнын хөргийг зоосон франк дээр хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр дүрсэлдэг уламжлалын дагуу 1979 онд Катрин Деневийг дүрсэлсэн зоос гаргаж байв.
Харин одоо Францын хамгийн сайхан бүсгүй хэдийн 70 нас хүрчээ. Түүний хамгийн сүүлд тоглосон шинэ киноны уран бүтээлчдийн хэвлэлийн хурлын үеэр нэгэн залуу сэтгүүлч ийм насан дээр яаж ингэж сайхан хэвээр байгааг нь асуухад Катрин Денев “Тийм биш ээ. Будаг шунх л ингэж харагдуулж байгаа юм” гэж шулуухан хариулсан аж. Хатагтай худал тал зассан асуултанд амархан бууж өгөх хүн биш боловч гоо сайхны мэс заслын талаар бас хэзээ ч ам нээж байгаагүй билээ. Мөсөн хатагтай загвар өмсөгчид туранхай харагдахын тулд хоолны дэглэм барьж үзээгүй гэдэг. Тэрбээр орой хүссэнээрээ сайхан хоол идэж, сайн бургунд дарс уух дуртай.
Катрин дэлхийн II дайны сүүлчээр Парист төрсөн юм. Аав ээж хоёр нь хоёулаа жүжигчин хүмүүс байсан бөгөөд Катрин 11 настайдаа анх удаа тайзан дээр гарч үзжээ. Катрин дөрвөн охинтой айлын нэг бөгөөд тэрбээр эгч дүүстэйгээ илүү дотно өсчээ. Дайны дараа жижигхэн байранд дөрвөн хүүхэдтэй ам бүлийн амьдрал амар байгаагүй бөгөөд аав нь ганцаараа гэр бүлээ тэжээж байв. Гэвч жижигхэн байранд аз жаргал, баяр хөөр, инээд дүүрэн байжээ. 1967 онд том эгч нь автомашины ослоор өөд болсон түүнд том цохилт болсон гэдэг. Мэдээж үхэл хагацал кинон дээрхээс өөр шүү дээ. Тэр явдлын дараа Катрин Денев 17 настайдаа өөрөөсөө үе мултарсан найруулагч Рожер Вадимтай амьдрахаар гэрээсээ явсан аж. Катрин Рожер Вадимын амраг бас хэд хэдэн киноны гол дүр болсон юм. 1964 онд Катрин Жак Демигийн The Umbrellas of Cherbourg классик мюзикльд тоглосон нь түүний хувь тавиланд эргэлт авчирсан билээ. Хүмүүс түүнийг анзаарч эхэлсэн бөгөөд дараа нь Роман Поланскийн “Жигшил” (Repulsion) , Луис Бунюэлийн “Өдөр дэлбээлэгч цэцэг” (Belle de Jour) зэрэг томоохон бүтээлүүдэд үзэсгэлэнтэй, нууцлаг бүсгүйн дүрийг бүтээсэн нь мөсөн хатан хэмээх насан туршийн нэр алдрыг түүнд авчирсан юм. Катрин Денев өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд тоглосон киноны дүрүүдээс гадна гоо сайхны Шанел үнэртнийг сурталчилж, алдартай найруулагч Рожер Вадим, зурагчин Дэвид Бэйли, жүжигчин Клинт Ийствүүдтэй учир ургуулж явсан алдартан билээ.
Катрин анхны амраг өөрөөсөө 16 насаар ах найруулагч, продюсер Рожер Вадимтай нэг жил ч бололгүй салсан юм. Тэдний хүү Кристиан Вадим 1963 онд төрсөн билээ. 1965 онд Катрин Денев Британийн гэрэл зурагчин Дэвид Бэйлитэй гэрлэсэн ч 1972 онд хоёр тийш болж, найзууд болж үлджээ. Дэвид Бэйлигээс салсны дараа Катрин “Гэрлэлт бол хоцрогдсон занга” гэж хэлж байсан удаатай.
Гэвч удалгүй тэрбээр хэд хэдэн кинонд хамтарч тоглосон жүжигчин Марчелло Мастрояннитай дотносч, түүний охин Киараг төрүүлсэн юм. Гэвч хосууд 1975 онд салж, сайн найзууд байхаар тохирчээ. Марчелло 1996 онд нойр булчирхайн хорт хавдраар өөд болоход хүртлээ орны хажуу дахь Катрин Деневийн зургийг холдуулаагүй гэдэг билээ. Францын хамгийн сайхан хүүхэн гэгдэж байсан Катрин Денев Холливудын жүжигчин Клинт Ийствүүдтэй учир ургуулж явсан боловч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй юм. Катрин Денев “Эр хүний хайр сэтгэлийг унтраахгүй байх цорын ганц арга бол түүнтэй гэрлэхгүй байх” хэмээн хэлж байжээ. Түүний хамгийн удаан хайрласан хүн нь телевизийн магнат Пьерре Лескур аж. Тэд 1980-1990-ээд он хүртэл хамт байсан гэдэг. 2007 онд нууцлаг мөсөн хатан нэгэн ярилцлагадаа нэг хүнтэй дотно харилцаатай тухайгаа дурссан боловч нэрийг нь хэлэхээс татгалзсан юм. 43 настайдаа эмээ болсон Катрин одоо таван ач зээтэй аж. 2007 онд нэгэн зохиолч түүний намтрыг бичихдээ аавыг нь Германы нацистуудад долигоногч байсан мэтээр бичсэнээс болж, Катрин зохиолчийг гэр бүлийнх нь нэр төрд халдсан хэмээн шүүхэд өгчээ. Энэ явдал түүнээс ярилцлага авах гэсэн сэтгүүлчдийн дарааллыг сунжруулсан гэдэг.
Хар залуугаасаа янжуур татсан Катрин Денев сүүлийн үед тамхины хяналтын хууль чангарах болсонд бухимдалтай явдаг болсон гэнэ. Хамгийн сүүлд нэгэн хэвлэлийн хурлын үеэр түүнийг юу юугүй хайрцагтай янжуур, асаагуураа гаргаж ирээд сурамгай асаах гэхэд нь зохион байгуулагчдын нэг нь түүнд тамхи татаж болохгүй гэж эелдгээр анхааруулжээ. Мөсөн хатан ердийнхөөрөө шууд татгалзаж, торгуулийг нь төлөхийг санал болгосонд зохион байгуулагчид алмайрч хоцорсон аж. Хаана ч явсан гар барьж, мэндлэх гэсэн шүтэн бишрэгчдийг хуйлруулж орхидог Катрин Денев хүмүүс өөрийг нь хамгийн сайхан франц хатагтай гэж магтах бүрд янжуураа гартаа барин, “Жирийн л франц эмэгтэй!” гэж шулуухан хэлдэг аж. Харин хүмүүс “Гэхдээ та өөрийгөө үзэсгэлэнтэй эмэгтэй гэдгээ мэдэж байгаа шүү дээ” гэхэд “Хүмүүс тэгж хардаг байх. Зарим хүмүүс намайг одоо хүртэл “Жигшил” (Repulsion), “Өдөр дэлбээлэгч цэцэг” (Belle de Jour) киноны дүрээр төсөөлдөг. Тэр кинонуудыг хүмүүс одоо үздэг эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ энэ чинь дүр шүү дээ. Ер нь ямар хамаа байна аа. Би тэр дүрүүдийг бүтээсэн шүү дээ” хэмээжээ.
Б.ЭНХТУЯА
Холбоотой мэдээ